Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 03872

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х.О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Т.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,760,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 22-69 УНП улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Зориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.  

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийнн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Б нь “Х.О” ХХК-с 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 22-69 УНП улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлийг барьцаалан 3,500,000 төгрөгийг нэг сарын 6,5 хувийн хүүтэй, гурван сарын хугацаатай унаж явах нөхцөлтэй зээл авсан. Талууд фидуци болон зээлийн гэрээг байгуулж гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 03-нд дууссан боловч талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг анх байгуулсан №2016/165 тоот гэрээний нөхцөлийг дагаж мөрдөхөөр дахин сунгасан. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл зээлийн хүүгээ өгч байгаад сүүлийн хоёр сар зээлдэгч Т.Б нь утсаа авахгүй, зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Т.Б-аас үндсэн зээл 3,500,000 төгрөг, түүний алданги 72 хоног 17,500 төгрөг нийт 1,260,000 төгрөг нийт 4,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №2016/165 дугаартай “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ”-ний дагуу барьцаа хөрөнгө болох 22-69 УНП улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Тус дүүргийн шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Х.О” ХХК-иас гаргасан нэхэмжлэлд хариуцагч болох Т.Б миний бие хариу тайлбарыг гаргаж байна. “Х.О” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 22-69 УНП улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг барьцаалан 3,500,000 төгрөгийг зээлж авсан билээ. Одоогоор миний бие уг зээлийн үндсэн төлбөрөөс төлөлт хийгээгүй зөвхөн зээлийн хүүг 2016 оны 10 дугаар сараас хойш сар бүр өгч байсан боловч сүүлийн 2 сар буюу 9, 10 дугаар сарын зээлийн хүүг өгч чадаагүй болно. Иймд “Х.О” ХХК нь зээлийн гэрээг сунгах боломжгүй гэж үзэн зээлийн гэрээг дуусгавар болгохын тулд шүүхэд хандсан байна. Миний бие зээлийн гэрээний үүргийг бүрэн ухамсарлан төлбөрийг бүрэн төлж барагдуулах нь үүрэг тул нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрүүлэн зуучлах төвөөр орж эвлэрлийн гэрээг байгуулан төлбөр мөнгийг барагдуулах хүсэлтэй байна. Иймд шүүх хуралдаанаар шийдвэрлэлгүй эвлэрүүлэн зуучлах төвөөр шийдүүлж харилцан тохиролцсоны үндсэн дээр уг төлбөр мөнгийг төлөх боломж олгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.О” ХХК нь хариуцагч Т.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,500,000 төгрөг, алданги 1,260,000 төгрөг нийт 4,760,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 22-69 УНП улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“Х.О” ХХК нь Т.Бтай 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2016/165 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг, сарын 6.5  хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, 22-69 УНП улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 4-5 дахь талд/

Талууд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 8 сарын хугацаатайгаар сунгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 7 дахь талд/

Гэрээнд зохигчдийн хүсэл зориг илэрхийлсэн байдал, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 235 дугаар зүйлийн 235.1, дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 3,500,000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн хариуцлага буюу алдангид 1,260,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч зээлийн гэрээ байгуулсан болон зээл төлөх үүргийн талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зохицуулсан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч Т.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү төлж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Тус хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зохицуулснаар талууд зээлийн гэрээний хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш бичгийн хэлбэрээр сунгаагүй боловч хэн аль нь зээлийн гэрээний хүү төлж байсан үйл баримтын талаар маргаагүй тул тодорхойгүй хугацаагаар гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болон 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 3,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т “зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д зааснаар 0.5 хувийн алданги тооцно” гэж зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 72 хоног хугацаа хэтрүүлсний алдангид 1,260,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Талууд гэрээний хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгасан гэж үзэх үндэслэлтэй байх тул зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр хариуцагчаас шаардсан алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дурдан буй үндэслэлүүдээр хариуцагч Т.Баас 3,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х.О” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” зааснаар зээлдэгч зээл төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг зээлдүүлэгч өөрийн эзэмшилдээ оруулснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх” гэрээ буюу фидуци дуусгавар болно.

Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээ байгуулснаар зээлдэгч мөнгийг эргэн төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч нь хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авч, зээлдэгч мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх агуулгатай.

Иймд хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн гэрээнд заасан 22-69 УНП улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлээр үүргийг хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Баас 3,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х.О” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд 22-69 УНП улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлээр үүргийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х.О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баас 70,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.О” ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЭНХЖАРГАЛ