Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1671

 

 

 

 

 

 

 

 

  2022         11          11                                       2022/ШЦТ/1671

 

                             

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ..... овогт П.М-д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 48 настай байсан, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ......... тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

М овогт П.М /РД.УД77777777/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.М нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр байрлуулсан байсан Монос фарм ХХК-ийн эзэмшлийн Бонго 3 загварын тээврийн хэрэгслээс түгээлтийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 958.482 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

  • Иргэн Б.Б-гээс гаргасан “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг

дэвсгэр Натур худалдааны төвийн гадна авто зогсоол дээр бараа түгээлтээр явж байхдаа Бонго 3 загварын тээврийн хэрэгслээс эд зүйлс алдсан” гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн “2021 оны 09 дүгээр

сарын 21-ний өдөр 09 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Натур худалдааны төвд байрлах салбар эмийн санд 12 хайрцаг бараа буулгаж хүлээлгэн өгөөд буцаж гарч ирээд шууд яваад өгсөн. Тэгээд өчигдөр миний хүргэлт хийсэн газруудын нэг болох Ногоон төгөл гэх эмийн сангаас нэг хайрцаг бараа дутахаар нь би өөрөө эмийн сангуудаар явж хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж үзэхэд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Натурын гадна бараа буулгаад буцаад гарч ирэхэд үл таних 30-40 орчим насны эрэгтэй хүн автомашин дотроос аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

  • Гэрч Ч.Ц-ийн “2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би хуваарьт

24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 89 дүгээр байранд согтуу хүн байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход 89 дүгээр байрны жижүүр гэх залуу нь тус байрны 10 тоотод оршин суух хаягтай М  гэгч нь байрны гадна хайрцагтай зүйл орхиод байрандаа орчихлоо гээд надад жижүүрийн байрнаасаа нэг хайрцаг эм гаргаж өгсөн. Тэгэхээр нь бид нар тус байрны 10 тоотод очиж хаалгыг тогшсон боловч хаалга тайлж өгөх болохоор нь нөгөө эмийг аваад явчихсан. Тэгээд өнөөдөр хүлээлгэн өгч байна.” гэх мэдүүлэг/хх- ийн 35-36 дугаар хуудас/,

 

  • 27 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний

өдрийн 15 цаг 30 минутад Монос фармын ХХК-ийн түгээгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

  • Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн Б31-21-955 дугаартай тайлан /хх-

ийн 26-28 дугаар хуудас/,

  • Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Яллагдагч П.М-ын “..архи ууж байсан учир архины мөнгө хэрэг

болоод тухайн хэргийг үйлдсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч П.М нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ...... дугаар хороо, ......... худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр байрлуулсан байсан Монос фарм ХХК-ийн эзэмшлийн Бонго 3 загварын тээврийн хэрэгслээс түгээлтийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 958,482 төгрөгийн хохирол учруулсан нь:  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн “2021 оны 09 дүгээр

сарын 21-ний өдөр 09 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Натур худалдааны төвд байрлах салбар эмийн санд 12 хайрцаг бараа буулгаж хүлээлгэн өгөөд буцаж гарч ирээд шууд яваад өгсөн. Тэгээд өчигдөр миний хүргэлт хийсэн газруудын нэг болох Ногоон төгөл гэх эмийн сангаас нэг хайрцаг бараа дутахаар нь би өөрөө эмийн сангуудаар явж хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж үзэхэд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Натурын гадна бараа буулгаад буцаад гарч ирэхэд үл таних 30-40 орчим насны эрэгтэй хүн автомашин дотроос аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дахь тал/, Гэрч Ч.Ц.ийн “2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би хуваарьт 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 89 дүгээр байранд согтуу хүн байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход 89 дүгээр байрны жижүүр гэх залуу нь тус байрны 10 тоотод оршин суух хаягтай М. гэгч нь байрны гадна хайрцагтай зүйл орхиод байрандаа орчихлоо гээд надад жижүүрийн байрнаасаа нэг хайрцаг эм гаргаж өгсөн. Тэгэхээр нь бид нар тус байрны 10 тоотод очиж хаалгыг тогшсон боловч хаалга тайлж өгөх болохоор нь нөгөө эмийг аваад явчихсан. Тэгээд өнөөдөр хүлээлгэн өгч байна.” гэх мэдүүлэг/хх- ийн 35-36 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн Б31-21-955 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Улсын яллагч шүүгдэгч 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр байрлуулсан байсан Монос фарм ХХК-ийн эзэмшлийн Бонго 3 загварын тээврийн хэрэгслээс түгээлтийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

            Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бөгөөд шүүгдэгч П.М-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч П.М нь Монос фарм ХХК-ийн эзэмшлийн Бонго 3 загварын тээврийн хэрэгслээс түгээлтийн бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч П.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-гийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

            Иймээс шүүгдэгч П.М-ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.М  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч П.М-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу урд санаатай гэмт хэрэг үйлдэж 3 удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан, хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдсэн ч ахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч П.М-ын хулгайлсан 958.482 төгрөгийн эд зүйлсийг хохирогч бүрэн олж авсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч П.М-д  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт П.М-д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч П.М-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ