Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Акраны Дауренбек |
Хэргийн индекс | 161/2022/0166/Э |
Дугаар | 2022/ШЦТ/162 |
Огноо | 2022-11-03 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/162
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Б-ын А-т холбогдох эрүүгийн 2213002910223 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ жолооч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Е овогт Б-ын А-, регистрийн дугаар БЮ....................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн А.Н-ын гээгдэл эд хөрөнгө болох “Sumsung Galaxy А13” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч А.Н-т 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байн, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
3. Эрүүгийн 2213002910223 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Иргэн А.Н-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,
5. Мобиком корпораци ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/9000 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 07 дахь тал/,
6. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,
7. Эд зүйл /гар утас/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-25 дахь тал/,
8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,
9. Хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 44-45, 48-49 дэх тал/,
10. Иргэний нэхэмжлэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 х, 59-60 дахь тал/,
11. Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-22- )272 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 66-70 дахь тал/,
12. Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
13. Шүүгдэгч Б.А-ээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
14. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
16. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
17. Хэргийн үйл баримт:
18. Шүүгдэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн А.Н-ын гээгдэл эд хөрөнгө болох “Sumsung Galaxy А13” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч А.Н-т 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
19. Иргэн А.Н-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,
20. Мобиком корпораци ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/9000 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 07 дахь тал/,
21. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,
22. Эд зүйл /гар утас/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-25 дахь тал/,
23. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,
24. Хохирогч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 11 цаг 40 минутын орчимд Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гэрээсээ гараад Цахилгаан шугам сүлжээний газрын урд талын таксины зогсоолоос таксинд суусан. Тус такси нь 30-20 БӨҮ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Би тус таксинаас Тирлик захын хажууд байрлах Дөл дэлгүүрийн хажууд буусан бөгөөд миний гар утас байхгүй байсан. Би тээврийн хэрэгслээс буухаас өмнө би хөрш болох Х-ын 94603385 дугаар луу залгаж ярьсан. Тэгээд таксины мөнгө 2000 төгрөг өгөх гэж байх үедээ суудал дээр тавьж байсан. Буугаад эргэтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд тус жолоочоос очоод асуутал ямар нэгэн гар утас байгаагүй, би аваагүй гэж хариулсан. Миний гар утас нь Sumsung Galaxy А13 загварын гар утас нь цайвар цэнхэр өнгийн гар утас байсан. Ардчилсан намын байрны доод талд шинээр нээгдсэн гар утасны дэлгүүрээс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утсанд ямар нэгэн сэв зураас байгаагүй, харин шилэн наалт нь бага зэргийн зураастай байсан. Гялгар, өнгөгүй гар утасны гэртэй байсан. Би өөрт учирсан хохирлыг 630.000 төгрөгөөр үнэлж байна.” “...Миний гар утас хэвийн ажиллаж байгаа юм байна. Зөвхөн доторх мэдээллүүдийг устгасан байна. Өөрөөр бол ямар нэгэн гэмтсэн, эвдэрсэн зүйл байхгүй байна. Ажиллагаа нь хэвийн юм байна. Энэ хэргийн улмаас надад гар утасны үнэлгээ гаргуулсан 20,000 /хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан. ...Миний бие А-ээс үнэлгээ гаргахад төлсөн гэх 20.000 төгрөг болон сим карт сэргээлгэхэд төлсөн 6000 төгрөг, нийт 26,000 төгрөгийг бэлнээр авсан болно. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 44-45, 48-49 дэх тал/,
25. Иргэний нэхэмжлэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.А-ээс 100,000 төгрөгийг бэлнээр хурааж авсан тул надад цаашид А-ээс нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. ...Би Gаlаху А13 загварын 354882176540071, 356114326540076 гэх имей кодтой гар утсыг ашиглаад 15-20 хоног болж байна. Уг гар утсыг би хамаатны дүү болох Б.А-ээс авсан. 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр Б.А- нь манай гэрт ирсэн. Тухайн үед А- цэнхэр өнгөтэй “Gаlаху А13” загварын гар утас гаргаж ирсэн. Тухайн үед надад ямар нэгэн гар утас байгаагүй учир А- уг гар утсыг надад өгсөн юм. Би тухайн үед А-т юм аваарай хэмээн 100,000 /нэг зуун мянга/ төгрөг өгсөн. Тухайн үед уг гар утсыг гээгдүүлсэн утас гэж мэдээгүй. Б.А- энэ талаар надад хэлээгүй. Гар утсыг авах үед ямар нэгэн эвдрэл, гэмтэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53, 59-60 дахь тал/,
26. Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-22-0272 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 66-70 дахь тал/,
27. Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
28. Эрх зүйн дүгнэлт:
29. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
30. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-22-0272 дугаартай дүгнэлтээр “Sumsung Galaxy А13” загварын гар утас нь 540,000 төгрөг” үнэтэй болохыг тогтоосон байх тул шүүгдэгч Б.А- нь бусдын гээгдэл хөрөнгийг завшсаны улмаас 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Б.А-ийн гэмт үйлдлийн улмаас учирсан 530.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээний хохирол болох гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох гурван зуун мянгаас дээш байна.
32. Шүүгдэгч Б.А- нь тухайн “Sumsung Galaxy А13” маркийн гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, хохирогчийн гээгдэл хөрөнгийг өөрөө дур мэдэн эзэмшилдээ авч, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг бүрэн хангаж байна.
33. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааж, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, баталгаажуулсан байна.
34. Гэтэл шүүгдэгч Б.А- нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж хохирол учруулсан нь тогтоогдож байна.
35. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан ойлгож байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Б.А-ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
36. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт, хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
37. Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
38. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
39. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
40. Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-22-0272 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-70 дахь тал/-ээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.А- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 530000 төгрөгийг төлж өгч, хохирогчийг хохиролгүй болгосон тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
41 Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
42. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
43. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К.Батырбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.А-ээс 100,000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх” дүгнэлтийг,
44. Шүүгдэгчийн Б.А-ээс “...Торгох ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан болно.
45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
47. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
47. Шүүгдэгч Б.А- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/-аар тогтоогдож байна.
49. Шүүгдэгч Б.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
50. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг Б.А-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
51. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан yасанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
52. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм.
53. Шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
54. Шүүгдэгч Б.А- нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
55. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч Б.А- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
56. Шүүгдэгч шүүгдэгч Б.А-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
57. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овогт Б-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого болох 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Б.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК