Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/902

 

 

 

 

 

 

 

  2022       09          21                                  2022/ШЦТ/902  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Х.Идэр, шүүгч З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,   

Улсын яллагч А.Азжаргал,

Иргэдийн төлөөлөгч П.Хонгор,

Хохирогч Г.Ш,

Шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн  ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 13-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, Хан-Уул дүүргийн шүүхийн ... оны 08 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

Хан-Уул дүүргийн шүүхийн ... оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн .. оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ... оны 10 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн .. оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

Хан-Уул дүүргийн шүүхийн .. оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн .. оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ..  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 296 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 11 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 06 дугаар сарын 27-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ч.У,

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 19-ний өдөр .. аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн ... оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих,

Орхон аймгийн шүүхийн .. оны 08 дугаар сарын 02-ны өдрийн .. дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн .. оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих,

Сүхбаатар дүүргийн шүүхийн ... оны 10 дугаар сарын 31-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ... оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Н.Д нар нь:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ч.У нь:

2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух иргэн Т.Б-ийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар орж Самсунг Галакси А5 загварын гар утас 1 ширхэг, хонины мах 1 кг, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Т.Б-т нийт 661.800 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Б.М-ийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, Самсунг нөт 8 загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Б.М-д нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Б.О-ийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар нэвтэрч жижиг гарын хөш хөөрөг, хөөргөний даалин, 3 хос мөнгөн ээмэг, 2 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг мөнгөн гинж, хумсны хутга, бэлэн 44.200 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Б.О-т 236.800 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Э.Н-ийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар орж Самсунг маркийн зөөврийн компьютер, бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Э.Н-д нийт 828.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Д.О-ийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар орж Хуавэй брэндийн таб 1 ширхэг, арьсан гутал 1 ширхэг, пүүз 2 ширхэг, утасгүй чихэвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Д.Од-т нийт 608.400 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Ц.Н-н эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар орж Скайворт маркийн 50 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Ц.Н-д нийт 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Б.М-ын эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар орж Хаер загварын 65 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Б.М-т нийт 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Г.Ш-гийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар орж Alieware брэндийн 17 инчийн хар хүрээтэй, саарал өнгөтэй нөүтбүүк, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Г.Ш-д нийт 3.630.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Б.Б-ын эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар орж бэлэн 2.400.000 төгрөг, Самсунг А-10 эс загварын гар утас, хөөрөг, даалин зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Б.Б-д нийт 4.525.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагаас 17 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Б.А-гийн эзэмшлийн монгол гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч 40 инчийн LG брэндийн зурагт, эмээл зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн С.А-д 434.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны ... тоотод оршин суух иргэн Т.Т-ийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар орж 5.4 граммын монетон бөгж 1 ширхэг, бугуйн цаг 3 ширхэг, грамм тодорхойгүй эрэгтэй мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг, грамм тодорхойгүй мөнгөн ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Т.Т-т нийт 1.471.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Б.Б-гийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар, нууцаар орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Б.Б-т нийт 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Ц.Ц-н эзэмшлийн монгол гэрт хууль бусаар, нууцаар орж 43 инчийн Тошиба загварын зурагт, 2 ширхэг удирдлага зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн Ц.Ц-д нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 16.275.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Шүүгдэгч Н.Д нь:

шүүгдэгч Ч.У-ын 2021 оны 10 дугаар сарын 19- ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Д.О-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 608.400 төгрөгийн үнэлгээ бүхий Хуавэй брэндийн таб 1 ширхэг, арьсан гутал 1 ширхэг, пүүз 2 ширхэг, утасгүй чихэвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Хуавэй брэндийн 1 ширхэг табыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр авч өөрийн ... дугаарыг хийж ашиглан, эзэмшиж байгаад мөн сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг Тэди төв дээр бусдад “манай хүүхэд ашиглаж байгаа Таб юм” гэж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж зарж борлуулсан,

мөн Ч.У-ын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагаас 17 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Б.А-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрт хууль бусаар нэвтэрч 434.000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 инчийн LG брэндийн зурагт, эмээл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Н.Д нь өөрийн нэрээр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг Шар хадны автобусны буудлын орчим байрлах “Пин Ton” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх төвд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 40 инчийн LG брэндийн зурагтыг 200.000 төгрөгийн барьцаанд тавьж ашигласан,

мөн Ч.У-ын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Б.Б-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 460.000 төгрөгийн үнэлгээ бүхий дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Н.Д нь Ч.У-ын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Уртцагаан худалдааны төвд байрлах алт мөнгөний дарханд 2022 оны 02 дугаар сарын  23-ний өдөр зарж ашигласан,

мөн Ч.У-ын 2022 оны 3 сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод байрлах Ц.Ц-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 43 инчийн Тошиба загварын зурагт, 2 ширхэг удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Н.Д нь өөрийн нэрээр Сүхбаатар дүүргийн ... эцсийн буудлын орчим байрлах барьцаалан зээлдүүлэх төвд 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 43 инчийн Тошиба брэндийн зурагтыг 250.000 төгрөгийн барьцаанд тавьж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Ч.У-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Н.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.У мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хулгайн эд зүйлүүдээ зарж архи авч уугаад дуусгасан. Хулгай хийсний дараа Н.Д-ыг дуудаж эд зүйлүүдээ заруулж байсан бөгөөд Н.Д нь хулгай хийхэд хамт оролцоогүй. Би дангаараа үйлдсэн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: ... Ч.У намайг дуудаад хулгайн эд зүйлээ заруулах гээд гуйхаар нь би зөвшөөрөөд тусалсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан боловч ломбарданд тавихад нь өөрийнхөө бичиг баримтаар тавьж мөнгөнөөс нь авсан. Иймд би хохирлын мөнгийг шүүхийн дансанд байршуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэрийн хамт нарийн боов хийж түгээдэг ажил хийдэг гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ш мэдүүлэхдээ: ...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо ... тоот манай гэрээс ажлын компьютер, дунд гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан. Миний бие хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нарын зүгээс хохирол төлбөр төлсөн зүйлгүй тул хохирлоо нэхэмжилж авах хүсэлттэй байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.А-гийн мэдүүлэг / 1хх 17-18 /, “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн ЧД2-22-116 дугаартай тайлан / 1хх 48-49 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 5-10 , мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 60-68 /, гэрч Д.М-гийн мэдүүлэг / 2хх 39-40 /, “П.” ХХК-ний барьцаат зээлийн гэрээний хуулбар / 2хх 46 /, хохирогч Б.О-ийн мэдүүлэг / 2хх 32, 34 /, гэрч Б.Б-ы мэдүүлэг / 2хх 38 /, гэрч Ц.Д-ын мэдүүлэг / 2хх 40 /, “Дамно“ ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЧД2-22-205 дугаартай тайлан / 2хх 46-47 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4хх 161-165 /, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг / 2хх 91-92  94-95 /, “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн ЧД2-22-178 дугаартай тайлан / 2хх 111-112 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2хх 127-131 /, яллагдагч Н.Д-ын гэрчээр өгсөн мэдүүлэг / 2хх 105 /, хохирогч Ц.Ц-ийн мэдүүлэг / 2хх 142-143 /, “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-22-184 дугаартай тайлан / 2хх 158-159 /, “Заан” барьцаат зээлийн гэрээний хуулбар / 2хх 169 /, яллагдагч Н.Д-ын гэрчээр өгсөн мэдүүлэг / 2хх 152-153 /, яллагдагч Ч.У-ын мэдүүлэг / 2хх 175-176 /, хохирогч Т.Б-ийн мэдүүлэг / 2хх 207-208 /, гэрч С.О-н мэдүүлэг / 2 хх 211 /, гэрч Ц.У-ын мэдүүлэг / 2хх 218 /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2хх 200-203 /, “Т. ” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Ц-531 дугаартай тайлан / 2хх 242-244 /, хохирогч Б.М-гийн мэдүүлэг / 3хх 27 /, гэрч Б.О-ын мэдүүлэг / 3хх 29 /, гэрч Е.С-ны мэдүүлэг / 3хх 38 /, “Т. “ ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ц-520  дугаартай тайлан / 3хх 56-58 /, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3хх 62-68 /, хохирогч Г.Ш-гийн мэдүүлэг / 3хх 102-103 /, “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн СБ2-22-79 дугаартай тайлан / 3хх 119-120 /, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 3хх 123-124 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3хх 90-95 /, хохирогч Б.М-ын мэдүүлэг / 3хх 162 /, “Дамно” ХХК-ийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн БЗД2-22-137 дугаартай тайлан / 3хх 180-181 /, яллагдагч Ч.У-ын хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг / 3хх 189 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3хх 202-209 /, хохирогч М.Б-ын мэдүүлэг / 3хх 215 /, “М. ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22/037 дугаартай тайлан / 3хх 225-226 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4хх 5-10 /, хохирогч Д.О-ийн мэдүүлэг / 4хх 21-22 /, иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн мэдүүлэг / 4хх 25 /, яллагдагч Н.Д-ын гэрчээр өгсөн мэдүүлэг / 1хх 250, 4хх 37 /, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 4хх 43 /, “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БЗДЗ-21-498 дугаартай тайлан / 4хх 54-55 /, хохирогч Д.О-т “хар өнгийн ардаа Huawei гэх бичиглэлтэй ... имэй кодтой Huawei matepad T маркын төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 4хх 67 /, хохирогч Ц.Н-н мэдүүлэг / 4хх 91-92 /, “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БЗДЗ-21-592 дугаартай тайлан / 4хх-97-98 /, хохирогч Т.Т-ийн мэдүүлэг / 4хх 129-130 /, “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн БЗД3-22-85 дугаартай тайлан / 4хх 143-144 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4хх 161-162 /, хохирогч Э.Н-ийн мэдүүлэг / 4хх 173 /, “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БЗДЗ-21-483 дугаартай тайлан / 4хх 183-184 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4хх 81-85 /, яллагдагч Ч.У-ын мэдүүлэг / 1хх 248, 2хх 67-68, 3хх 4-5, 75-76, 189, 241 /, яллагдагч Н.Д-ын мэдүүлэг / 2хх 105 /, Ч.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1хх 92-96 /, Н.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1хх 138-140 /, Н.Д-ын нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа / 1хх 181 / зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Прокуророос шүүгдэгч Н.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж” гэдэгт тухайн эд хөрөнгийг Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж ашигласныг ойлгохоор хуульчилсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Д нь шүүгдэгч Ч.У-ын хулгайлсан эд зүйлүүдийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж буюу хулгайн гэмт хэргээ амьдралын эх үүсвэр болгосонг лавтай мэдэж байсныг тогтоосон нотлох баримт байхгүй байна.

Харин шүүгдэгч Н.Д нь Ч.У-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авч, эд зүйлүүдийг авч, бусдад зарах, өөрийн бичиг баримтаар ломбарданд тавих зэргээр мөнгийг нь түүнтэй хуваан захиран зарцуулсан болох нь тэдгээрийн мэдүүлэг, ломбардын бичиг баримт зэргээр нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар шүүгдэгч Н.Д-ыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.У 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдэж, хохирогч Т.Б-т 661.800 төгрөг, Б.М-д 560.000 төгрөг, Б.О-т 236.800 төгрөг, Э.Н-д 828.000 төгрөг, Д.О-т 608.400 төгрөг, Ц.Н-д 660.000 төгрөг, Б.М-т 1.600.000 төгрөг, Г.Ш-д 3.630.000 төгрөг, Б.Б-д 4.525.000 төгрөг, С.А-д 434.000 төгрөг, Т.Т-д 1.471.000 төгрөг, Б.Б-т 460.000 төгрөг, Ц.Ц-д 600.000 төгрөг, нийт 16.275.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,  

шүүгдэгч Н.Д-ыг шүүгдэгч Ч.У-ын хулгайлан авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Хуавэй брэндийн 1 ширхэг табыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр авч өөрийн ... дугаарыг хийж ашиглаж байгаад бусдад зарж борлуулсан,

2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “П.ХХК-ний барьцаалан зээлдүүлэх төвд 40 инчийн LG брэндийн зурагтыг 200.000 төгрөгийн барьцаанд тавьж ашигласан,

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 460.000 төгрөгийн үнэлгээ бүхий дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг Уртцагаан худалдааны төвд байрлах алт мөнгөний дарханд зарж ашигласан,

2022 оны 3 сарын 4-ний өдөр 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 43 инчийн Тошиба загварын зурагт, 2 ширхэг удирдлагыг ... эцсийн буудлын орчим байрлах барьцаалан зээлдүүлэх төвд 250.000 төгрөгийн барьцаанд тавьж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

Хохирогч С.А-гийн / 1хх 17-18 / “...Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16-р хороо ... тоот хашаанд байх гэрээ цоожлоод гараад явсан. Өдрийн 16 цаг 41 минутанд хашааныхаа хаалгыг онгойлгоод гэртээ орох гэхэд манай монгол гэрийн хаалгыг эвдэж ороод 40 инчийн ЛЖ загварын зурагт, бэлэг дурсгалын авдар, эмээл зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн ЧД2-22-116 дугаартай тайланд “...ЛЖ брендийн зурагт, бэлэг дурсгалын сувинер зэргийг 428.000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлан / 1хх 48-49 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 5-10 /

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 60-68 /

 

Гэрч Д.М-гийн / 2хх 39-40 / “...2021 оны 09 дүгээр сарын үед Н.Д надад сувдан зүүлт 2, гарын бугуйвч 4 ширхэгийг барилгачдын баярын мэнд гээд өгсөн. Дараа нь суран ташуурыг 2021 оны 11 дүгээр сарын дундуур өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 09, 10-ны үеэр хөөрөг бугуйн цагийн хамт надад өгсөн. Мөн гэртээ шар өнгийн аккумлятор цэнэглэгч авчирч тавьсан...” гэх мэдүүлэг,

 

“П.” ХХК-ний барьцаат зээлийн гэрээний хуулбар / 2хх 46 /

Хохирогч Б.О-ийн / 2хх 32, 34 / “...Би наадмын өмнө буюу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүүхдүүдийн хамт Партизаны сангийн аж ахуйд очоод 14 хоног болж байсан бөгөөд тэнд байх үед манай нөхөр хааяа гэрээ шалгаж үздэг байсан. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр В. гэртээ ганцаараа хоноод өглөө 08 цагийн үед ажилдаа явсан байсан. Тэр өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү болох Б. залгаад “Танай гэрт хулгай орчихсон байна. Та яаралтай ир“ гэж хэлсний дагуу ирсэн. Манай гэрээс цагаан хар өнгийн хаш хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин уут 1 ширхэг, мөнгөн ээмэг 6 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, бэлнээр 44.200 төгрөг зэргийг алдсан. Тэгээд алдагдсан эд зүйлийг буцаан авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг, 

Гэрч Б.Б-ны / 2хх 38 / “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед өөрийн талийгаач аав ээжийн гэр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ... тоотод өөрийн нөхөр болох Д. ын хамтаар хашаан дотор нь өөрийн гэрт байдаг хивсээ гөвөх гээд ирсэн. Ингээд тус тоотод иртэл хашааны гадна талын хаалга онгорхой байдалтай байхаар нь тус тоотод амьдардаг ах болох В. г дотор байна гэж бодоод гэр лүү ахаа гээд дуудаад ортол байшингийн үүдний хаалга мөн адил онгорхой байсан ба миний урдаас нэг үл таних эрэгтэй гүйгээд гараад ирэхээр нь “Чи хулгайч уу“ гэж хэлээд тухайн хүнийг тэврээд автал “Би хулгай хийгээгүй“ гэж хэлсэн. Тухайн үед миний нүдний үзүүрт авдар дотор байсан бүх эд зүйлийг гаргаад тавьчихсан байдалтай харагдсан бөгөөд энэ үеэр манай нөхөр ардаас орж ирж “Д. аа хулгайч байна“ гэж орилоод би тухайн хулгайчтай зууралдаад байшингийн гадна талын хаалган дээр зууралдаад иртэл манай нөхөр орж ирж таараад тухайн хүний 2 гараас барьж аваад намайг цагдаа дууд гэсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Д-ын / 2хх 40 / “...Би эхнэр болох Б.ы хамтаар өөрийн гэр болох Баянгол дүүргийн ... тоотоос өглөө 10 цагийн үед гарч өөрийн хадмын гэр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ... тоотод 11 цагийн үед хивсээ цэвэрлэх ажлаар ирсэн. Энэ үед хашааны хаалга онгорхой байдалтай байхаар нь манай эхнэр “Хүргэн ах дотор байна ирчихэж” гэж хэлээд дотогш ганцаараа орсон. Эхнэрийг дотогш ороход би машинаас хивсээ буулгахаар үлдсэн. Гэнэт эхнэр “Д..” гэж хүчтэй орилохоор нь гүйгээд ортол нэг үл таних хүнтэй зууралдчихсан “Энэ хулгайч байна” гэж хэлэхээр нь би тухайн хулгайчийг барьж аваад эхнэрээ “Цагдаа дуудаарай“ гэж хэлсэн. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг

 

“Дамно“ ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЧД2-22-205 дугаартай тайланд “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 236.800 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлан / 2хх 46-47 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4хх 161-165 /

 

Хохирогч Б.Б-ийн / 2хх 91-92  94-95 / “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 07 цагийн үед өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо ... тоотод орших гэрээсээ гарч яваад өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд гал тогооны цонх онгорхой, том өрөөнд байдаг хүүхдийн мөнгөний гахайн доторх 200.000 төгрөг, гал тогооны өрөөнд байсан 2 ширхэг мөнгөн аяга гэх зэрэг зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн ЧД2-22-178 дугаартай тайланд “...хулгайд алдагдсан дунд гарын мөнгөн аягийг 260.000 төгрөгөөр” үнэлсэн тайлан / 2хх 111-112 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2хх 127-131 /

 

Яллагдагч Н.Д-ын гэрчээр өгсөн / 2хх 105 / “...Би уг мөнгөн аяганы мөнгийг нийлүүлээд 130.000 төгрөгөөр зарсан. Ч.У-т мөнгийг өгөхөд надад 30.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Ц-ийн / 2хх 142-143 / “...2022 оны 03 сарын 04-ний өдөр манай гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдээд хулгай орж 43 инчийн Тошиба загварын телевизор 2 ширхэг удирдлагын хамт алдагдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад тухайн үедээ шууд хандсан...” гэх мэдүүлэг

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-22-184 дугаартай тайланд “...хулгайд алдагдсан Тошиба маркийн 43 инчийн зурагтыг 600.000 төгрөгөөр” үнэлсэн тайлан / 2хх 158-159 /

 

“Заан” барьцаат зээлийн гэрээний хуулбар / 2хх 169 /

 

Яллагдагч Н.Д-ын гэрчээр өгсөн / 2хх 152-153 / “...Зүс таних Ч.У над руу холбогдоод “Зурагтаа зарчихмаар байна” гэж хэлсэн. Ч.У чамд бичиг баримт чинь байгаа биз дээ чи ломбард ороод миний зурагтыг тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч ломбарданд зурагтыг нь тавьж өгөхөөр болоод 6 буудлын шинэ засмал замаар тултал явсан. Тэгээд миний машинаас буугаад замынхаа зүүн талаас хар өнгөтэй зурагт аваад миний машины арын суудал дээр тавьсан. Тэгээд Дарь-Эхийн шинэ уулзвараар баруун хойд талд байрлах үйлчилгээний төвийн гадна талд зогсоод зурагтаа чи барьчих, би согтуу байгаа учир болохгүй байна гэж хэлсэн. ...Тэгээд би тухайн зурагтыг 250.000 төгрөгөөр өөрийн бичиг баримт болох ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар тавьж өгсөн. ...Би яг ийм байдлаар 3 ширхэг зурагтыг Ч.У гэх залууд барьцаанд тавьж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Яллагдагч Ч.У-ын / 2хх 175-176 / “...Би хулгай хийчихээд Н.Д-ыг дуудсан юм. Н.Д миний хулгайлсан зурагтыг өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т.Б-ийн / 2хх 207-208 / “...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед эхнэр залгаад гэрт хулгай орчихлоо гэж хэлэхээр нь би гэртээ иртэл эхнэр цагдаа дуудчихсан байсан. Манай гэр эмх замбараагүй болсон байсан ба том өрөөний зурагтын мебель дээр байсан хүрэн өнгийн хөөргөний дайлан дотор байсан 500.000 төгрөгийг хулгайд алдсан байсан. ...Дараа нь эд зүйлээ бүртгээд байж байхад 2 давхрын шаргал шкаф дээр байсан хүүхэд Д. ий Самсунг Галакси А5 загварын гар утас байхгүй байсан. Мөн хөргөгчинд байсан 1 кг хонины ястай мах байхгүй байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.О-н / 2 хх 211 / “...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой цоожийг нь эвдээд орхисон байсан. Гэртээ ороод гэрийн эд зүйлээ шалгатал зурагтын тавиур дээр байсан хөөрөгний дайлан дотор 500.000 төгрөг байсан алга болсон...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.У-ын / 2хх 218 / “...Ч.У нь гялгар ууттай 1кг орчим жижигхэн мах барьчихсан орж ирсэн...” гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2хх 200-203 /

 

“Т. ” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Ц-531 дугаартай тайланд “...1кг хонины махыг 11.800 төгрөг, Самсунг Галакси А5 гар утсыг 150.000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлан / 2хх 242-244 /

 

Хохирогч Б.М-ийн / 3хх 27 / “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн үед ээжийнх рүү буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод очиж хоол идчихээд хүргэн Ч.оор гэртээ 12 цагийн үед хүргүүлээд гэртээ ортол манай урд цонх онгойсон байсан. Тэгээд хулгай орсныг мэдээд цагдаа дуудах гэтэл миний гар утас байхгүй болсон байсан. Мөн зурагтын тавиур дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга болон хойд буйдан дээр байсан миний Redmi note 8 загварын гар утас, пума брендын пүүзээ хулгайд алдсан...“ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.О-ын / 3хх 29 / “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн төрсөн ах Б.М нь аав ээжийнд ирж хоол идсэн. Хоолоо идэж дуусаад 12 цаг 20 минутын үед манай нөхөр Г.Ч-оор гэртээ хүргүүлсэн. Тэгээд удалгүй буцаж орж ирээд манай гэрт хулгай орсон байна цагдаа дуудаарай гээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Е.С-ы / 3хх 38 / “...2021 оны 07 дугаар сард үл таних 40-50 насны орчим эрэгтэй хүн ирээд мөнгөн аяга авах уу гээд 4 ширхэг мөнгөн аягыг 160.000 төгрөг хавьцаа өгсөн. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Тухайн хүн надад зарахдаа миний мөнгөн аяганууд байгаа юм хоол ундны мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн“ гэх мэдүүлэг,

 

“Т. “ ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ц-520  дугаартай тайланд “...хулгайд алдагдсан мөнгөн аяга, гар утсыг 560.000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлан / 3хх 56-58 /

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3хх 62-68 /  

 

Хохирогч Г.Ш-гийн / 3хх 102-103 / “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө нөхөр хүүхэдтэйгээ хадмындаа очино гэж гарсан. Орой 18 цагийн орчимд нөхөр, хүүхэд, бид 3 ирээд хаалга онгойлгож орж ирэхэд цонх онгорхой болохоор нь онгорхой орхиод гарсан юм болов уу гээд ааваас утсаар асуухад … үгүй ээ бүх юмаа шалгаад гарсан, гэр доторх эд зүйлээ шалгаарай гэсэн. Тэгээд шалгаж үзтэл миний компьютер, мөнгөн аяга хоёр алдагдсан байсан...” гэх мэдүүлэг

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн СБ2-22-79 дугаартай тайланд “...хулгайд алдагдсан нөүт, мөнгөн аягыг 3.630.000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлан / 3хх 119-120 /

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 3хх 123-124 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3хх 90-95 /

 

Хохирогч Б.М-ын / 3хх 162 / “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манайд хулгай орсон байсан. Тухайн үед хөдөө явж байгаад энэ 7 хоногт ирж байна. Хулгай орох үед ганц 65 инчийн Хаер загварын хар өнгийн зурагт байсан. Хайрцаг нь бас байхгүй болсон байсан. Харин зурагтын удирдлага нь гэрт үлдсэн байсан” гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн БЗД2-22-137 дугаартай тайланд “...хулгайд алдагдсан 65 инчийн зурагтыг 1.600.000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлан / 3хх 180-181 /

 

Яллагдагч Ч.У-ын хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг , / 3хх 189-р тал /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд , /3хх-202-209-р тал /

 

Хохирогч М.Б-гын / 3хх 215 / “...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагт ажилдаа гарсан юм. Харин манай эхнэр 13 цагийн орчим хоёр хүүхэдтэйгээ цуг гарсан . Би орой 18 цаг өнгөрч байхад ажлаасаа ирэхэд байшингийн баруун талд байх жижиг өрөөний вакум цонх хагалсан байдалтай байсан ба гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. Манай гэрт зээлээ төлөхөд зориулж бэлнээр хадгалж байсан 2.400.000 төгрөг, мөн охины маань Самсунг А10 эс маркийн хар өнгийн гар утас алга болсон байсан. Даваа толгойтой гуулийн нуухтай, гармаатан орчин цагийн хөөрөг алга болсон. Даалин 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Хөөрөгний засаагүй шүрэн толгой 130.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цонх хагарсан учир 95.000 төгрөгөөр засуулсан..” гэх мэдүүлэг,

 

“М. ” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22/037 дугаартай тайланд “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 4.525.000 төгрөгөөр“ үнэлсэн үнэлгээний тайлан / 3хх 225-226 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4хх 5-10 /

 

Хохирогч Д.О-ийн / 4хх 21-22 / “...2021 оны 10 сарын 19-ний өдөр гэрээсээ 12 цагийн үед Б. аас хүнсний зүйлээ бэлдэх гээд гарсан. Гэрт хүү Б. үлдсэн. Би хүнсээ цуглуулаад 14 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой мөн гал тогооны цонх онгойсон байсан. Хүүтэйгээ утсаар ярьсан чинь Офицер өнгөрөөд хичээлдээ явж байна гэж хэлсэн. Хүүдээ энэ талаар хэлсэн чинь хичээлдээ явалгүй эргээд ирсэн. Би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Манай охины таб хулгайд алдагдсан байсан. Уг табыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сайн электроникоос 799.999 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан. Мөн хүүгийн маань 2 ширхэг пүүз, нэг хавар намрын бор өнгөтэй арьсан гутал хулгайд алдагдсан. Мөн табтай цуг байсан утасгүй цагаан өнгөтэй чихэвч алга болсон...” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн / 4хх 25 / “....Би хар өнгийн Хуавей маркийн табыг 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Надад зарсан хүн хүүхэд хэрэглэж байсан эд зүйл гэж хэлсэн. Тэгэхээр нь би худалдаж авсан. Би өөрийн ... тоот данснаас ... дугаарын данс руу мөнгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

Яллагдагч Н.Д-ын гэрчээр өгсөн  / 1хх 250, 4хх 37 / “...Ч.У надад Хуавей маркийн хар өнгийн табыг 200.000 төгрөгөөр худалдсан юм. Уг табыг аваад өөрийн ... дугаарын сим картаа хийгээд ашиглаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б-т 250.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө өөрийн эхнэр А. ын ... дугаартай данс руу шилжүүлэн авсан. Би тухайн үед Ч.Уыг хулгайн эд зүйл надад зарсан гэдгийн мэдэж байсан юм...” гэх мэдүүлэг,

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 4хх 43 /

 

“Дамно” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БЗДЗ-21-498 дугаартай тайланд “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 608.400 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлан / 4хх 54-55 /

 

Хохирогч Д.О-т “хар өнгийн ардаа Huawei гэх бичиглэлтэй ... имэй кодтой Huawei matepad T маркын төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 4хх 67 /

 

Хохирогч Ц.Н-. / 4хх 91-92 / “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутын орчим гэртээ ирэхэд хашааны гадна хаалга нээлттэй байсан ба байшингийн гадна хаалганы цоожийг авч үүдний амбаар хэсэгт тавьсан байсан скайвортын 50 инчийн зурагт хулгайд алдсан...” гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БЗДЗ-21-592 дугаартай “...хулгайд алдагдсан 50 инчийн зурагтыг 660.000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлан / 4хх-97-98 /

 

Хохирогч Т.Т-ийн / 4хх 129-130 / “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед манай нөхөр Н.П ажилдаа явлаа гэж гэрээс гарсан. Түүний дараа би 11 цаг 30 минутын үед сэрж галаа түлчихээд 14 цаг 40 минутад хоёр хүүхэд болох А. / 6настай /, А. / 2 настай / нарыг аваад хадам эгч Н-гийн гэрт очсон. Дараа нь 18 цаг 55 минутад өөрийн гэрт ирэхэд манай хашааны хаалга болон байшингийн цонх онгорхой байхаар нь оролгүй цагдаа дуудсан. Манай эд зүйлсээс эрвээхэй хээтэй цагаан өнгийн ээмэг бөгжний хайрцаг, дотор нь эрэгтэй 5.5 грамм монетон бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, хос ээмэг бөгж гинж, Жишокын 3 цаг алдагдсан...“ гэх мэдүүлэг

 

“Дамно” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн БЗД3-22-85 дугаартай тайланд “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.471.000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлан / 4хх 143-144 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4хх 161-162 /

 

Хохирогч Э.Н-ийн “...2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө Н. гэрээ цоожилж яваад оройн 23 цагийн орчим гэртээ ирэхэд манайд хулгай орсон байсан гэж хэлсэн. Тэгээд манай гэрээс Самсунг маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, марк тодорхойгүй зөөврийн компьютер 1 ширхэг, жи шок маркийн улаан хар хосолсон өнгөтэй бугуйн цаг 1 ширхэг зэргийг алдсан...“ гэх мэдүүлэг / 4хх 173 /

 

“Дамно” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БЗДЗ-21-483 дугаартай тайланд “...хулгайд алдагдсан эд зүйлийг 828.000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээний тайлан / 4хх 183-184 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4хх 81-85 /

Яллагдагч Ч.У-ын / 1хх 248, 2хх 67-68, 3хх 4-5, 75-76, 189, 241 / мэдүүлэг

 

Яллагдагч Н.Д-ын / 2хх 105 / мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:  ... Шүүгдэгч Ч.У-ыг хулгайлах гэмт хэргийг тогтвортой үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Н.Д-ыг хулгайн эд хөрөнгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай байна гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг нотолж тогтоосон, мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.У-ын хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн,

шүүгдэгч Н.-Дын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд дээрх гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Д нь учруулсан хохирлоо нөхөнг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Н.Д, Ч.У нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Д, Ч.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байсан боловч дүгнэлт хийгээгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэж, санаатай гэмт хэрэг үйлдсэн, Н.Д нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, Н.Д нь ажил хөдөлмөр эрхэлдэг, оршин суух хаягтай, бага насны хүүхдийн хамт амьдардаг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Ч.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүгдэгч Ч.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Харин Н.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ч.У-ын гэм буруут үйлдлийн улмаас бусдад нийт 16.275.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгалтын явцад хохирогч Б.О-т эд зүйлийг буцаан өгч гомдол саналгүй болсон талаар хохирогч Б.О-г мэдүүлсэн / 2хх 34 / байна. Бусад хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Ч.У нь төлж барагдуулаагүй тул нийт 14.017.800 төгрөгийг гаргуулж хохирогч С.А-д 239.000 төгрөг, Б.Б-т 330.000 төгрөг, Ц.Ц-д 300.000 төгрөг, Т.Б-т 11.800 төгрөг, Б.М-д 560.000 төгрөг, Г.Ш-д 3.630.000 төгрөг, Б.М-т 1.600.000 төгрөг, Б.Б-д 4.525.000 төгрөг, Д.О-т 171.000 төгрөг, Ц.Н-д 660.000 төгрөг, Т.Т-т 1.471.000 төгрөг, Э.Н-д 270.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б-т 250.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Д нь хулгайн эд зүйлийг зарж борлуулж хувьдаа авсан 885.000 төгрөгийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн ... тоот дансанд байршуулсан тул үүнээс хохирогч Д.О-т 250.000 төгрөг, С.А-д 195.000 төгрөг, Б.Б-т 130.000 төгрөг, Ц.Ц-д 300.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.У-ын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс шүүх хуралдаан хүртэл 193 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцож, Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Д-т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ч.У-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Д-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ч.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Н.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У-аас нийт 14.017.800 төгрөгийг гаргуулж хохирогч С.А-д 239.000 төгрөг, Б.Б-т 330.000 төгрөг, Ц.Ц-д 300.000 төгрөг, Т.Б-т 11.800 төгрөг, Б.М-д 560.000 төгрөг, Г.Ш-д 3.630.000 төгрөг, Б.М-т 1.600.000 төгрөг, Б.Б-д 4.525.000 төгрөг, Д.О-т 171.000 төгрөг, Ц.Н-д 660.000 төгрөг, Т.Т-т 1.471.000 төгрөг, Э.Н-д 270.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б-т 250.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Д-ын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн ... тоот дансанд байршуулсан 885.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.О-т 250.000 төгрөг, Б.Б-т 130.000 төгрөг, Ц.Ц-д 300.000 төгрөг, С.А-д 195.000 төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У-ын нийт 193 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

9. Н.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Ч.У-ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ

 

   ШҮҮГЧИД                                   Х.ИДЭР

 

 З.БОЛДБААТАР