Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
Хэргийн индекс | 138/2016/0131/э |
Дугаар | 131 |
Огноо | 2016-11-30 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 131
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,
Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг,
Улсын яллагч Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг,
Насанд хүрээгүй шүүгдэгч У.Борчулууны хууль ёсны төлөөлөгч Х.Уранцэцэг,
Шүүгдэгч Э.Баяржаргал, У.Борчулуун, Ц.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уул Монгол овогт Энхбатын Баяржаргал, Зэлмэ овогт Уранцэцэгийн Борчулуун, Хатгин овогт Цагаанхүүгийн Ган-Эрдэнэ нарт холбогдох 201611000400 дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, Дорнод аймаг дахь Политехник коллежийн хүнд машин механизмын техникчийн 1 дүгээр ангид сурдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиат-ын 10 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, Уул монгол овогт Энхбатын Баяржаргал /РД-ЖЮ98111413/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 15 нас 24 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, Дорнод аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын засал чимэглэлийн 1 дүгээр ангид сурдаг, ам бүл 5, эх, эгч, 2 дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиат-ын 10-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, Зэлмэ овогт Уранцэцэгийн Борчулуун /РД-ЖЮ01110613/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1997 оны 12 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 27-119 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, Хатгин овогт Цагаанхүүгийн Ган-Эрдэнэ /РД-ЖЮ97120431/.
Насанд хүрээгүй яллагдагч Э.Баяржаргал нь У.Борчулуун, Ц.Ган-Эрдэнэ нартай бүлэглэж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00.30 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 5 дугаар байрны баруун талд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн иргэн Б.Сүлд-Эрдэнийн эзэмшлийн "Nokio 60-20" маркийн хар хөх өнгийн гар утсыг дээрэмдэн авч, 35000 төгрөгийн хохирол учруулсан,
Насанд хүрээгүй яллагдагч У.Борчулуун нь Э.Баяржаргал, Ц.Ган-Эрдэнэ нартай бүлэглэж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00.30 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 5 дугаар байрны баруун талд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн иргэн Б.Сүлд-Эрдэнийн эзэмшлийн "Nokio 60-20" маркийн хар хөх өнгийн гар утсыг дээрэмдэн авч, 35000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ц.Ган-Эрдэнэ нь Э.Баяржаргал, У.Борчулуун нартай бүлэглэж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00.30 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 5 дугаар байрны баруун талд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн иргэн Б.Сүлд-Эрдэнийн эзэмшлийн "Nokio 60-20" маркийн хар хөх өнгийн гар утсыг дээрэмдэн авч, 35000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 2016 оны 9 сарын 13-ны орой Чукатай хамт гэртээ байж байгаад "найзынхаа гэрт хоноод ирье" гэж ээжид хэлээд Ган-Эрдэнийн гэр рүү явсан. Бид гурав Ган-Эрдэнийн гэрт нь байж байгаад гарч тоглох гэхэд гадаа тоглож байгаа хүн байгаагүй. Ингээд юу хийхээ мэдэхгүй явж байгаад 1000 төгрөгөөрөө юм авч идэх гэж дэлгүүр орсон. Дэлгүүрт ороод пиво байхаар нь сонирхоод авах гэхэд бид гуравт мөнгө байхгүй байсан тул миний гар утсыг барьцаанд тавьж 2 том савтай пиво аваад эмнэлгийн урд талд очиж уусан. Бид гурав нэг савтай пивыг нь ууж чадалгүй асгасан. Орой болсон тул 1000 төгрөгөөрөө тамхи авах гээд 1 дүгээр байшингийн хажуу талын граашийн дэргэд байдаг ТҮЦ рүү явсан. Явах замдаа би энэ хоёрт ээжийн гар утсыг барьцаанд тавьсан байсан тул ээжээсээ айгаад байгаа талаар хэлсэн юм. Ингээд бид гурав хүний утас булааж авахаар ярилцаад Ган-Эрдэнийн гэр рүү явж байх замд буюу 5 дугаар байрны гадна нэг ах утсаар ярьж байхаар нь Б Борчулуун очоод тэр ахын араас нь хоёр мөрнөөс нь бариад өвдөглөөд хойш нь газар унагаасан, тэгэхэд тэр ахыг Ган-Эрдэнэ цохиж байгаа харагдсан, хэдэн удаа хаана нь цохисныг би сайн мэдэхгүй байна. Тэр ах эхлээд Ган-Эрдэнийг барихаар нь би тавиулах гээд гарнаас нь татсан, тэгэхэд тэр ах намайг бариад тавихгүй байхаар нь би нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч У.Борчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч У.Борчулуун мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 10-22 тоотод байдаг бөгөөд 2016 оны 9 сарын 13-ны орой 21 цагийн орчимд би Баяржаргал гэдэг ахын гэрт хонолоо гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгээд Баяржаргал ахтай уулзаад бид хоёр Хэрлэн сумын 7-р баг буудалд байдаг Ган-Эрдэнэ гэх ахын гэр рүү нь очсон. Тэгээд Ган-Эрдэнэ ахыг аваад бид гурав гурвуулаа пиво авч ууя гэж ярилцаад үйлчилгээний төвийн баруун талын дэлгүүрээс том савтай 2 ширхэг пиво аваад эмнэлгийн урд талд бид гурав авсан пивоо уусан. Тэгээд 00 цагийн орчимд байх бид гурав Хэрлэн сумын 9-р баг 20-р байрны урд талд очоод 10 ширхэг тамхи аваад явж байтал нэг ах тамхи авсан. Тэгэхээр нь бид гурав тэр ахын араас нь дагаж очоод 5-р байрны баруун талд явж байхад нь Баяржаргал, Ган-Эрдэнэ ах хоёр тэр ахтай юм яриад тамхи асаагаад байж байхаар нь би тэр ахын ард талаас 2 мөрнөөс нь бариад нуруу руу нь өвдөглөж байгаад газар унагаасан. Газар унагаагаад нүүр рүү нь 1 удаа цохисон бөгөөд Ган-Эрдэнэ ах утсыг нь аваад бид хоёр урагш алхаад явж байхад орцноос нэг ах гарч ирээд намайг барихаар нь би тэр ахын гарыг түлхээд буудал руу зугтаасан. Бид гурав тамхи аваад явж байсан, тэгээд тэнд хүн явж байхаар нь тэр хүнд утас байвал авчихъя гэж бодож араас нь дагасан юм. Дагахаасаа өмнө бид гурав гурвуулаа энэ хүн рүү очоод
утас байвал авъя гэж ярьсан байсан. Би тэр хүний гар утсыг нь хараагүй, утас нь газар унахад Ган-Эрдэнэ утсыг аваад урагш явахаар нь би Ган-Эрдэний араас явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/
Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 27-119 тоотод байдаг бөгөөд 2016 оны 9 сарын 13-ны орой 21 цагийн орчимд байх манай найз Баяржаргал, Борчулуун нар манай гэрт ирсэн. Тэр хоёр манай гэрт орж ирээд гадагшаа гаръя гэхээр нь би хамт гарсан бөгөөд гараад үйлчилгээний төвийн баруун талын дэлгүүрээс том савтай пиво 2 ширхэгийг аваад эмнэлгийн урд талд пивоо хувааж уусан. Пиво авахдаа бид гурав Баяржаргалын утсыг дэлгүүрт тавьж авсан бөгөөд пивоо уучихаад тамхи олж авах гээд 5-р байшингийн тийшээ яваад тамхи авсан. Тэгээд тамхи авчихаад байж байхад Баяржаргал утсаа яана аа, гэрийнхнээсээ айгаад байна гэсэн утгатай юм ярихаар нь бид гурав хоорондоо ярилцаад гурвуулаа хүн таарвал утсыг нь шүүрчихъя гэж ярилцсан юм. Тэгээд тамхи аваад байж байтал дээгүүрээ 83 гэсэн бичигтэй хар өнгийн цамц өмссөн, 30 гаран насны согтуу хүн гараад явж байхаар нь бид гурав очоод гал асуугаад тамхиа асаагаад байж байхад Борчулуун тэр ахын ард талаас татаад унагаасан. Тэгээд тэр ахыг газар унахаар нь би тэр ахын нүүр рүү 3-4 удаа цохисон. Баяржаргал, Борчулуун хоёр бас тэр ахыг цохисон. Гэхдээ хэдэн удаа хаана нь цохисныг би сайн мэдэхгүй байна. Бид гурав гурвуулаа л цохисон. Тэгээд цохиж байгаад тэр ахын өмднийх нь хармаанд байсан утсыг нь би аваад урагш гүйсэн. Борчулуун бас миний араас гүйсэн бөгөөд урагш гүйхэд орцноос нэг ах гарч ирээд Борчулуун бид хоёрыг барихад бид хоёр гарыг нь түлхээд зугтаасан. Тэгээд урагшаа гүйж байтал цагдаагийн машин ирээд намайг барьсан. Борчулуун тэр чигээрээ манай гэрт очоод унтаж амарсан байсан. ...Баяржаргалын утсыг дэлгүүрт тавьсан болохоор утас олж өгөх гээд ийм зүйл хийсэн, уг нь тэр хүнийг зодож цохино гэж бодоогүй, утсыг нь шүүрээд зугтаачихъя гэж бодсон боловч утсыг нь шүүрч чадаагүй, тэгээд цохичихсон юм. ...Өөр эд зүйл аваагүй, ...харин хүний утас авъя гэж гурвуулаа л ярилцсан, гэхдээ шүүрч зугтаана гэж ярилцсан байсан боловч ийм зүйл болчихлоо" гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг гардаг өдөр манай хүү У.Борчулуун найзындаа хононо гэж хэлээд гэрээсээ гарсан. У.Борчулуун уг нь миний үгнээс гардаггүй их томоотой, хүмүүжил сайтай хүүхэд байгаа юм. Болчимгүй үйлдэлд холбогдсонд нь харамсаж байна. Цаашид хүүхдээ сайн харж хандана. Гэнэн томоогүй зангаас болж энэ хэрэгт холбогдсон гэж бодож байна.. Одоо сургуульд сурч байгаа. Цаашид хүүхдээ сайн хүмүүжүүлнэ гэв. Хохирогч Б.Сүлд-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 9 сарын 13-ны орой 23 цагийн орчимд Соронзонболд гэх найзынхаа хамтаар Нүүдэлчин гэх газарт пиво уучихаад тэндээсээ гараад Соронзонболдыг "Тулга" буудалд оруулж өгчихөөд Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байшинд байдаг дүүгийнхээ гэрт унтахаар явж байсан юм. Тэгээд 5 дугаар байшингийн хамгийн хойд талын орцны тэнд явж байхад 2 хүүхэд ах аа гал байна уу? гэхээр нь би тамхийг нь асааж өгөх гээд зогсож байхад гэнэт миний араас цохиж татаад намайг газар унагаасан. Тэгээд газар унахад гурван хүүхэд миний дээрээс өшиглөөд зодсон. Би Баяржаргал гэх хүүхдийнх нь хөлнөөс зуураад тавихгүй байсан бөгөөд нөгөө хүүхэд хөлөө тавиулах гээд миний нүүр рүү өшиглөөд гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхэд орцноос 2 хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүүхэд нь зугтаагаад Баяржаргал гэх хүүхдийг нь би хөлнөөс нь барьсан чигээрээ байж байсан. Тэгэхэд цагдаа ирээд тэр хүүхдийг аваад явсан. Анх гал асуухад 2 хүүхэд байсан, тэгэхэд нэг хүүхэд нь араас цохиж намайг газар унагаасан бөгөөд газар унасны дараа гурвуулаа намайг элбэж зодоод миний өмдний хармаанд байсан хар саарал өнгийн Нокио маркийн товчлууртай утсыг аваад зугтаасан. Би тэр залуучуудыг өмнө нь таньдаггүй байсан, тэдгээр хүмүүстэй маргаж муудаагүй, тамхийг нь асаагаад зогсож байтал намайг нэг нь унагаагаад гурвуулаа нийлж зодож утсыг минь дээрэмдсэн. Миний утас хар саарал өнгийн Нокио маркийн гар утас байсан. ... Ер нь гурвуулаа л элбээд цохисон, гадаа харанхуй байсан бөгөөд нэг нь араас цохиж унагаагаад тэгээд гурвуулаа элбэж өшиглөж цохисон. Би нүүрээ хамгаалаад байж байсан, гурвуулаа зодсон. ...тэр гурван хүүхэд надад учруулсан хохирлыг минь төлж барагдуулсан, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг гаргасан дүгнэлтэндээ Э.Баяржаргал, У.Борчулуун, Ц.Ган-Эрдэнэ нар хүний гар утсыг зодож авсан буруутай байна. Гурван биеэ удирдаж чадахгүй энэ хэргийг хийсэн байна гэжээ. Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 718 тоот дүгнэлтэд 1. Б.Сүлд-Эрдэнийн биед хамрын хуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд өнгөц язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 45/
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Б.Сүлд-Эрдэнийн тайлбар /хх-ийн 4-6/, У.Борчулууны тайлбар /хх-ийн 9/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 15,19/, хохирогч Б.Сүл-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Б.Хишигжаргалын мэдүүлэг /хх-ийн 28-29/, Д.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Ц.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч Г.Гантогосын мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч Х.Бадамгаравын мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч Э.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэрч Ю.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч Г.Эрдэнэгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 42-43/, шүүгдэгч Э.Баяржаргалын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62, 76/, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ганцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 64-65/, шүүгдэгч У.Борчулууны сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68, 81-82/, насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уранцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 70-70/, шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74, 78-79/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85, 101, 102, 104/, шүүгдэгч Э.Баяржаргалын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-ийн 87-88/, Э.Баяржаргалын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 89/, суралцагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 91-92/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 93-94/, У.Борчулууны төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96/, У.Борчулууны нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 98/, шүүгдэгч У.Борчулууны тодорхойлолт /хх-ийн 99/, шүүгдэгч У.Борчулууны урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100/, Дорнод аймаг дахь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт /хх-ийн 103/, шүүгдэгч Ц.Ган-Эрдэний урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107/, Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн тодорхойлолт /хх-ийн 108/, шүүгдэгч Ц.Ган-Эрдэний мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 109-110/, хохирогч Б.Сүлд-Эрдэнийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 115/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 116/, шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Дорнод аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүсэлт, хамтран ажиллах дөрвөлсөн гэрээ, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны хүсэлт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Баяржаргал, У.Борчулуун, Ц.Ган-Эрдэнэ нар нь бүлэглэж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00.30 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 5 дугаар байрны баруун талд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн хохирогч Б.Сүлд-Эрдэнийн эзэмшлийн "Nokio 60-20" маркийн хар хөх өнгийн гар утсыг дээрэмдэн авч, 35000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Б.Сүл-Эрдэнэ, гэрч Б.Хишигжаргал, Д.Сүхбаатар, Ц.Энхбат, Г.Гантогос, Х.Бадамгарав, Э.Оюун-Эрдэнэ Ю.Оюунгэрэл, Г.Эрдэнэгэрэл нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 718 тоот дүгнэлт зэрэг хангалттай нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байх тул тэдэнд хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Баяржаргал, У.Борчулуун, Ц.Ган-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгч Э.Баяржаргал, У.Борчулуун нар нь арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Баяржаргал, У.Борчулуун нар нь арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, шүүгдэгч Э.Баяржаргал, У.Борчулуун нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсгийг журамлан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжэээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэ, Э.Баяржаргал нарын ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч У.Борчулуун нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн, хувийн байдал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 376 дугаар зүйлийн 376.1-д зааснаар Цагдаагийн газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн хүсэлт, мөн тэдгээр байгууллага болон хууль ёсны төлөөлөгч Х.Уранчимэг, насанд хүрээгүй хүүхэд У.Борчулуун нарын хооронд байгуулсан дөрвөлсөн гэрээ зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар тогтож, шүүхээс насанд хүрээгүй шүүгдэгч У.Борчулууныг сургуульд суралцах, сургуулиа өөрчилсөн бол тухайн оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх, хүмүүжүүлэх, засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх зэрэг үүргийг эцэг, эх болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтдаа байлгах үүргийг Цагдаагийн газрын хүүхдийн албанд тус тус даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэдэг учраас Нэгдсэн Үндэсний байгууллагын ерөнхий ассамблейгаас 1966 онд баталж, Монгол улс 1974 онд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 4-т "Насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэдний нас болон засарч хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлэх ёстой" гэсэн заалтыг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч У.Борчулуунд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах асуудлыг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй болох нь эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/, хохирогч Б.Сүлд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 26-27/, хүсэлт /ххийн 115/ зэргээр батлагдаж байна. Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийн эзэмшлээс АF 0429898 серийн дугаар бүхий 10000 /арван мянга/ төгрөг, шүүгдэгч Э.Баяржаргалын эзэмшлээс хар өнгийн LG-Su760 маркийн гар утсыг, насанд хүрээгүй шүүгдэгч У.Борчулууны эзэмшлээс Самсунг Нөт-1 маркийн хар өнгийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох нь зүйтэй юм. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Ган-Эрдэний ЖЮ97120431, шүүгдэгч Э.Баяржаргалын ЖЮ98111413 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхүүдийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, насанд хүрээгүй шүүгдэгч У.Борчулууны 0059741 дугаартай төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ
1.Шүүгдэгч Уул Монгол овогт Энхбатын Баяржаргал, Зэлмэ овогт Уранцэцэгийн Борчулуун, Хатгин овогт Цагаанхүүгийн Ган-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Энхбатын Баяржаргал, Уранцэцэгийн Борчулуун нарыг тус бүр 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ган-Эрдэнэд оногдуулсан 3 жил 5 сарын, ялтан Э.Баяржаргалд оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан У.Борчулуунд оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй ялтан У.Борчулуунд 2 жил 7 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хүмүүжүүлэх, засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг эцэг, эх болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтдаа байлгах үүргийг Цагдаагийн газрын хүүхдийн албанд тус тус даалгасугай.
5. Ялтан нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Ц.Ган-Эрдэний ЖЮ97120431, ялтан Э.Баяржаргалын ЖЮ98111413 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхүүдийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, насанд хүрээгүй ялтан У.Борчулууны 0059741 дугаартай төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ган-Эрдэнийн эзэмшлээс АF 0429898 серийн дугаар бүхий 10000 /арван мянга/ төгрөг, ялтан Э.Баяржаргалын эзэмшлээс хар өнгийн LG-Su760 маркийн гар утсыг, ялтан У.Борчулууны эзэмшлээс Самсунг Нөт-1 маркийн хар өнгийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 21-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-уудыг тус тус хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Ган-Эрдэнэ, Э.Баяржаргал нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ялтан У.Борчулуунд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх ялын хугацааг 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.Ган-Эрдэнэ, Э.Баяржаргал нарт авсан цагдан хорих, насанд хүрээгүй ялтан У.Борчулуунд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД Ү.ОДГЭРЭЛ
Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ