Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0588

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн гомдолтой

  захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Ш

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч “Д” ХХК

          Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Ш

          Гомдлын шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 069**** дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2024/0038 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б

          Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Ш

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

          Хэргийн индекс: 110/2024/0046/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч “Д” ХХК нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Шад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 069**** дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.

          2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2024/0038 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Д” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 069**** дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

              3. Давж заалдах гомдлын агуулга: 

            3.1 Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Ш давж заалдах гомдолдоо:

“Хариуцагч геологи, уул уурхай хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч миний бие нэхэмжлэгч “Д” ХХК-д 2024 оны төлөвлөгөө ирүүлээгүй гэх үндэслэлээр торгуулийн арга хэмжээ оногдуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тус газар нь улсын тусгай хамгаалалттай газартай давхцалтай тул үйл ажиллагаа явуул чадахгүй байгаа, иймээс төлөвлөгөө гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбартай шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4.3-т “2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшиг Ц.Б холбогдох хүмүүсийн хамт тусгай зөвшөөрөлтэй газарт нэвтэрч, чулуун! дээж авсны төлөө Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас саатуулан шалгалт хийж, олон хоног хүлээлгэж, холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, эцэст нь Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчлийн арга хэмжээ авхуулахаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлсэн, мөн тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй “...Д ХХК нь өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас дээж авсан болох нь тогтоогдож байх тул ...” гэх зэрэг үйл баримтуудаар 2024 оны уулын ажлын төлөвлөгөөгүй мөртлөө 2024 онд ашиглалтын талбайдаа үйл ажиллагаа явуулж Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн нь бүрэн дүүрэн нотлогдож байхад анхан шатны шүүх авч үзээгүй.

...Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны зөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар батлах тухай” А/121 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавигдах шаардлага”-ын 2 дахь хэсгийн 2.2-т “Үйл ажиллагаа явуулахгүй тухай X төлөвлөгөө” өгөхөөр зааснаар заавал уулын ажлын төлөвлөгөө биш үйл ажиллагаа явуулахгүй тухай X төлөвлөгөө хүргүүлэх ёстой байсан ба энэ талаар хариуцагч миний бие шүүхэд хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа “...дараа жил үйл ажиллагаа явуулахгүй гэснийг нотлох “X” /икс/ төлөвлөгөөг ... хүргүүлэх ёстой байсан гэдгийг хэлсэн. Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дугаартай тушаалын хавсралтаар “Үйл ажиллагаа явуулахгүй тухай X төлөвлөгөө” гаргаж өгөх талаар нарийвчлан тусгаж өгсөн, гэтэл нэхэмжлэгч “Д” ХХК нь хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүхээс тогтоохгүйгээр илт нэг талыг баримтлан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус аймагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нийт 30 аж ахуйн нэгж байдаг ба үүнээс өнөөдрийн байдлаар 2 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бусад нь “Үйл ажиллагаа явуулахгүй тухай X төлөвлөгөө” гаргаж Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлдэг нь аж ахуйн нэгжүүдээс ирүүлж буй баримтуудаар нотлогдож байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2024/0038 дугаар хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ: 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Шын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Ш-аас “Д” ХХК нь 2024 оны уулын ажлын тайлан хуулийн хугацаанд ирүүлээгүй асуудлыг шалгаж, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 069**** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсгийг баримтлан “Д” ХХК-ийг 2024 оны уулын ажлын төлөвлөгөө хуулийн хугацаанд ирүүлээгүй гэх зөрчилд “Д” ХХК-ийг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

          3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Шаас “..Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/*** дугаартай тушаалын хавсралтаар “Үйл ажиллагаа явуулахгүй тухай X төлөвлөгөө” гаргаж өгөх талаар нарийвчлан тусгаж өгсөн, гэтэл нэхэмжлэгч “Д” ХХК нь хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүхээс тогтоохгүйгээр илт нэг талыг баримтлан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж марган давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

          4. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 48.6.2-д “Дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор” гэж тус тус заажээ.

          5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Д” ХХК-ийн ашигт малтмалын MV-01**** дугаар тусгай зөвшөөрөлтэй Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “*****” нэртэй газарт байх 353.54 гектар уурхайн талбай нь Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай”  57 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дугаартай тогтоолоор баталсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлд нь, ойн сан бүхий газрын хилийн заагтай хэсэгчилсэн давхцалтай болох нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 6/3589 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдсон байна.

          6. Анхан шатны шүүх “...тухайн газартаа ашигт малтмал ашиглах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд хамааралтай тул дээрх үндэслэл, шалтгаанаар “Д” ХХК нь тухайн газартаа ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд уулын ажлын төлөвлөгөөг гаргаж, төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээхгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

           7. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 069**** дугаартай шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-ийг 2024 оны уулын ажлын тайлан хуулийн хугацаанд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсгийг баримтлан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байгаа энэ тохиолдолд хариуцагчийн “...“Д” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй тухай Х төлөвлөгөө ирүүлээгүй” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

            8. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд энэхүү тохиолдолд тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй, уулын ажлын төлөвлөгөө гаргах бодит нөхцөл бүрдээгүй үед Х төлөвлөгөө гаргаагүй хэмээн буруутган зөрчилд тооцсон нь зөрчлийн шинжийг улсын байцаагч харгалзан үзээгүй байна.  

          9. Цаашид уулын ажлын төлөвлөгөө болон бусад мэдээ тайланг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хугацаанд нь гаргах үүргээс энэхүү шүүхийн шийдвэр чөлөөлөхгүй болохыг Д” ХХК нь анхаарвал зохино.

          Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 110/ШШ2024/0038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналт, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Ж.Ш-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                     ШҮҮГЧ                                           Д.ОЮУМАА

 

                                 ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА