| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/04237/И |
| Дугаар | 03693 |
| Огноо | 2018-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 03693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргин анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ж-д холбогдох,
Гэрээний үүрэгт 26,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лувсансампил, гэрч Ч.Сугаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Н, Б.Жбид харилцан тохиролцож 22,500,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болох Майти загварын автомашин болон хөлдөөгч 10 ширхэгийг зээлээр худалдахаар болоод зээлийн гэрээ байгуулсан юм. 22,500,000 төгрөгийг Б.Жнь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэхэд төлж дуусгасан байхаар, хэрэв мөнгийг төлж дуусахгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулж, гэрээгээ нотариатаар батлуулсан юм. Би зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд Б.Ж-аас2,500,000, 500,000, 890,000 нийтдээ 3 удаа 3,890,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш Жавзангпагмын нөхөр нь нас барсан учир би зээлийг төлөхийг шаардаж чадахгүй төлбөрөө төлөхийг хүлээсээр өнөөдрийг хүрлээ. Өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж энэ зээлийн гэрээний асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч Б.Ж нь уулзахгүй утсаа авахгүй байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Уг нь миний өгсөн машин, хөлдөөгчөөрөө ажил амьдралаа залгуулж байгаа хирнээ надад мөнгийг минь төлчихье гэж бодохгүй байгаад гомдолтой байна. Миний бие саяхан эмчилгээ хийлгээд санхүүгийн хүнд байдалд орчихоод байгаа тул 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 18,610,000 төгрөг, алданги 9,305,000 төгрөг нийт 27,915,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн баримттай танилцаад 1,765,000 төгрөгөөр алдангийг багасгаж, 26,150,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Нийн 10 хөргөгч 5,000,000 төгрөг, маяти маркийн автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Би Б.Нт 2016 оны 3 дугаар сард 4,300,000 төгрөг төлсөн байсан. Мөнгө төлж дуусах хугацаа дуусаагүй байхад мөнгөө нэхээд байсан нь хэцүү байсан учир Б.Нтай тохиролцсоны үндсэн дээр машиныг нь буцаан өгсөн. Хэлцэл дуусгавар болсон. Надаас машинаа буцааж авснаас хойш Б.Н нь машинаа 2 газар шилжүүлсэн байсан. Харин 2016 оны намар 8 сард ажлынхаа хэрэгцээнд зориулж хөргүүртэй “портер” машин лизингээр худалдан авах гээд хайж байтал Б.Н манай машиныг ав гээд байсан. Тэр надад хэлэхдээ 15,000,000 төгрөгөөр ав гээд би 2016 оны 8 дугаар сард 5,000,000 төгрөг дансанд нь шилжүүлсэн. Машиныг авахад машин нь “Микро кредит ББСБ” ХХК-ийн нэр дээр байсан тул надаас авсан мөнгөө шууд зээл рүүгээ хийгээд зээл хаана гэсэн боловч зээлээ төлөөгүй байсан. 2017 оны 5 дугаар сарын сүүлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас над руу ярьж энэ машин “Микро кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлээр хураагдсан машин байна гэсэн тул би 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын сүүл хүртэл Б.Нт 9,050,000 төгрөг дансаар шилжүүлэн төлсөн байсан учир машинаа алдахгүй гэж тухайн ББСБ-ийн дансанд 5,400,000 төгрөг төлж, машинаа чөлөөлж авсан. 2017 оны 6 дугаар сарын 08-нд 550,000 төгрөг Б.Нийн дансанд шилжүүлснээр машинй тооцоо дууссан боловч машин хөдөө явсан байсан тул тухайн үед нэрийг шилжүүлж чадаагүй. Анх машинаа 20 сая төгрөгөөр зарахаар болж нотариатаар орох гэтэл машин нь Б.Нийн нэр дээр байгаагүйгээс 2016 оны 6 дугаар сарын сүүлээр 22,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон хэлцэл байгуулсан. Уг хэлцлийн агуулга машин, хөргөгчийг худалдан авахтай холбоотой байсан ч энэ талаар хэлцэлд тусгагдсан зүйл байхгүй. Мөн анх хийсэн хэлцлийн хувьд хоёр тал хоёулаа зөвшөөрсний үндсэн дээр машиныг нь буцаан өгсөн тул нотариатаар батлуулсан хэлцэл дуусгавар болсон гэж үзэж байна. Гэтэл Б.Н нь энэ хэлцлийг хүчинтэй гэж машиныхаа мөнгийг 2 дахь хэлцлийн дагуу надаас бүгдийг нь авчихаад мөнгө нэхээд байгааг хүлээн зөвөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Б.Жд холбогдуулан гэрээний үүрэгт 27,915,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,765,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 26,150,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 22,500,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдүүлэх агуулгыг илэрхийлсэн “зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 4 дэх талд/
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг дурдсан тус гэрээний үүргийн дагуу зээлийн төлбөр 18,610,000 төгрөг, үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 7,540,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч тал татгалзалын үндэслэлээ “... 2015 оны гэрээгээр 10 ширхэг хөлдөөгч, маяти маркийн тээврийн хэрэгсэлийг зээлээр худалдан авахаар тохиролцож, хөлдөөгчийн үнийг бүрэн төлсөн бөгөөд үлдэх мөнгийг төлөх хугацаа болоогүй байхад мөнгөө нэхээд байсан тул тээврийн хэрэгсэлийг буцаан өгсөн, хожим нь дахин 2016 онд уг тээврийн хэрэгсэлийг худалдан авч, төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж тайлбарлаж маргасан.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.
Талуудын хооронд харилцан үүрэг хүлээх агуулга бүхий гэрээг бичгээр байгуулахдаа “зээлийн гэрээ” гэж нэрлэсэн байх боловч уг гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, зорилго, агуулга зэргээс дүгнэн үзвэл тус гэрээ нь агуулгын хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зохицуулсан зээлийн гэрээний харилцаа бус мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зохицуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний агуулгад илүү нийцэж байна.
Тус гэрээгээр худалдагч Б.Н нь 22,500,000 төгрөгийн хөлдөөгч, 95-94 УБИ улсын дугаартай “хьюндай маяти” маркийн тээврийн хэрэгсэлийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч Б.Жнь үнийг гэрээнд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч нь уг гэрээний дагуу худалдсан тээврийн хэрэгсэлийг худалдан авахаас татгалзаж, дахин 2016 онд тохиролцохдоо тээврийн хэрэгсэлийг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч тус тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу тээврийн хэрэгсэлийг хүлээн авсан талаар маргахгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагаа тодорхойлсон гэрээнд заасан үнийн дүнгийн хэмжээгээр худалдсан эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн дансанд 12,800,000 төгрөг, “Микро кредит ББСБ” ХХК-ийн дансанд Б.Нийн зээлэнд түүний өмнөөс 5,394,318 төгрөг нийт 18,194,318 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 16-24, 40, 41-43, 61-68 дахь талд/
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ж-аас/22,500,000-18,194,318/ 4,305,682 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нт олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор, гэрээний 4 дэх хэсэгч “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хуваарь алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж тохиролцсныг баримтлан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хариуцлага буюу алдангид 7,540,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зохицуулсан.
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас худалдан авагч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт хийж үзэхэд дараах үйл баримт тодорхойлогдож байна.
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид хөрөнгө шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч цаг хугацааны хувьд зохигчдын хооронд гэрээ байгуулагдснаас хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Микро кредит ББСБ” ХХК-иас 95-94 УБИ улсын дугаартай “хьюндай маяти” маркийн тээврийн хэрэгсэлийг барьцаалан зээл авч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 60-68 дахь талд/
Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зохицуулснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийг хариуцагчаас алданги шаардах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Ж-аас4,305,682 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ж-аас4,305,682 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 21,844,318 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-аас83,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ