Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 364

 

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02850 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ШУТИС-д холбогдох

 

Сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот тушаалыг, ажлаас чөлөөлсөн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19 144 832 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд бүрэлдэхүүн сургуулиудын захирал шалгаруулах сонгон шалгаруулалтад орж тэнцэн захирал Б.О-ын тушаалаар Геологи, Уул уурхайн сургуулийн захирлаар томилогдон ажиллах болсон. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар хийж гүйцэтгэн, шинээр ажил санаачилан үр бүтээлтэй хэрэгжүүлэн ажиллаж байсан. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мэдэгдээгүй атал туслах Э.Энхчимэгийг дуудаж өгсөн байдаг. Ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан талаар Захиргаа, мониторингийн газрын даргаас лавлахад Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэсэн талаар товч хэлсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр авч тушаалтай танилцахад хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр захирлын албан тушаалаас чөлөөлж, профессорын албан тушаалд томилсон байсан.

Надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10/5496 тоот албан бичгийг үндэслэсэн байдаг. Тус албан бичгийг 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч мөн өдрөө хэрэгжилт, хариуг холбогдох материалын хамт хүргүүлсэн. Дээрх албан бичгийн хэрэгжилтийг авах хугацаанд бүрэлдэхүүн сургуулийн зүгээс хариуг өгсөн. Үндэсний аудитын газрын 5/144 тоот албан шаардлагад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, биелэлтийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх, Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж, дээрх зөрчлийг дахин гаргахгүй байхыг надад бус харин Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорт даалгасан байдаг.

Төрийн өмчийн хорооноос баталж, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хооронд талбайг түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд Шинжлэх ухаан технологийн их сургууль өмчөө түрээслүүлж, ерөнхийлөн захирагчаас надад эрх шилжүүлсний дагуу би гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээнд Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын зүгээс эрх, үүрэг тусгагдаагүй гагцхүү яамнаас тавьсан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах үүргийг ректор өгсөн болно. Гэтэл талбайн түрээсийн мөнгийг авсан хэрнээ түрээслээгүй, гэрээний хэрэгжилтэд хяналт тавиагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн тухайн үед яамнаас гэрээгээр 4 хүн авч ажиллуулах чиглэл өгсөн. Би дур мэдэн 2 хүн ажиллуул гэснийг 4 болгон нэмээгүй. Тухайн үеийн яамны хэлтсийн дарга Ц.Баярхүү үүрэг өгснийг биелүүлсэн. Энэ тухай шийдвэр гаргах эрх бүхий удирдлагад тэр даруй танилцуулж байсан. Мөн энэ хугацаанд албан шаардлагад дурдсны дагуу гэрээт ажилтнуудын хийсэн ажлын тайланг нэр бүхий 4 хүн гаргаж өгсөн. Зөрчил гаргасан болохыг шалгаж тогтоосон баримт байхгүй хэрнээ 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот тушаалаар сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр ногдуулсан тул тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие улс төрийн ямар нэгэн намын гишүүн бус, сонгуульд нэр дэвшээгүй, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах хүсэлт өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 нийцэхгүй. Надтай байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх ба аль нэг тал гэрээг цуцлах санал гаргаагүй, надад мэдэгдэл өгөөгүй, би ажил үүргээ гүйцэтгэж байсан тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу дахин сунгагдаж гэрээ 2018 оны 6 дугаар сарын 30-нд дуусахаар байсан. Гэтэл хугацаа дуусгавар болсон гэж тушаалын үндэслэлийг тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрэмд тусгагдсан хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэх ажилтнуудын үнэлгээг авах хэрхэн үнэлэх арга нь өөрөө тодорхойгүй. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гараагүй байхад үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсныг эс зөвшөөрч байгаа тул ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү. Ажилгүй байсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл ажлын 92 хоногт, нэг өдрийн 208.096 төгрөгөөр тооцон нийт 19 144 832 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Б.О, Б.Ч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг 2014 оны анх байгуулж тухай бүрт сунган, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Б/228 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан. Улмаар түүнийг мэргэжлийнх нь дагуу профессорын ажилд томилсон.

Нэхэмжлэгч нь Төсвийн тухай хуулийн дагуу бүрэлдэхүүн сургуулийн төсвийн шууд захирагч бөгөөд 2 жилд нэг удаа удирдах ажилтны хувьд сонгон шалгаруулдаг зарчимтай тул гэрээг хугацаатай байгуулдаг. Дээрх Б/228 дугаар тушаалаар хоёр хүний асуудлыг шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл нэхэмжлэгчид хамааралгүй. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.14.6-д заасны дагуу ШУТИС-ийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын ажлын үр дүнг хамт олноор хэлэлцүүлэн дүгнүүлэх, зорилгоор захирлын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүн сургууль, институтын захирлын ажлын тайлангийн хурал зохион байгуулах удирдамж, хуваарийн дагуу Геологи уул уурхайн сургуулийн захирал Б.Ч-ийн тайлан хэлэлцүүлгийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, уг хурлаар дүрэмд заасны дагуу Б.Ч-ийн 2016-2017 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн ажилд тус сургуулийн хамт олны зүгээс нууц санал хураалт авахад хамт олны зүгээс хангалтгүй буюу 38.5 хувийн үнэлгээг авсан. Үнэлгээг тайлан хэлэлцүүлэх комиссоос хамт олонд танилцуулсан.

Үр дүнгийн гэрээний 5.2-т заасны дагуу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын бүрэн эрхийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх тушаал гарсан. Нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Б.Ч Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавилгүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10/5496 тоот албан бичиг ирснээр бид зөрчлийг мэдсэн. Үндэсний Аудитын газраас 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд аудит хийж, Б.Ч нь Геологи, Уул уурхайн сургуулийн 207.6 м.кв талбайг түрээслэх гэрээ хийж, 18 700 000 төгрөг Шинжлэх ухаан технологийн их сургуульд шилжүүлсэн боловч уг талбайг түрээслээгүй, гэрээнд хяналт тавиагүй, яамнаас шилжүүлсэн 18 684 000 төгрөгийн талаар ажлын тайлан гаргаагүй, яамнаас нэр бүхий 2 иргэнийг гэрээт ажилтнаар авч ажиллуулах чиглэл өгсөн байхад 4 иргэнд цалин хөлс олгосон зэрэг нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, санхүүгийн зөрчил, дутагдал гаргасан нь Үндэсний аудитын газрын 5/144 тоот албан шаардлагаар тогтоогдсон тул түүнд А/122 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Ч-ийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 825 176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч-т олгож, нэхэмжлэлээс 7 319 656 төгрөг гаргуулах 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдан, хариуцагчаас 204 153 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Б.Ч хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй түрээслэгч Боловсрол, шинжлэх ухааны яамны түрээсийн төлбөрт шилжүүлсэн 18 684 000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, зарцуулалтын тайланг гаргаагүй, мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас нэр бүхий 2 иргэнийг гэрээт ажилтнаар авч ажиллуулах чиглэл өгсөн байхад 4 иргэн авч ажиллуулан цалин хөлс олгосон зэрэг нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4-т заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Үндэсний Аудитын газрын 2016 оны 5/44 тоот албан шаардлагаар нотолсон байтал шүүх үүнийг анхаарч үзээгүй нь буруу. Хариуцагчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг болон Б.Ч-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа нь дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар "...гэрээг цаашид сунгахгүй..." үндэслэл бий болсон гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлсөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын тушаал хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх "ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэлээ нотлоогүй", профессорын ажилд томилж байгаа нь өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн үйлдэл гэсэн талуудын маргаагүй зүйлд дүгнэлтийг хийж, Б.Ч-ийг захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилсон нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч Б.Ч-ийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёс, шударга ёсны зарчимд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ч хариуцагч ШУТИС-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот тушаалыг, ажлаас чөлөөлсөн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19 144 832 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Хариуцагч байгууллага 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Ч-ийг БШУЯ, Төрийн өмчийн хороо, ШУТИС-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавилгүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлийг зааж үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг баримталжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ч 2014 онд “Геологи, Уул уурхайн сургуулийн 207.6 м.кв талбайг түрээслэх гэрээ байгуулж, 18 684 000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг талбайг түрээслэж ашиглаагүй, 2 иргэнийг гэрээт ажилтнаар ажиллуулах чиглэл өгч, цалин авсан атлаа гүйцэтгэсэн ажлын тайлан гаргаж өгөөгүй” гэх зөрчлийг гаргасан болох нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5/144 тоот Үндэсний Аудитын газрын зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10/5496 тоот БСШУСЯамны албан бичиг болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

/хх-27-28 дугаар тал/

 

Б.Ч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 2014 онд зөрчил гаргасныг 2016 онд Аудитын шалгалт хийснээр тогтоож, уг зөрчилд хариуцлага тооцуулахаар БСШУСЯам 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагад албан бичиг хүргүүлснээр нэхэмжлэгчид 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илэрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульд заасныг зөрчөөгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчилд хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 15 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасантай нийцсэн, уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Талууд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Б.Ч-ийг Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын ажил албан тушаалд томилон ажиллуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Ч-ийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс тус сургуулийн Уул уурхайн салбарын профессорын албан тушаалд ажиллуулсан үйл баримт тогтоогджээ.                                                                                                                        /хх-6, 30-33 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага Б/228 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Ч-ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрэм, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд, Авилгатай тэмцэх газрын 2017 оны “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” 05/5497 тоот албан бичиг, хөдөлмөрийн гэрээг тус тус баримталж, Б.Ч-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлийг заажээ.

 

Хариуцагч татгалзлаа 2 жил тутам сонгон шалгаруулалт явуулж захирлыг томилдог тул нэхэмжлэгчтэй тохирч хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан гэж тайлбарласан бол нэхэмжлэгч байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь буруу гэж маргасан байна.

 

Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулах болсон үндэслэл тодорхойгүй, энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар заасан ба Б.Ч-ийн ажиллаж байсан Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд ажил олгогч нь ажилтантай тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нотлогдоогүй тул хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь буруу гэх шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Түүнчлэн, ажил олгогч нь ажилтныг өөр ажилд шилжүүлсэн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталсан боловч хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар Б.Ч сонгууль болон томилолтоор өөр орон тооны ажил албан тушаалд ажиллах болсон нөхцөл байдал бий болсон гэх үндэслэл тогтоогдоогүй байтал өөр ажилд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд Б.Ч-ийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзнэ. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Б.Ч ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 тоот тушаалыг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь нэхэмжлэлийн шаардлага бус үндэслэл байх тул шийдвэрлэх шаардлагагүй болно.

 

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ч-ийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 825 176 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-т олгож, нэхэмжлэлээс 7 319 656 төгрөг гаргуулах, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 153 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ