Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1637

 

 

 

 

 

 

 

 

  2022         11          07                                   2022/ШЦТ/1637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Я.Болортуяа,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт О.Д-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто завсарчин мэргэжилтэй, “.........., ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот, ..............тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял  шийтгүүлсэн.

 

......... овогт О. Д РД:УК999999.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч О.Д нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-595 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Наран билэг Гүваараа” ХХК-ийн хашааны үүдэнд өөрийн эзэмшлийн Портер маркийн 58-90 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг засч байхдаа хохирогч С.Г-тэй хашааны үүд чөлөөлөх талаар маргалдаж, улмаар С.Г-тэй заамдалцан, түүний нүүрэн тус газарт цохисны улмаас биед нь хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч С.Г-ээс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын хашаан дотроо машинд юм хийж байгаад гарах гэтэл хашааны хаалгыг нэг цэнхэр Портер загварын тээврийн хэрэгсэл хаагаад тавьсан байсан. Тэр тээврийн хэрэгслийг тухайн үед үл таних махлагдуу залуу урд дугуйг тайлсан байдалтай засвар үйлчилгээ хийж байхаар нь би тэр залууд хандаж “Машинаа холдуулчих, хашаан дотроос машин гаргах гэсэн юм” гэж хэлэхэд үл таних махлагдуу залуу “Чиний хувийн өмчийн газар юм уу, чи тэгвэл бичиг баримтаа гаргаад ир” гээд маргалдаж, зууралдаад байж байхад аав нь гэх настай ах дундуур салгах гэж байхад нөгөө үл таних махлагдуу залуу гараараа миний нүүрний баруун хэсэгт нэг удаа цохиход нүд харанхуйлаад хамраас цус гараад доошоо суусан. Дээрээс ахиад цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал);

-Хохирогч С.Г-ийн биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн .....дугаартай “С.Гийн биед хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч О.Д нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-595 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Наран билэг Гүваараа” ХХК-ийн хашааны үүдэнд өөрийн эзэмшлийн Портер маркийн 58-90 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг засч байхдаа хохирогч С.Г-эй хашааны үүд чөлөөлөх талаар маргалдаж, улмаар С.Г-тэй заамдалцан, түүний нүүрэн тус газарт цохисны улмаас биед нь хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ...... дугаартай “С.Гийн биед хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч шүүгдэгч О.Д нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-595 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Наран билэг Гүваараа” ХХК-ийн хашааны үүдэнд өөрийн эзэмшлийн Портер маркийн ....... УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг засч байхдаа хохирогч С.Г.тэй хашааны үүд чөлөөлөх талаар маргалдаж, улмаар С.Гтэй заамдалцан, түүний нүүрэн тус газарт цохисны улмаас биед нь хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэргийн гэм буруугийн асуудлаар хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, харамсаж байгаа, хохирогчтой уулзах гэхээр утсаа авдаггүй. Хохирлын мөнгөө өгч чадаагүй байгаа. Шүүгдэгч анх удаа энэ гэмт хэрэгт холбогдож байгаа. Ам бүл 3, бага насны хүүхэдтэй, өөрөө ажил хөдөлмөр хийж ар гэр амьдрал ахуйгаа авч явдаг залуу” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч О.Д нь хохирогч С.Гийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч О.Д нь хохирогч С.Г-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч О.Д-ий  үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар эрүүгийн хариуцлагын саналдаа: “Улсын яллагчтай санал нэг байна” гэв.

Шүүх шүүгдэгч О.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал урд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж торгох ялаар шийтгүүлж байсан ч засрал хүмүүжлийг ололгүй ахин энэ төрлийн  гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч О.Д нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч С.Г нь хохиролд 379.411 төгрөгийн баримт гаргаж өгсөнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч ...... овогт О.Д-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийг 400 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн

505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Д-өөс 379.411 төгрөг гаргуулан хохирогч ...... тоотод оршин суух, Боржигон овогт Сэрээтэрийн Г /РД: Ч........./-т олгож, хохирогч С.Г нь цаашид гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ