Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 03800

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “И.Э.Э.ОУДС” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

                                                  

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Б.Г нь 2014 онд “И.Э.Э” ОУДС“Дүрслэх урлагын багш”-аар ажилд орсон. Тус сургуульд ахлах, дунд ангид дүрслэх урлагын багшаар ажиллаж байсан. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямарваа нэг зөрчил дутагдал гаргаагүй, хэвийн ажиллаж байтал ээлжийн амралтын хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр имэйл шуудангаар ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдэл ирсэн байна.

 Хөдөлмөрийн гэрээ ба хариуцагчийн хуульд зөрчсөн байдал:

А. Хөдөлмөрийн гэрээний хугацаа: “И.Э.Э” ОУДСнь багш Б.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ 5.1-д Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай байгуулав гэсэн байна.

Багшийн ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд энэ төрлийн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг хориглосон. Хэрэв хугацаатай байгуулсан тохиолдолд юуны учир, хугацаатай байгуулж байгаагаа хөдөлмөрийн гэрээнд тодорхой заах учиртай. Энэ талаар огт тусгаагүй байна.

Мөн энэ хугацаа нь 3 сараас хэтрэхгүй байх атал нэг жилийн хугацаатай байгаа нь хууль зөрчиж байна.

Б. Хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл: Хөдөлмөрлөх эрх бол хүний оршин амьдрах амин чухал эрх, атал ямар ч шалтгаангүй, зөрчил дутагдалгүй байхад гэнэт ажлаас чөлөөлсөн нь хариуцагчийн хэтэрхий дур зоргийн шинжтэй, үндэслэлгүй үйлдэл боллоо. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлдээ гэрээний хугацаа дууссан гэх боловч гэрээг анх 2014 онд байгуулахдаа л хууль зөрчиж нэг жилийн хугацаатай байгуулсан.

Нэг үгээр бол 2015-2018 оныг хүртэлх ажилласан хугацаа бол хөдөлмөрийн гэрээний нэг жилийн хугацаа дууссан, үргэлжлүүлэн байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх учиртай.

Иймд Б.Гийг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Гийг 2014 оны 101 тоот тушаалаар 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс сургуулийн Дүрслэх урлагийн багшаар авч ажиллуулсан.

Б.Г нь тус сургуульд 2014 оноос Дүрслэх урлагийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн хичээлийн жил бүр элсэгчдийн тоо, ажлын цагийн ачааллаас хамаарч “Хөдөлмөрийн гэрээ”-ний сунгалт хийж, ажиллаж ирсэн байна. Б.Гтэй хамгийн сүүлд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №LC/160823/055 тоот “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан.

2017-2018 оны хичээлийн жилд ажиллуулах талаар “Хөдөлмөрийн гэрээг сунгах тухай” захирлын 450/7 тоот албан бичгийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.Гд хүргэж, 2017-2018 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ажилласан бөгөөд Ажлын байрны тодорохойлолтыг шинэчлэн байгуулж байсан байна.

Нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийнхээ 1 дүгээр хуудас маргааны үйл баримт хэсэгт “...өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямарваа нэг зөрчил дутагдал гаргаагүй, хэвийн ажилласан" гэжээ.

Гэтэл 2017-2018 оны хичээлийн жилд Дүрслэх урлагийн багш Б.Г нь ажлын цагаас удаа дараа хоцорч, ажлын цагийг шалтгаангүй тасалсан сахилгын зөрчил гаргасан тул 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан.

Мөн хичээлийн цагаар сурагчдын өмнө унтаж байсан зэрэг багшийн ёс зүй зөрчсөн үйлдэл гаргаж, Ахлах ангийн хичээлийн эрхлэгчээс сануулга, шаардлага хүртэл сонсож байсан болно.

2017-2018 оны хичээлийн жилд Дүрслэх урлагийн багш Б.Г нь үүрэгт ажилдаа хангалтгүй ажиллаж, ажлын цагаас байнга хоцорч, сахилгын шийтгэл хулээж байсан бөгөөд энэхүү алдаа дутагдлаа засаж залруулаагүй. Өнгөрсөн хичээлийн жилийн хугацаанд ажилласан багш нараас дараагийн хичээлийн шинэ жилд үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг сургуулийн удирдлагын хэмжээнд шийдвэрлэдэг бөгөөд ажлын цаг ашиглалт, сургалтын чанар, үр дүнг нь харгалзан Дурслэх урлагийн багш Б.Гтэй “Хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах тухай” албан бичгийг хүргээгүй болно. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалтын дагуу “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон” үндэслэлээр Дүрслэх урлагийн багш Б.Гийг 2018 оны 106 тоот тушаалаар 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажпаас чөлөөлсөн болно. Тус сургууль нь өөрийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг, ямар нэгэн улсын төсвийн дэмжлэг байхгүй, хувийн хэвшлийн байгууллага, багшийн ажлын цагийн ачаалал нь тухайн хичээлийн жилийн элсэгчдийн тооноос шууд хамааралтай, үндсэн ажилтнаар ажиллах багшийн ажлын ачаалал, цагийн багшаар гэрээгээр ажиллах багшийн ачаалал аль нь байх эсэх нь тухайн хичээлийн жилийн элсэгчдийн тооноос шууд хамаарч, хэдэн багш авч ажиллуулах төсөв, санхүүжилт ямар байх нь тухайн хичээлийн жилд төлөвлөж, шийдвэрлэдэг тул “Хөдөлмөрийн гэрээ”-ний хугацааг тухайн хичээлийн жилд нь буюу 1 /нэг/ жилээр хийж, тухай бүр сунгалт хийж, ажиллаж ирсэн.

Тус сургууль Олон Улсын Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг. Олон Улсын дунд сургууль тул хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа, амралтын хуваарь нь Монгол Улсын Ерөнхий боловсролын бусад дунд сургуультай харьцуулбал хичээлийн жил, улирлын амралтын үргэлжлэх хуваарь, багш нарын ээлжийн амралтын хугацаа нь өөр байдаг.

Өөрөөр хэлбэл, Дүрслэх урлагийн багш Б.Гийг 2018 оны 106 тоот тушаалаар 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн хугацаа нь манай сургуулийн хувьд дараагийн хичээлийн шинэ жил буюу 2018-2019 оны хичээлийн жил эхлээд 2 дахь долоо хоногтоо орсон хугацаа юм.

Иймд Дүрслэх урлагийн багш Б.Гийн ээлжийн амралтын хугацаа дууссан, ээлжийн амралтын цалин хөлсөө бүрэн авсан цаг хугацаа юм.

Өөрөөр хэлбэл, 2017-2018 оны хичээлийн жил 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эхлэж, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дуусаж, нийт багш нар хичээлийн жилийн эцсийн тооцоо хийж, ээлжийн амралтын цалин хөлсөө бодуулан авч, тухайн жилийн “Хөдөлмөрийн гэрээ” дуусгавар болсон байна.

2018-2019 оны хичээлийн жил 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эхлэж, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар хичээлийн жилийн хуваарь батлагдсан байна.

Хэрэв тухайн багшийн “Хөдөлмөрийн гэрээ”-г сунгах шаардлагатай гэж үзвэл, удирдлагын зүгээс өнгөрсөн хичээлийн жилийн ажлын чанар, үр дүнг харгалзан үздэг. Дүрслэх урлагийн багш Б.Гийн хувьд сахилгын шийтгэл авч байсан бөгөөд алдаа дутагдлаа засаагүй, хичээлийн цагаар багшийн ёс зүй зөрчиж, хичээл дээр унтаж байсан зэргээс хамаарч цаашид “Хөдөлмөрийн гэрээ”-г нь сунгах боломжгүй буюу шинэчлэн гэрээ байгуулах талаар удирдлагаас дэмжлэг авахгүй нөхцөл байдал үүссэн байсан байна.

Иймд Дүрслэх урлагийн багш Б.Гтэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний хугацааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд ажилд нь эргүүлэн томилох нөхцөл үүсээгүй, үүрэгт ажлаас чөлөөлсөнөөс хойш түүнд олгох цалин хөлс байхгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “И.Э.Э” ОУДС-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлага гаргасан.

Хариуцагч тал Б.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг хууль зөрчөөгүй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах боловч ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцож, хугацаатай гэрээ байгуулсан түүнчлэн ажилтан үүрэгт ажилдаа хангалтгүй ажиллаж, ажлын цагаас байнга хоцорч сахилгын шийтгэл хүлээж байсан тул хөдөлмөрийн гэрээг сунгах үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “И.Э.Э” ОУДС-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг ажил олгогчоос хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан байна.

Ажил олгогч “Э.И.Э” Сургуулийн захирлын 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101 тоот тушаалаар ажилтан Г.Ц-ийг тус сургуульд дүрслэх урлагийн багшийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь хэрэгт авагдсан ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилтаны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 4-5, 9, 24, 27 дахь талд/

“И.Э.Э” ОУДС-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн Б.Гийг  үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг зохицуулах бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлд зохицуулснаар ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэл, шаардлагаар хугацаатай болон хугацаагүй байгуулах үүргийг ажил олгогч тал хүлээнэ.

Ажил олгогч “И.Э.Э” ОУДС нь ажилтаны ажлын байр байнгын ажлын байр гэдэгтэй маргахгүй байх ба ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй”, 23.2.2-д “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно” гэж заасны дагуу ажилтантай харилцан тохиролцож, 2017 оны  8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан гэж тайлбарлаж байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байранд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйл болон 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалт нь тус тус хөдөлмөрийн харилцаанд оролцож буй ажилтны хөдөлмөрлөх эрхийг хуулиар хамгаалж буй зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогч хэн алины санаачилгаар тэдгээрийн хүссэнээр тодорхой зайлшгүй үндэслэл, шаардлага үүссэн тохиолдол хамаарах бөгөөд энэ шалтгаан нөхцөл болон талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгах шаардлагтай.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1  дэх хэсэгт “талууд албан тушаалд хамаарах ажил үүргийн болон ажил олгогчийн эрхлэх үйл ажиллагааны онцлог, ажилтаны авсан үүрэг амлалт зэргийг харгалзан энэхүү гэрээг 12 сарын хугацаатай байгуулахаар харилцан тохиролцов” гэж, мөн гэрээний 9 дэх хэсэгт “ажилтаны ажил олгогчийн өмнө хүлээсэн үүрэг амлалт”-ыг заасан байна.

Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан үндэслэл мөн адил хамаарах бөгөөд тус хуулийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зохицуулснаар талуудын тохиролцоо хуульд нийцсэн байх шаардлагтай.

Гэрээнд заасан талуудын тохиролцооны үгийн утгыг гэрээний үндсэн зорилго, агуулга, нөхцөл зэрэгт нийцүүлэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэг заасан журмын дагуу тодорхойлоход “ажилтаны авсан үүрэг амлалт”-ыг харгалзах үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон зайлшгүй шалтгаан нөхцөл бус хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарах агуулгаар тайлбарлагдахаар байх тул тус агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, 23.2.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, түүнчлэн “албан тушаалд хамаарах ажил үүргийн болон ажил олгогчийн эрхлэх үйл ажиллагааны онцлог”-ийг харгалзах үндэслэл буюу энэ хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой бус байна.

Дурдсан үндэслэл буюу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хуульд нийцээгүй байх тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Гийг “И.Э.Э” ОУДС дүрслэх урлагийн багшийн үүрэгт ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар 2018 оны 6, 7, 8 дугаар сарын дундаж цалин хөлс нь 3,243,333 төгрөг байх бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 3 сар 13 хоног буюу /3,243,333х3+1,916,514/=11,646,513 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Б.Гд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Шүүх хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн тул хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон шалтгаан нөхцөл буюу ажилтан удаа дараа зөрчил гаргасан, сахилгын шийтгэл хүлээж байсантай холбоотой баримтад тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлаггүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Гийг “И.Э.Э” ОУДС дүрслэх урлагийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч “И.Э.Э” ОУДС-иас 11,646,513 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг харицагч “И.Э.Э” ОУДС-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “И.Э.Э” ОУДС-иас улсын тэмдэгтийн хураамжид 201,294 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ