Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1379

 

 

 

     2022            11             07                                                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч: Б.Ундрах,

хохирогч: А.Г,

шүүгдэгч: Ч.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-нд холбогдох эрүүгийн 0000000000000 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Ч-ын М /РД:000000000/,

Монгол улсын иргэн, **** оны ** сарын ***-ны өдөр ******** хотод төрсөн, ***настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, “х к-ийн үйлдвэр” ХХК-д бэлтгэх цехийн ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Овооны 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 сарын 29-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Монгол улсын өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, эдэлбэл зохих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, 

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч Ч.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан 0 дугаар хороо Тахилтын орчимд хохирогч А.Г-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь 2-3 удаа өшиглөж биед нь “баруун нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, хамар өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:                

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.М нь 2022 оны 8 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан 0 дугаар хороо Тахилтын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Г-тэй эхнэрийг нь ярьсан ярианаас болж маргалдан улмаар нүүр рүү нь цохин газар унасан хойно нь нүүрэн тус газар нь 2-3 удаа өшиглөж биед нь “баруун нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, хамар өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

               -Хохирогч А.Г-ээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/, 

               -Хохирогч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр...21 цагийн үед Сонгинохайрхан 0 дугаар хороо Тахилтад амьдардаг ажлын газрын Х гэдэг залуугийн гэрт С, Ж, Н бид нар очиж 0.75 граммын хоёр шил архи уусан юм. Тэгээд шөнийн 02 цагийн үед Х-гийн гэрээс Насаатай хамт гараад...бид хоёр замдаа явж байхдаа би гар утсаараа найз охинтойгоо ярьж байхад хажуугаас гэнэт “чи манай хайртай ярилаа” гээд миний үснээс зулгаагаад доошоо дарж байгаад нүүр лүү 2-3 удаа өшиглөхөд нүүрээ дараад доошоо суухад нүүр лүү бас 2-3 удаа өшиглөсөн. Миний эмчилгээний зардлыг М “Натул” эмнэлэгт хэвтсэн зардлыг бүрэн төлж барагдуулсан. “Натул"-ын эмчилгээний зардал хэдэн төгрөг гарсныг мэдэхгүй байна. Харин тэрнээс хойш би өөрийн мөнгөөр эмч тариа болон бусад зүйлд мөнгө зарцуулсан ба эмийн сангаас 282.100 төгрөг бусад зардал 127.000 төгрөг болсон. Би гомдолтой байна...Цаашдаа миний хамар, нүд, толгойг эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн, эмчид үзүүлээд гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан зардлыг М-гаас нэхэмжилж байна. Би 2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажилдаа яваагүй өвчтэй байна. Надад нийт 409.100 төгрөгийн баримтаас өөр баримт байхгүй. Би нэг сарын 1.500.000 төгрөгийн цалин авдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 9-р хуудас/,

               -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:  

               “...1. А.Г-ийн биед баруун нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, хамар өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

               4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ч.М-гийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд шөнийн 02 цагийн үед Г...бид хоёр Х ахын хашаанаас гараад гудамж уруудаад явж байхад Г чам дээр соортолдог хүүхэн чинь юу билээ, танай эхнэр чинь үү, надад их анхаарал халамж тавьдаг шдээ гэж хэлэхэд би яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхэд Г чи муу пизда гэхээр нь миний уур хүрээд шууд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход авахад газар унасан. Тэгэхлээр нь би нүүр лүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Мөн нуруу руу нь бас 2 удаа гараараа цохисон. Тэгтэл Г-ийн  хамар, хөмсөгнөөс нь цус гарахаар больсон...Удалгүй манай ах ирээд Г-ийг  гэмтлийн эмнэлэг рүү авч явсан ба гэмтлийн эмнэлэг дээр эмчилгээ хийлгээд маргааш нь Г-ийг  “Н” эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн...Би шүүх эмнэлгийн 12489 дугаартай дүгнэлттэй танилцсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй хүлээн зөвшөөрч байна...Би Г-ийн  эмчилгээний дардалд өөрөөсөө 1.300.000 төгрөгийг гаргасан бөгөөд баримтаараа 877.000 төгрөг байгаа. Бусад зардалд үлдсэн мөнгө орсон байгаа. Г-ийн  хамар гэмтсэн, хамрыг нь тэгшлүүлсэн эмчилгээний зардлыг нь би өөрөөсөө гаргасан байгаа. Цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг би өөрөө бүрэн хариуцах болно...Би буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байна...” гэж /хх-ийн 31-32-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/, байнга оршин суугаа хаягий лавлагаа /хх-ийн 44-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 45-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, Хиам консервийн үйлдвэр ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/, 2017.09.09-ний өдөр төрсөн М.Б, 2013.01.16-ны өдөр төрсөн М.Б, 2011.11.18-ны өдөр төрсөн М.М нарын төрсний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 48-50-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51-57-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 66-72-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр бид нар заал аваад дараа нь билльярд тоглосон. Харих гэж гарсан бөгөөд Насаа манайхтай ойр юм. Тэгсэн би найз охинтойгоо утсаар ярьж байхад чи яахаараа манай эхнэртэй ярьдаг юм гээд үсдэж дараад өшиглөсөн. Тэгээд хаяад явсан, эргэж ахтайгаа ирээд авч явсан. Одоо 15.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Толгой хатгаж өвдөөд байгаа, эмнэлэгт үзүүлэхэд хяналтад бай гэсэн. Би 9, 10 дугаар сард ажлаа хийгээгүй, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна. Хамрын хагалгаа 3.388.000 төгрөг болно, 11 дүгээр сард хагалгаанд орно. 4.500.000 төгрөг бол цалинг нэхэмжилж байна. Мөн хөмсөг, хамар хоёр сорвитой болсон, үүнийг арилгуулна. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэе гэхээр мөнгө олдохгүй байна. Бусад төлбөр нь эмчилгээ хийлгэх зардал гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.М нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12489 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Г-ийн  биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.   

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ч.М нь хохирогч А.Г-ийн  эрүүл мэндийн эсрэг халдаж гараараа цохиж унаган нүүрэн тус газар 2-3 удаа өшиглөсөн зэрэг үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул гэм буруутай үйлдэл гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.М-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч А.Г нь 15.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Тэрээр нүүр рүүгээ шүүгдэгч Ч.М-нд  өшиглүүлж, “баруун нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл учирсан бөгөөд

1/ хамрын таславчийн мэс засалд 3,388,000 төгрөгийн зардлаар орох шаардлагатай гэсэн эмнэлгийн тодорхойлолт нэхэмжлэлийг нь үндэслэн,

2/ мөн түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх болон цалингийн тодорхойлолтыг нь үндэслэн сүүлийн 3 сарын цалингаас төлсөн шимтгэлийг хасаж 3,868,637 : 3сар= 1,286,545 төгрөгийн сарын дундаж цалин байх бөгөөд өвчтэй байсан /эмнэлгийн магадлагаатай/ 16 хоногт бодоход/1,286,545:22 хоног/  өдрийн 58,615 төгрөгийн цалинг х 16 хоног = 937,851 төгрөгийн ажиллаагүй хугацааны цалинг,

3/мөн үзлэг, эмийн үнийн баримтыг нь үндэслэн 85,150 төгрөгийг тус тус хангаж - нийт 4,411,001 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Ч.М-г гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар хохирогч А.Г-д учирсан хохирол түүний гэм хорыг арилгах, нүүрэнд учирсан гэмтлийг сэргээх үүднээс төлүүлэх нь үндэслэлтэй.

Харин үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж зааснаар хохирогч А.Г-д гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Ч.М-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ч.М-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна. Дээрх төлбөрийг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгчээс хохирол төлбөрт 4.411.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэв.   

 

Шүүгдэгч: Хохирлыг нь барагдуулах гэсэн боловч хүү маань маргааш өглөө 06 цагт Дэлхийн аваргад явж байгаа. Мөнгө хайгаад олсонгүй, ажил зогссон байгаа. Арай гэж хүүгийнхээ зардлыг оллоо. Цалин гэж сард 318.000 төгрөг авч байгаа. Эхнэр бас ажилгүй байгаа гэв.

 

Хохирогч: Ажил төрлөө хиймээр байна, ажлаа хийж чадахгүй байна. Хурдан хагалгаандаа ороод ажилдаа ормоор байна. Цалингийн зээл авсан хэцүү байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ч.М-нг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.    

Шүүгдэгч Ч.М-нд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Ч.М-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдлаас нь харахад хохирогчийг хэд хэдэн удаа цохиж, газар унасан хойно нь нүүр рүү нь өшиглөх зэргээр догшин ширүүн авирласан, учирсан хохирол хор уршгийн хэмжээ ихтэй /хохирогч хагалгаанд орох шаардлагатай болсон, удаан хугацаагаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн/ зэрэг байдалтай байгаан дээр шүүгдэгч Ч.М хохирол төлбөрийг барагдуулаагүй тул түүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь тохиромжгүй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-нд , 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлаас дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

2.3. Бусад асуудлын талаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Т овгийн Ч-ын М-нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-нд  2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-гаас 4,411,001 төгрөг гаргуулан хохирогч А.Г-д олгосугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Г гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА