Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/169

 

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

Улсын яллагч Я.Д-,

            Шүүгдэгч Т.Е- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2213002680217 дугаартай, шүүгдэгч Ш.с овогт Т-ын Е-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 44/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар, мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нэмж нэгтгээд нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Ш.с овогт Т-ын Е-, регистрийн дугаар БЮ...............

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Е- нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутагт байсан Камаз загварын машин дотроос хохирогч Б.А-ийн “ВІасk view А-95” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

  1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2. Шүүгдэгч Т.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

3. Эрүүгийн 2213002680217 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Эд зүйл /гар утас/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 64-68 дахь тал/,

5. Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

6. Гэрч С.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дахь тал/,

7. Гэрч У.У-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

8. Гэрч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

9. Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн БӨА-22-0262 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,

10. Шүүгдэгч Т.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлуулав.

11. Шүүгдэгч Т.Е-аас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

12.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

13. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Е-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

14. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Хэргийн үйл баримт:

15. Шүүгдэгч Т.Е- нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутагт байсан Камаз загварын машин дотроос хохирогч Б.А-ийн “ВІасk view А-95” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

16. Эд зүйл /гар утас/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 64-68 дахь тал/,

17. Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Өлгий сумын 10 дугаар багт байрлах иргэн Т-ын хашаан дотор худ айлын залуу болох Х-ы хамт өөрийн Камаз загварын тээврийн хэрэгслээ засварлаж байгаад запас авах шаардлага гарч зах руу явсан. Явахдаа камаз загварын машин дотор өөрийн ВІаск view А-95 загварын гар утсаа үлдээгээд явсан. Запасаа аваад захаас хүрээд иртэл машин дотор үлдээгээд явсан гар утас маань алга болсон байсан. Гар утас байхгүй байхаар нь Т-аас машин дотор байсан миний гар утсыг харсан уу, хэн нэгэн авсан уу гэж асуухад чамайг явсны дараа Х-ы хамт нэг залуу ирээд явсан, тэр чиний машины хаалгыг онгойлгоод дотор нь ороод гарсан, магадгүй тэр утсыг чинь авсан байх өөр ямар нэгэн хүн ирээгүй гэсэн. Харин Х- надтай манай найз болох Т.Е- уулзахаар ирээд явсан, жаахан халамцуу ирээд намайг хамт явъя гээд байсан. Машинд ороод хэсэг сууж байгаад намайг явахгүй болохоор яваад өгсөн. Магадгүй Т.Е- авсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Т.Е-ыг хайж гэрт нь очсон боловч гэртээ байхгүй байсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоног гэрт нь уулзахаар очсон боловч гэртээ байхгүй, гэрийнхнээс нь асуухаар гэртээ ирээгүй гээд байсан. Тэгээд би гэрийнхэнд нь миний утсыг Т.Е- аваад явсан байна, холбогдох газар нь хандах болно гэж хэлээд явсан. Улмаар 10 орчим хоногийн дараа Т.Е- надтай утсаар холбогдож, би хөдөө явж байна, чиний гар утсыг надтай хамт явж байсан нэг залуу машинаас чинь аваад явчихсан байна. Би эндээс Өлгий орох таксинд тавиад явуулъя, чи аймгийн төвөөс авчихаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл явуулчих гэсэн. Орой нь 22 цагийн орчимд над руу танихгүй дугаараас залгаж өөрт чинь нэг гар утас Дэлүүн сумаас явуулсан Цамбагарав супермаркетын урдаас ирж аваарай гэсэн. Тэгээд очиход үл таних ногоон өнгийн Истана загварын тээврийн хэрэгсэлтэй, 30 орчим настай, өндөрдүү, туранхай залуу миний гар утсыг Дэлүүн сумаас нэг залуу тавьж явууллаа гэж өгсөн. Утасыг авахад миний хулгайд алдсан гар утас мөн байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай байсан бөгөөд тэрнээс хойш Е-тай холбогдоогүй. Миний гар утас алга болсноос хойш 2 хоногийн дараа Х- гэх залуу Е-тай гудамжинд тааралдсан бөгөөд гартаа 2 ширхэг андройд гар утас бариад явж байсан талаар надад хэлсэн ба нэг нь миний гар утас байх гэж бодсон. Би Гар утсаа 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “STAR PHONE” гар утас худалдааны төвөөс 685,000 төгрөгөөр худалдан авсан, ашиглаад 1 сар л болсон байсан утас юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

18. Гэрч С.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тус өдөр 15 цагийн орчим найз болох Т.Е-ы хамт Өлгий сумын 10 дугаар багт барилгын ажил хийж байсан найз нартайгаа уулзчихаад Т.Е-ы хамт Өлгий сумын 10 дугаар багт иргэн Т-ын хашааны гадна машинаа засаж байсан Б.А- дээр очсон. Улмаар түүний машиныг хамт засалцахаар болж Т.Е- тэндээс явсан чухам хаашаа явсныг нь мэдэхгүй. Тэгээд Б.А-ийн машиныг засаж байгаад миний бие гэр лүүгээ явчихсан. Гэртээ очоод цай уучхаад 40 орчим минутын дараа Б.А-аас нэг хүний дугаар авах гээд иртэл Б.А- машиныхаа хажууд байхгүй байсан. Тэгэхээр нь машин дотор нь орж суутал түүний утас нь машин дотор байсан ба гар утаснаас нь нөгөө хүнийхээ дугаарыг авах гэтэл утас нь түгжээтэй байсан, утасны кодыг нь мэдэхгүй байсан тул утсыг нь байсан газарт нь буцааж тавьсан. Энэ үед Т.Е- ганцаараа ирж намайг нэг тийшээ явчихаад ирэх үү гэсэн. Би ойлгохдоо хамт архи ууя гэх аятай юм ярьсан. Тэгэхээр нь би үгүй би чамтай хамт явах боломжгүй байна, ажилтай байна гэхэд Т.Е- явчихсан. Түүнийг явсны дараа би ч гэр лүүгээ явсан. Харин маргааш нь Б.А- над руу залгаад миний машинаас гар утас маань алга болчихсон байна. Машин засаж байгаад чамайг явсны дараа би зах руу сэлбэг авахаар явсан энэ үед өдөр нь чамтай хамт ирсэн залуу чамайг хайгаад миний машины хажууд ирээд явсан байна. Тэр залуу хэн гэх залуу вэ? миний утсыг авсан юм шиг байна гэж хэлсэн. Надтай цуг очсон залуугийн хоч нэрийг Е- гэдэг бөгөөд жинхэнэ нэрийг нь Т.Е- гэдэг гэж түүнд хэлсэн. Удалгүй Б.А- манай гэрт Шаймурат гэх залуугийн хамт ирээд Е- миний утсыг авсан бололтой гэрт нь очсон чинь Т.Е- гэртээ байхгүй байна, чи нэг олж уулзаад хэлээд үзээч, миний утсыг авсан бол түүнээс авч өгч тус болооч гэхээр нь би за тэгье гэсэн. Би тэрнээс хойш Т.Е-тай холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй. Дараа нь 20 орчим хоногийн дараа Б.А-тэй уулзахад надад утсаа олж авлаа гэж байсан бөгөөд хаанаас олж авсан талаар надад хэлээгүй, би ч асуугаагүй. Т.Е- нь намайг байхад л ирээд явсан. Б.А-ийн машинд огт суугаагүй. Хэрэв Б.А-ийн гар утсыг Т.Е- авсан бол намайг явсны дараа дахин ирж авсан байх.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дахь тал/,

19. Гэрч У.У-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Дэлүүн-Өлгий-Дэлүүн сумын чиглэлд 2022 оны 8 дугаар сарын дундуур таксинд явах үед Е- нь андройд загварын нэлээд том гар утсыг өгч, та энэ утсыг аваад яваач Өлгийд очихоор нэг хүн танаас очоод авна, би таны дугаарыг авах хүнд өгчих учир тань руу холбогдоод авчих байх гэж хэлсэн. Би таксинд явахдаа дайвар ачаа тээш авч явдаг бөгөөд утсыг авч Өлгийд ирээд Цамбагарав дэлгүүрийн хажууд явж байхад танихгүй дугаараас залгаж Дэлүүн сумаас танд гар утас өгч явуулсан уу гэж асуухад Е-гийн өгч явуулсан гар утас байна гэж бодоод Цамбагарав дэлгүүрийн хажуу талаас ирээд ав гэхэд удалгүй ирээд авсан. Би гар утасны загвар болон өнгийг хэлж мэдэхгүй байна. Е- нь тус гар утсыг ямар шалтгаанаар надад өгч явуулсныг мэдэхгүй байна. Өлгийд очихоор авах хүн нь тань руу яриад авчих юм гэхээр нь л аваад явсан, залгаад авъя гэсэн хүнд нь хүлээлгэж өгсөн болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

20. Гэрч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын эхээр санагдаж байна Б.А- нь 11 цагийн орчимд манайд ирж машиндаа зарим нэг газруудад гагнуур хийлгэсэн, гагнуур хийх явцад захаас зарим нэг сэлбэг авах шаардлага гарсан тул Б.А- зах руу явсан. Тэр үед манай хашааны гадна түүний машин эзгүй үлдсэн, түүнийг зах руу явсны дараа хар хөх өнгийн машинтай нэг залуу ирээд машинаас бууж Б.А-ийн машины хаалгыг онгойлгон орж суугаад төд удалгүй буугаад өөрийнхөө ирсэн машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд удалгүй Б.А- ирж миний машины дотор байсан гар утас байхгүй байна, та анзаарсан уу? намайг зах явах хойгуур хэн нэгэн миний машинд суусан, гар утас авсан эсэхийг анзаарсан талаар асуусан. Би тэгэхээр нь түүний машинд суугаад буусан залуугийн талаар хэлж өгсөн. Би Б.А-т машинд гагнуур хийж байхад халамцуу ирээд чамтай уулзсан залуу утсыг чин авсан байх гэж хэлсэн. Улмаар 2022 оны 9 дүгээр сард Б.А- над руу залгаж ахаа таны хэлсэн залуу миний гар утсыг хулгайлсан байна, утсаа буцааж авсан талаараа утсаар ярьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

21. Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн БӨА-22-0262 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,

22. Шүүгдэгч Т.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Т.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

23. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

24. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

25. Шүүгдэгч Т.Е- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

26. Шүүгдэгч Т.Е-ы үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж бусдын гар утсыг хулгайлж, иргэн Б.А-т 550.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

27. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-т учирсан хохирлыг биет байдлаар буцааж хүлээлгэж өгсөн нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

28. Шүүгдэгч Т.Е- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

30. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

31. Шүүгдэгч Т.Е- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

32. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

33. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг Т.Е-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

35. Шүүгдэгч Т.Е- нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 53 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоол, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 44/А дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 55-63 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.  

36. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

37. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.

38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.

39. Шүүгдэгч Т.Е- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдах нь зүйтэй.

40. Шүүгдэгч Т.Е-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.с овогт Т-ын Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Т.Е- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Т.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.ДАУРЕНБЕК