Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 03495

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Д-н нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Ш.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагч Ш.Э, хариуцагчийн өмгөөлөгч Т.Батчимэг, гэрч Ж.Дамдинбазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.       

                      

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.Э нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 2011 онд 4 айлын орон сууц барьж байсан бөгөөд Ж.Дын төрсөн ах Ж.Дамдинбазар нь /Ш.Эын хүргэн болдог/ Ш.Эын барьж буй 4 айлын орон сууцанд хөрөнгө оруулж 4 давхрын 04 тоот 107 м.кв давран өрөө орон сууцыг нь худалдан авах саналыг дүү Ж.Дтоо гаргасан. Үүний дагуу Ж.Д нь тус орон сууцанд 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Ш.Э нь тухайн үед мөнгө төгрөг хэрэгтэй байна ахдаа хэдэн төгрөг зээлж байгаа ч гэхээр нь Ж.Д нь өөрийн харилцах данснаасаа 2011 оны 7 дугаар сарын 18-ний өдөр 1,800,000 төгрөг, 8 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр мөн 500,000 төгрөг нутгийн хүн болох Бесейн Дамайгаас авах 1,000,000 төгрөгийн авлагаа Ш.Эын дансруу шилжүүлгэж нийт 3,800,000 төгрөг өгсөн. Ж.Д, Ш.Э нар нь худ ургийн холбоотой учир зээлсэн мөнгөө өгөх байлгүй гэж бодон нэхэлгүй, 2016 оны 12 дугаар сараас Ж.Д нь утсаар ярьж зээлсэн мөнгө төгрөгөө өг, одоо хангалттай хугацаа өнгөрлөө гэхэд чамд мөнгө төгрөг өгдөг чадал алга, олж авахыг чинь харна гэх мэтээр хэл амаар доромжлон Ж.Доос зээлсэн мөнгөө өдий хүртэл өгөхгүй  Ж.Дын утсыг авахгүй бултсаар байгаа юм. Энэ талаар Ж.Д нь өөрийн төрсөн ахдаа хэлтэл хадам талынхаа үгэнд орж Ж.Дын мөнгийг өгөхгүй гэдэг. Иймд Ш.Эаас 3,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолын 72 дугаар хотхонд байрлах 37 тоот 4 давхар амины орон сууцыг анх өөрийн хүргэн Ж.Дамдинбазарын хамт барьж ашиглалтад оруулсан. Тухайн үед байр 3 давхар баригдаад дуусах үед Дамдинбазарын дүү Ж.Днь хөдөөнөөс ирээд би танай энэ барилга дээр нэмээд нэг давхар бариад хүүхдүүдээ оруулья гэж хүссэн тул ах, дүү, худ ураг улсууд болохоор зөвшөөрсөн. Ингээд Ж.Дөөрөө хөрөнгөө гаргаад нэмж нэг давхар барихаар ажилдаа орсон. Барилгын ажлын явцад Дамдинбазар бид хоёр яг барилгын ажлаа харж хийлгэж байсан. Ж.Дирэн очин байсан. Хөрөнгө мөнгө дутсан үед өөрийн байрны барилгын ажилд орох мөнгөө шилжүүлж байсан. Тэр нь одоо зээлсэн гэж нэхээд байгаа мөнгө юм. Иймд барилгы ажлын явцад хийсэн гэрээ, гарч байсан зардлуудыг тооцож бичиж байсан хувийн тэмдэглэл, байрны зураг, газрын төлбөр төлж байсан баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгч байна. Одоо энэ байрны 4 давхарт Ж.Д-нхүүхдүүд амьдардаг. Байр ашиглалтад ороод ордер гарах үед айл болгон гражтай байхаар баригдсан ба Ж.Днь гражийн төлбөрөө гаргаагүй учраас граж ногдоогүй. Байрны ерөнхий рам боссоны дараа айлууд өөрсдөө дотоод засал чимэглэлээ хийсэн. Харин 4 давхар байр болоход дундын хөрөнгөөр шийдэж, санхүүжилтээ босгосон.

Байрны гадна фасад, шат, дээвэр, цэвэр бохир шугамны холболт, цахилгааны утасны суурилуулалт, барилгын дотоод засал, гадна талбайн тохижуулалт, аянга цахилгааны болон бороо усны хамгаалалт, хаалт гэх мэт барилгын бүх ажлын явцад айлууд хөрөнгөө гаргаж оролцсон. Харин ч 2017 онд барилгын гадна фасад нурж унасны улмаас дахин засварын ажил хийхэд Ж.Д ямар ч хөрөнгө гаргаагүй. Дамдинбазар манай хоёр гадна фасадны ажлыг хийж дуусгасан байгаа. Гэтэл үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэж, тэрийгээ зээлж авсан болгож бичиж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний дансанд мөнгө хийсэн л бол зээлсэн болгоод эргэж нэхэж болдог гэж буруу ойлгосон бололтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Ш.Эад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “...мөнгөний хэрэг байна түр зээлдүүлээч гэснийх нь дагуу 4 удаагийн гүйлгээгээр нийт  3,800,000 төгрөгийг зээлдүүлсэн тул уг зээлийн гэрээний үүргийг хангуулна” гэжээ.

Хариуцагч тал татгалзалын үндэслэлээ “... Баянзүрх дүүрэгт амины орон сууц барьж ашиглалтад оруулах явцад дээш нь нэг давхар нэмээд бариад хүүхдүүдээ оруулья гэсэн саналыг нь зөвшөөрч барилгаа барисан бөгөөд хөрөнгө мөнгө дутсан үед өөрийн байрны барилгын ажилд орох мөнгийг миний дансанд шилжүүлж байсан болохоос түүнээс мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч тал хэргийн 5-8 дахь талд авагдсан 2011 оны 7 дугаар сарын 18-ний өдөр 1,800,000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн төлбөрийн баримтуудаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзэхэд дараах үндэслэл тодорхойлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоог “зээлдүүлэгч нь  зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх”, “зээлдэгч нь  шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг” харилцан үүсгэхээр тохиролцсон  байх агуулгаар зохицуулсан байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “зохигч”-ийн тайлбар хэргийн нотлох баримтад хамаарах боловч нэхэмжлэгчийн зээлийн гэрээ байгуулагдсан гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй учир “зохигчдын тайлбар”-аар гэрээ байгуулагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй тул хэрэгт цугларсан бусад баримтуудад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримтыг хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаас өөрөөр нотлох шаардлаггүй, тус баримтаар зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлдэгчийн шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүрэг үүссэн гэж тайлбарлаж, хариуцагч Баянзүрх дүүрэгт амины орон сууц барьж ашиглалтад оруулах явцад гарсан зардлын баримт, бусад этгээдтэй байгуулсан гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тус баримтуудаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг барилга барихтай холбоотойгоор зарцуулсан гэж шууд эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн гэрч Ж.Дамдинбазар шүүхэд мэдүүлэхдээ “... амины орон сууцыг хариуцагч тал бүрэн хариуцаж барьж ашиглалтад оруулсан үйл баримтын талаар мэдүүлэх боловч маргааны зүйл болох 3,800,000 төгрөгийн талаар тодорхой мэдэхгүй” гэх тул тус гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн баримтуудаар харицагчид 2,800,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг нотлох боловч зээлийн гэрээ байгуулахаар зээлдүүлэгч тал 2,800,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн, зээлдэгч тал тухайн мөнгийг тодорхой хугацааны дараа буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн хүсэл зориг харилцан илэрхийлсэн гэдгийг нотлохгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэг талын мөнгө шилжүүлсэн баримт нь зээлийн гэрээний гол нөхцлийг нөгөө тал хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн, харилцан үүрэг хүлээсэн болохыг шууд эргэлзээгүй нотлохгүй.

Иймд нэг тал гэрээ байгуулсан нөгөө тал гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хувьд гэрээ байгуулсан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж буй тал илүү нотлох үүрэгтэй байна.

Мөнгө шилжүүлсэн буюу нэг талын хүсэл зориг бүхий баримтаар хоёр тал тохиролцсон гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд 2011 оны 7 дугаар сарын 18-ний өдөр 1,800,000 төгрөг, 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтуудаар талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний гол нөхцөлийг тохиролцон гэрээ байгуулсан гэж үзэн хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Хэдийгээр, хариуцагч 3,800,000 төгрөгийг хүлээн авсан гэдэгтэй маргахгүй, өөр үүрэг тохиролцооны дагуу хүлээн авсан гэх түүний тайлбар баримтаар бүрэн тогтоогдохгүй боловч энэ нь түүнийг зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлсэн байна гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч 3,800,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн дагуу гаргуулна гэж тодорхойлсон тул нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч 3,800,000 төгрөгийг зээлдэгчийн хувиар бус бусад ямар үндэслэлээр эсхүл үндэслэлгүйгээр олж авсан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь талууд зээлийн гэрээний үүргээс бусад үндэслэлээр мэтгэлцэж, нотлох үүрэг хүлээгээгүй болно.

Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Дын хариуцагч Ш.Эаас 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Эаас 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Доос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЭНХЖАРГАЛ