Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00035

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Б-н нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 106,419,066 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим, түүний өмгөөлөгч Э.Билгүүн, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Б 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 35,740 ам.доллар Б.Эт зээлж, хоорондоо зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. 2015 ны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Э нь Р.Бод зээлээ 2015 ны 7 дугаар сарын 25-ны өдөр барагдуулна гэж бичиг бичиж өгч, зээлийн гэрээг 1 жил, 15 хоногоор сунгасан. Гэтэл зээлдэгч Б.Э одоог хүртэл зээлийн төлбөрөө огт төлөөгүй.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасны дагуу бичгээр зээлийн гэрээний хугацааг сунгасан бичгийг үндэслэн 2015 ны 7 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкны зарласан ханш Америк доллар 1985.06 байх тул үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож зээлийн үндсэн төлбөр 70,946,044 төгрөг байхаар байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасан.

Мөн Зээлийн гэрээний 3 дахь хэсэгт “Зээлдэгч нь зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заасны дагуу зээлдэгч Б.Эаас нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 35,473,022 төгрөгний алданги нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангахаар иргэн Л.Дариймаагийн нэр дээрх нэгж талбарын 18681310157342 дугаар бүхий, 000473839 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн Г.Болортунгалагийн нэр дээрх нэгж талбарын 18631310133332 дугаар бүхий, 000473855 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн Ц.Ганболдын нэр дээрх нэгж талбарын 18631310102306 дугаар бүхий, 000473858 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн Л.Бадамгаравын нэр дээрх нэгж талбарын 18631310095343 дугаар бүхий, 000473857 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн Э.Нандин-Эрдэнэ нэр дээрх нэгж талбарын 18631310096328 дугаар бүхий, 000473856 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг тус тус барьцаалж, талууд барьцааны гэрээ байгуулсан.

Гэтэл газрын эзэмшигчид нь газрын гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэх шалтгаанаар шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан байна.

Иимд Иргэний хуулийн 281 дүгээр сарын 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хулээнэ” гэж заасны дагуу Б.Э зээлийн төлбөрийг хугацаанд буцаан төлөх үүрэгтэй тул зээлийн төлбөрт 70,946,044 төгрөг, алданги 35,473,022 төгрөг нийт 106,419,066 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Уг нэхэмжлэлийн анх харицагч Б.Эын иргэний үнэмлэх дээрх хаягийн дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан боловч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 сарын 17-ны өдрийн 102/Ш32018/09911 тоот захирамжаар хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Улмаар Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Эыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн дагуу тус 183/ШШ/2018/01795 тоот шүүхийн шүүгчийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахаар даалгаж, оршин суух хаягийг нь олж тогтоосон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э би 2014 оны 05-р сарын 09-нд өөрийн садангийн ах Ч.Цогтбаяраас мөнгө өгөх боломж байна уу гэхэд тэрээр өөрөөсөө мөнгө гаргаж өгнө гэхдээ чи Бямбацогттой гэрээ байгуулчих гэж дээрх гэрээг би Р.Бтой байгуулж гарын үсэг зуран баталгаажуулсан.

Нэхэмжлэгч Р.Б нэхэмжлэлдээ “2015 оны 06-р сарын 25-ны өдөр Б.Э нь Р.Бод зээлээ 2015 оны 07-р сарын 25-ны өдөр барагдуулна гэж бичиг хийж өгч, гэрээг 1 жил 15 хоногоор сунгасан” гэжээ. Анх мөнгө зээлсэн гэрээний асуудлаар бид дахин уулзаагүй бөгөөд би Р.Бод зээлээ төлж барагдуулах талаар ямар нэг бичиг хийж өгөөгүй, гэрээг сунгаагүй болно.

Би садангийн ах буюу манай эхнэрийн аавын төрсөн дүү Ч.Цогтбарт анх 2005 онд “Элгэн” XXКомпаниа байгуулахад нь эхлэлтийн хөрөнгө болгож 8 сая төгрөг өгч байсан мөн 2011 онд БНСУ-д геологи хайгуулийн өрөм захиалаад Монгол руу ачуулах гэж байтал Цогтбаяр ах надтай Сүхбаатарын талбай дээр уулзаж “ах нь энэ өрмийг чинь мөнгийг нь төлөөд авъя Энержи Ресурстэй гэрээ байгуулчихсан чинь өрөм байдаггүй алдагдалд орох гээд байнаа, ах нь өрөмдлөгийн ажлын ашгийн 30 хувийг cap болгон тооцож өгч байя” гэсэн. Тэгэхээр би гэрээ хийе гэтэл ахдаа итгэхгүй байгаа юм уу гэхээр нь би гэрээ хийгээгүй аман гэрээ болоод өнгөрсөн. Тэр өөрийн аман гэрээгээр амласан өрөмдлөгийн ажлын 30 хувийг өгөөгүй. Тэр өрөм 160 сая воннын үнэтэй байсан. Би тэр өрөмөө оруулж ирээд зарсан бол тухайн үедээ 220 мянган долларааар зарахаар тохирчихсон байснаа хамаатан садны холбоогоо бодоод ахын гуйлтыг биелүүлсэн. Тэр үед өрөмдлөгийн ажил их, тэгээд бас үнэлгээ өндөртэй ашиг ихтэйгээс гадна өрөм ховор байсан.

Ийм болохоор би Цогтбаяр ахаас дээр дурдсан байдлаар түүнд мөнгө төгрөг техник тоног төхөөрөмжөөр тусалж байсан болохоор түүнээс мөнгөний авлагатай гэж бодож мөнгө өгөөч гэж гуйсан (ер бол би түүнээс өрөмдлөгийн ажлын хөлсний авлага болох мөнгөө эргүүлж өгөөчээ гэж хэлсэн) гэтэл тэр намайг Р.Бтой зээлийн гэрээ байгуулчих чи бид хоёр дараа нь учраа олно биз гэж хэлсэн болохоор нь би дараа нь асуудал гарахгүй юм байна гэж бодоод гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Р.Б нь Ч.Цогтбаяр ахын “Элгэн” ХХК-д түүний туслахаар ажилладаг.

Ийм болохоор би Р.Бод зээлийн төлбөрийн өргүй юм. Иймээс Р.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Монгол Банкны гэрээ байгуулсан үеийн буюу 2014 оны 05-р сарын 09-ний өдрийн ханшийн лавлагааг тайлбартаа хавсаргасан болно гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 106,419,066 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигч талууд 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 35,740 ам долларыг 2 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан нотаритаар гэрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 36 дахь талд/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигчдын хооронд байгуулсан тус зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 70,946,044 төгрөг, гэрээгээр тохиролцсон алдангид 35,473,022 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч тал татгалзалын үндэслэлээ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч өөрийн хамаатны ах Ч.Цогтбаяраас тухайн мөнгийг авсан, нэхэмжлэгч Р.Боос мөнгө зээлж аваагүй гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоог “зээлдүүлэгч нь  зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх”, “зээлдэгч нь  шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг” харилцан үүсгэхээр тохиролцсон  байх агуулгаар зохицуулсан байна.

Хариуцагч бичгээр байгуулсан гэрээнд илэрхийлсэн хүсэл зоригийг үгүйсгэхдээ мөнгийг өөр этгээдээс хүлээн авсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар энэхүү үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзалаа хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд тус зээлийн гэрээний агуулга, зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зориг зэргээс дүгнэн үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ байгуулагдаж, талуудад үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэгт Б.Эын өөрийн хүсэлт болно гэх гараар бичсэн баримт авагдсан байх ба тус баримтад“... Цогтбаяр ахаас авсан зээлээ 2015.07.25 өдөр гэхэд өглөг болох 70,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэжээ.

Тус баримтаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж, хариуцагч тал тус баримтыг өөрийн гараар бичсэн эсэхтэй маргаагүй бөгөөд Ч.Цогтбаяраас авсан мөнгөө буцаан төлөх агуулгаар илэрхийлсэн гэж тус тус тайлбарласан.

Хариуцагчийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг Р.Бтой байгуулаагүй Ч.Цогтбаяртай байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзсэн тул тус баримтыг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамааралтай, уг зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна. /х.х-ийн 32 дахь талд/

Тодруулбал, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн оршин суух хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж байсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. /х.х-ийн 5 дахь талд/

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн дагуу зээлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зохицуулснаар 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкны ам долларын төгрөгтэй харьцах ханш болох 1985.06 төгрөгөөр тооцож, /35740х1985.06/ 70,946,044 төгрөгийг нэхэмжилсэн./х.х-ийн 33 дахь талд/

Хуульд мөнгөний ханш өссөн буурсан бол төлөх өдрийн бус үүрэг үүсэх үеийн ханш буюу гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцохоор зохицуулсан тул 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкны ам долларын төгрөгтэй харьцах ханш болох 1808.90 төгрөгөөр тооцож /35740х1808.90/ 64,650,086 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /х.х-ийн 57 дахь талд/

Талуудын байгуулсан гэрээний 3-т “зээлдүүлэгч нь зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 70,946,044 төгрөгөөр тооцон 35,473,022 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэдийгээр гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зохицуулсан “анзын хэмжээ илт их байх”, “хэргийн нөхцөл байдлыг харгалзан” анзын хэмжээг багасгах гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийх нь зүйтэй.

Зээлийн гэрээний мөнгийг буцаан төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.

Зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс шаардах боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Ийнхүү хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсээр байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь эрхээ үнэнчээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна.

Тус үндэслэлээр үндсэн үүрэг болох 64,650,086 төгрөгийн 50 хувь болох 32,325,043 төгрөгийг алдангид тооцохоос Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар тус хэмжээг 50 хувиар багасган хариуцагчаас алдангид 16,162,521 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Эаас 80,812,607 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Бод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25,606,459 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй тул хэрэгт авагдсан барьцааны гэрээ болон холбогдох баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав. /х.х-ийн 7-31, 37-38 дахь талд/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Эаас 80,812,607 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Бод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25,606,459 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 690,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 562,013 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Бод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ЭНХЖАРГАЛ