| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/04950/И |
| Дугаар | 3 |
| Огноо | 2018-12-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 3
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М.Д” ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-д холбогдох,
2,507,476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболд, нарийн бичгийн дарга Ө.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М.Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Д.М нь М.Д ХХК-ийн МД: 105 салбар дэлгүүрийн чихрийн худалдагчийн албан тушаалд 2018.01.01-ний өдөр томилогдож хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан. Гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаал, 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын дагуу МД-105 салбар дэлгүүрт хяналтын тооллого явуулсан ба Д.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хариуцлага алдаж 2,797,476 төгрөгийн дутагдал гаргасан болох нь илэрсэн.
Ингээд Д.Мд хяналтын тооллогоор гарсан дутагдлыг танилцуулж түүнтэй сайн дурын үндсэн дээр төлбөр барагдуулах гэрээг байгуулж 19 сарын хугацаатай, сард 145,000 төгрөг төлөхөөр график гаргасан. Энэхүү гэрээний дагуу Д.М нь 145,000 төгрөгийг 2 удаа төлж барагдуулсан ба үлдэх 2,507,476 төгрөгийг төлөхгүйгээр байгууллагыг хохироож байна. Иймд Д.Мядагдариас төлбөр барагдуулах гэрээний дагуу 2.507,476 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Д.М2018.05.23-ны өдрөөс хойш 290,000 төгрөг төлсөн. Чихрийн 3 худалдагч байсан, нярав агуулахаас чихрийг худалдааны зааланд оруулдаг байсан. Худалдагч тус бүрд чихэр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулдаггүй байсан, хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Д.Миар 2,797,476 төгрөг төлүүлэх болсон тооцооллыг би сайн мэдэхгүй байна, нягтлан бодогч л уг тооцоог гаргаж өгсөн ...” гэв.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2017 оны 7-р сарын 22 нд “М.Д” ХХК-ийн МД-105-p салбарын чихрийн худалдагчийн албан тушаалд гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр томилогдож хөдөлмөрийн болон эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан юм. 2018 оны 1-р сараас 2018 оны 6-р сарын 04 өдөр хүртэл ажиллахдаа 1,908,209.0 төгрөгийн цалин авсан нь сард дунджаар 381,641 төгрөг болж байна. Би ажиллах хугацаандаа өдрийн 8-16 хооронд ажиллахаар гэрээ байгуулсан боловч 7 хоног бүр 22-23 цаг хүртэл буюу илүү цагаар байнга ажиллаж байсан. Энэ нь цаг бүртгэх цахим бүртгэлд байх ёстой. Цалин амьдралд хүрэлцдэггүй байсан учраас хөдөө байгаа аав, ээжээсээ байр, хоол, унааны зардлыг авдаг байсан. Би хууль, дүрэм, гэрээний заалт бүрийг огт ойлгоогүй, ажилд орохоос өмнө ажил хийж байгаагүй зэрэг учир шалтгааны улмаас гэрээнд гарын үсэг зурсан, миний шууд удирдах дээд албан тушаалтны үүргийг шууд биелүүлж байсан минь алдаа болсон байна гэдгийг гүнээ ухамсарлаж байна. Амаар мэдэгдээд байсан болохоос бичгээр падаан бичиж өгнө гэж сайн ойлгоогүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний тухай анхны ойлголт ч надад байхгүй. Намайг нэг цаасан дээр гарын үсэг зур гээд зуруулсан би 270,000 төгрөг гэж ойлгоод зурсан. Дараа нь 2,700,000 төгрөг гэдгийг ойлгосон юм. Надаар төлүүлэх төлбөр болох 2,797,476.0 төгрөгийн үнэ бүхий барааны нэр төрөл, тоо ширхэг, түүнийг дутаасан болохыг нотолсон баримт байхгүй байна. Тооллого хийхэд би байгаагүй, гарын үсэг зураагүй. Өөрөө байж байгаад тооллого явуулах ёстой гэж зөвлөсөн. Цалингийн оронд хугацаа дууссан бараа өгдөг байсан, тэр бараа нь миний хариуцаж байсан бараанаас яаж тооцогддог байсныг би сайн ойлгохгүй байна.
2017 оны 7 сараас чихрийн худалдагчаар ажиллаж байсан талаар маргаан байхгүй. Чихрийн 3 худалдагч байхад Д.Мьд 2,797,476 төгрөг хариуцуулсан нь ойлгомжгүй байна. Бараа хүлээлгэн өгсөн баримт байхгүй, дутаасныг нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М.Д” ХХК хариуцагч Д.Мд холбогдуулан “2018.05.23-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 2,507,476 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч тал “барааг Д.Мд хүлээлгэн өгсөн баримтгүй, 3 худалдагч байхад хэрхэн хуваарилсан нь тодорхойгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Д.М “М.Д” ХХК-д 2017 оны 7 дугаар сараас чихрийн худалдагчаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1302 дугаартай ажлаас халах тухай “М.Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар чихрийн худалдагчийн үүрэгт ажлаас халагджээ.
“М.Д” ХХК Д.Мтай 2018.01.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2018.01.01-ний өдрийн “М.Д” ХХК болон Д.М нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна”
Талуудын хооронд байгуулагдсан “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний 3.1.3-т “ажилтан .....хариуцсан эд зүлйээ, үрэгдүүлэх, дутаах... зэргээр хохирол учруулбал уг хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцаж байгууллагыг хохиролгүй болгоно” гэж тус тус заасны дагуу “М.Д” ХХК 2018.01.01-ний өдрийн “М.Д” ХХК болон Д.М нарын хооронд байгуулагдсан “хөдөлмөрийн гэрээ”, “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний дагуу шаардах эрхтэй байна.
2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-ны өдөр “М.Д” ХХК-ийн 105-р салбарт хяналтын тооллого явуулахад Д.Мядагдарийн ажиллаж байсан чихрийн тасагт хугацаа дууссан бараа 2,433,720 төгрөг, авч үлдсэн 681,268 төгрөг, хий тоолсон 1,153,778 төгрөг, буруу тоолсон 45,240 төгрөг, шалтгаан тодорхойгүй алга болсон 402,469 төгрөг, кассаар код зөрж гарсан 293,229 төгрөг, хулгайд алдагдсан 20,200 төгрөг, нягтлан бодогчийн алдаанаас дутсан 106,250 төгрөг, орлого дутуу авсан 289,050 төгрөг, код зөрүүлж тоолсон 188,950 төгрөг, нийт 5,613,794 төгрөгийн дутагдал гарсан ,
2018 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр “М.Д” ХХК-ийн 105-р салбарт хяналтын тооллого явуулахад Д.Мядагдарийн ажиллаж байсан чихрийн тасагт хугацаа дууссан бараа 1,171,550 төгрөг, шалтгаан тодорхойгүй алга болсон 10,960 төгрөг, орлого дутуу авсан 53,050 төгрөг, чанараа алдсан 339,400 төгрөг, нярвын алдаа 83,020 төгрөг, нийт 1,657,980 төгрөгийн дутагдал тус тус гарсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан МД-105 салбарт хийгдсэн хяналтын тооллогын тайлангуудаар тогтоогдож байна. /хх- 54-79/
Чихрийн худалдагч нарт “чихрийн хугацаа дууссан”, “чанар алдагдсан” “нягтлан бодогчийн алдаа” зэргээс шалтгаалсан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлгүй буюу ажил үүргийн хуваарьт нь хамааралгүй, ажил олгогч, нягтлан бодогч нар өөрөө хариуцахаар байна.
Иймд 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-ны өдрийн тооллогоор дутагдсан хугацаа дууссан бараа 2,433,720 төгрөг, нягтлан бодогчийн алдаа 106,250 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 26-ны тооллогоор дутагдсан хугацаа дууссан бараа 1,171,550 төгрөг, чанараа алдсан 339,400 төгрөг, нийт 4,050,920 төгрөгийг чихрийн худалдагч нар хариуцах үндэслэлгүй.
М.Д” ХХК-ийн 105-р салбарт 2018 оны 1 сарын 1-ний өдрөөс хойш чихрийн худалдагч Д.М, Н.Энхцэцэг, Ж.Айжан нар ээлжээр ажилладаг байсан, агуулахаас нярав Ж.Ганчулуун чихрийг хүлээн авч худалдааны зааланд оруулж чихрийн тасагт байрлуулдаг байсан, чихрийн худалдагчаар ажиллаж байсан Д.М, Н.Энхцэцэг, Ж.Айжан нар ээлжид гарч байх үед тасагт өгсөн чихрийг хүлээн авахдаа баримт үйлддэггүй байсан болох нь зохигчийн тайлбар, “М.Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.01.01-ний А/01 тоот тушаал, түүний хавсралт зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй./хх-11-12/
Дээрхээс дүгнэвэл Д.М, Н.Энхцэцэг, Ж.Айжан болон нярав Ж.Ганчулуун гэсэн 4 ажилтны хэнээс шалтгаалж 3,220,854 төгрөгийн дутагдал гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй боловч тооллогоор нийт дутагдсан 7,271,774 төгрөгөөс чихрийн худалдагч нарын хариуцах үндэслэлгүй 4,050,920 төгрөгийг хасвал 3,220,854 төгрөгийг нярав, чихрийн худалдагч нар дутаасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нярав болон чихрийн худалдагч Д.М, Н.Энхцэцэг, Ж.Айжан нарын 4 ажилтан дээр дурдсан 3,220,854 төгрөгийн барааны дутагдлыг хариуцуулахад 1 ажилтанд 805,213 төгрөг ногдож байна. Д.Мядагдарийн төлбөл зохих 805,213 төгрөгөөс төлсөн 290,000 төгрөгийг хасвал 515,213 төгрөгийг төлөх үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан 2018.05.23-ны өдрийн 2,797,476 төгрөгийн /хх-3/ тооцооллыг тайлбарлаж чадаагүй ба чихрийн худалдагч Д.Мд хүлээлгэн өгсөн барааны жагсаалт байхгүй байхад хэрхэн 2,797,476 төгрөгийг төлүүлэхээр тооцоо гаргаснаа нотлож чадаагүй тул уг баримтыг үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Д.Мядагдариас 515,213 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М.Д” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,992,263 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Мядагдариас 515,213 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М.Д” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,992,263 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мядагдариас 16,106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М.Д” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ