| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/04926/И |
| Дугаар | 00030 |
| Огноо | 2018-12-24 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Д-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.С-д холбогдох,
566,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.С-тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон сууц түрээслэх гэрээ байгуулан нотариатоор баталгаажуулсан билээ. Гэрээндээ сар сардаа мөнгөө авахаар тохиролцсон боловч удаа дараа хугацаандаа байрны түрээсээ хийхгүй буюу хугацаанаас хэтрүүлж байсан тул 2018 оны 09 дүгээр сарын 01-нд буюу гарахаас сарын өмнө байрнаас гарахаа мэдэгдсний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байраа хүлээж авсан. Байраа хүлээж авах үед Ж.С нь 3-4 хоногийн дараа байрны түрээсээ дансанд хийгээд 2018 оны 10 дугаар сарын 20 хүргээд байр ашиглалтын зардал /юнивишин, СӨХ, цахилгаан, байр/-ны мөнгөө асуудалгүй өгье гэхэд нь би зөвшөөрч итгэсэн боловч өнөөг хүртэл төлбөрөө өгөөгүй байна. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлөхийг шаардсан боловч утсаа огт аваагүй. Мессеж бичихээр хариу өгөхгүй байна. Аль болох явдал чирэгдэл багатай шийдье гээд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хараад төлбөрөө хийхгүй бол шүүхэд өглөө шүү гэж удаа дараа анхааруулж, залгаж, мессеж бичсэн боловч утсаа огт авахгүй хариу өгөөгүй тул Ж.Сгаас орон сууц хөлслүүлсний төлбөр 400,000 төгрөг, ашиглалтын зардал 143,000 төгрөг, /юнивишин 44,400, цахилгаан 16,812, СӨХ 17,500 төгрөг, байрны мөнгө 4, 9 сар, төлөөгүй нийт 64,510, наашаа цаашаа явсан бинзений мөнгө 15,500, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 566,500 төгрөгийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,645 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.С миний бие орон сууц хөлслөх гэрээг нотариатоор 2017.01.20-нд хийж, 2 сарын 01-ний өдрөөс байрандаа орсон билээ. Тухайн үед түлхүүр авахдаа түрээсийн төлбөр болох 400,000 төгрөгийг 100,000 төгрөгийг дансаар, 300,000 төгрөгийг бэлнээр өгч түлхүүрээ авсан. 2018.09.30-нд байраа хүлээлгэн өгч гарсан. Тус хугацаанд түрээсийн төлбөрийг хоцроож байсан боловч сар дамнан хоцроож байсан удаа байхгүй гэж үзэж байна. Түрээсийн төлбөрийг миний ээж П.Жүгдэрмаа нь төлдөг байсан билээ. Ашиглалтын зардлын хувьд юнивишний төлбөрийг 2017.02.23-нд 1 сарын хэрэглээний төлбөр 31,500 төгрөгийг төлсөн баримтыг НӨАТ-н баримттай хавсаргав. 2017 оны 1 сарын байрны төлбөрийг манайх төлснийг Санкомпорт ХХК-с тодорхойлолт авч баримтаар хавсаргав. 2018 оны 4 сарын байрны төлбөрийг миний дүү Ж.Энхсансар нь бэлнээр төлсөн боловч баримтаа хаяж гээгдүүлсэн учир тус компанитай төлбөрийг маргаантай байсан. Баримт шүүлгэх гэж удаа дараа очсон боловч шүүж өгөөгүй өөрсдөө баримтаа олж ир гэсэн учир төлөхөөс татгалзсан. Цахилгааны төлбөрийг Эрчим сүлжээ ХХК-иас хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг авсан нь 2017.02.02-нд төлсөн байсан нь манайх төлөөгүй гэж үзэн 9 сарын цахилгааны төлбөр болох 16,812 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Баримтаар хавсаргав. Нотариатын төлбөрийн хувьд нийт 2 удаа орон сууц хөлслөх гэрээ байгуулсны эхний төлбөрийг Д.Пунцаг төлсөн. Дараагийн төлбөрийг миний бие төлж байсан учир төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн бинзений төлбөр 15,500 төгрөгийг төлөхгүй гэж үзэж байна. Миний бие мөн адил баримт шүүлгэх гэж 7 хоног зарцуулсан байгаа гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Днь хариуцагч Ж.Сд холбогдуулан 566,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 8000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 558,500 төгрөг гаргуулахаар шаарсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 16,812 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2017 оны 01 дүгээр сарын 20, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”-ний үүргийг хангуулна гэж тодорхойлсон.
Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Орон сууц хөлслөх” гэрээ байгуулж, хөлслүүлэгч тал болох Г.Днь Хан-Уул дүүрэг, вива сити 2/6 дугаар байрны 3-4 тоот орон сууцыг нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлэх, хөлсөгч тал болох Ж.С нь нэг сарын 400,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Талууд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээг дахин нэг жилийн хугацаатайгаар сунгаж, шинээр гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байхаас гадна энэхүү үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна. /х.х-ийн 9, 29 дэх талд/
Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, зорилго хүсэл зоригийн илэрхийлэл зэрэг нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зохицуулсан орон сууц хөлслөх гэрээний агуулгад нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 9 дүгээр сарын орон сууцны хөлс 400,000 төгрөг, гурвалсан үйлчилгээний төлбөр 44,4000 төгрөг, цахилгааны төлбөр 16,812, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 17,500 төгрөг, 4, 9 дүгээр сарын байрны мөнгө 64,510 төгрөг, шатахууны зардал 15,500 төгрөг гэж тус тус тодорхойлсон.
Орон сууцны хөлс гаргуулах шаардлагын тухайд:
Талуудын тайлбараар хариуцагч Ж.С нь гэрээний зүйл болсон орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хөлсөлж, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх ба талууд тус үйл баримтын талаар маргахгүй байхаас гадна 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний 1-д “... орон сууцаа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ... хөлслүүлнэ” гэжээ.
Ийнхүү хариуцагч тал нийт 19 сарын хугацаанд гэрээний зүйлийг эзэмшиж ашигласан байх ба орон сууцны хөлсөнд нийт 7,400,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 34-41 дэх талд/
Гэрээний 2.2 дахь хэсэгт тохиролцсон орон сууцны хөлс болох 400,000 төгрөгөөр хариуцагчийн орон сууц эзэмшиж, ашиглаж байсан хугацааны нийт хөлсийг тооцоход 7,600,000 төгрөг гарч байна.
Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасан хөлс төлөх үүргийн дагуу хариуцагчаас дутуу төлсөн хөлс болох 200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагч сар бүр орон сууцны хөлсийг төлж байсан дутуу төлөгдсөн сар байхгүй гэх боловч уг тайлбар татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.
Ашиглалтын зардал гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч тус шаардлагаас цахилгааны төлбөр 16,812 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн тул үлдэх хэсэгт эрх зүйн дүгнэлт хийв.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.2 дахь хэсэгт “гэрээ байгуулж орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойшхи орон сууцтай холбоотой ус, дулаан, цахилгаан, сөх гэх мэт бусад ашиглалтын зардлыг хөлслөгч тал хариуцна” гэж тохиролцжээ.
Тус гэрээнд тохиролцсноор хариуцагч тал орон сууцыг эзэмшиж, ашиглаж байх хугацааны орон сууц ашиглалтын зардлыг хариуцах үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүрэг, вива сити 2/6 дугаар байрны 3-4 тоот орон сууцны 2018 оны 4 болон 9 дүгээр сарын төлбөр болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тус тус нэхэмжлэгч төлсөн болох нь тогтоогдож байх тул 82,010 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. /х.х-ийн 3, 6 дахь талд/
Хариуцагч талаас орон сууц болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлж байсан талаарх баримтууд нь тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цаг хугацаанд хамаарахгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Харин гурвалсан үйлчилгээний төлбөр, шатахууны төлбөрт холбогдох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул тус шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. /х.х-ийн 4, 8 дахь талд/
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ж.Сгаас 298,822 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 259,678 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Тус хэргийг хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.С-гаас 298,822 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 259,678 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 17,645 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Сгаас 9,614 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ