Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 125/ШШ2020/0027

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би М.Б-ын Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Б-д  холбогдуулан “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 35/05/48 дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Д.Б, Ховд аймгийн Жаргалант сумын иргэн М.Б бид дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна.

  1. М.Б нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах,
  2. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Д.Б-ийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 35/05/48 тоот актаар тогтоосон 434,784 төгрөгөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 217,392 төгрөгийг, үлдэгдэл 217,392 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр хувааж төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Б-д  холбогдуулан “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 35/05/48 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч М.Б нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Д.Б-ийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 35/05/48 тоот актаар тогтоосон 434,784 төгрөгөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 217,392 төгрөгийг, үлдэгдэл 217,392 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр хувааж төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Хариуцагчийн нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар М.Б-ын Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Б-д  холбогдуулан “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 35/05/48 дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б нь тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 184 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                  Г.СОНИНБОЛОР