Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 03537

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц.к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Ц.К” ХХКнь Баасанжав овогтой Б.Хы хүсэлтээр анх 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 10-21 УНХ улсын дугаартай, Toyota Voltz маркийн авто машиныг нь барьцаалан 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийг 30 хоногийн хугацаатай сарын 6 хувийн хүүтэй Б.Х-д зээл олгосон. Б.Хнь зээл авсанаас хойш холбогдох үед удахгүй төлбөрөө барагдуулна түр хүлээ гэдэг байсан. Гэвч Б.Х нь зээл авсан цагаас хойш нийт 1,100,000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрөө барагдуулаагүй байна.

Зээлийн гэрээний 1.6-д “гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд төлөөгүй хоногийн тоогоор зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө” гэж зааснаар Б.Хы нэг өдрийн алданги нь 4,000,000 /үндсэн зээл*0.5=20,000 /хоногийн*785 /хоног/=15,700,000 болж байгаа бөгөөд нийт 15,700,000+4,240,000= 19,940,000 төгрөг болж байгаа юм. Гэвч манай компани Б.Хаас үндсэн зээл 4,000,000+2,000,000 /хүү алдангийг үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нийт 6,000,000-1,100,000=4,900,000 /дөрвөн сая есэн зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь “Ц.К” ХХКнэхэмжлэлтэй танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна.

Би анх 2013 оны 05 сард “Энхцэцүүн” ББСБайгууллагаас өөрийн эзэмшлийн Toyota Voltz маркийн авто машиныг барьцаалж, 2.950.000 /хоёр сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй зээлж авч байсан. Миний сард төлөх 7 хувийн хүү нь 210,000 төгрөг болж байсан. Тус байгууллагаас намайг cap бүр зөвхөн хүүгээ төл, харин үндсэн мөнгөө бүтнээр нь нэг дор төлж, зээлээ хааж болно гээд миний төлдөг байсан 210.000 төгрөгийг хүүнд тооцож авдаг байсан. Ингээд би cap бүрийн хүүгээ төлөөд, 2015 оны 12 cap хүртэл тус байгууллагын бэлэн мөнгөний кассчинд 210.000 төгрөг төлж, үндсэн мөнгөө төлж чадаагүй явж байтал Энхцэцүүний эдийн засагч Цолмонбаатар намайг 2016 оны 04 сарын 26-ны өдөр дуудаж, 2013 оны хуучин гэрээг маань хураан авч, “та манайд үндсэн мөнгөө төлөөгүй байгаа учир тантай дахин шинэ гэрээ байгуулна” гэж хэлээд, тэр өдрөө миний үндсэн зээл 2.950.000 төгрөг дээр төлөгдөөгүй 3 сарын хүүг нэмээд, нийт 4.000.000 төгрөг гэж гэрээн дээр бичээд, 6% хүүтэй шүү гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан. Мөн тэр өдөр надад энэ байгууллагаас мөнгө огт өгөөгүй, харин гэрээний доор 4.000.000 төгрөг бэлэн авав гэж бичүүлж, надаар гарын үсэг зуруулсан. Би “Ц.К” ХХКгэж нэртэй газраас мөнгө зээлж байгаагүй, харин Энхцэцүүн ББСБайгууллагаас 2013 оны 05 сард л зөвхөн 2.950.000 төгрөг зээлсэн нь үнэн. Би энэ хугацаанд энэ байгууллагад хангалттай их мөнгө төлсөн учир одоо нэмж мөнгө төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц.К” ХХКнь хариуцагч Б.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 4,710,000 төгрөг болгон багасгасан бөгөөд уг шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ОЦ-1098 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүргийг хангуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзалын үндэслэлээ “... 2016 онд зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлдээгүй, уг зээлийн гэрээнд өмнө авч байсан зээлийн тооцоо гээд гарын үсэг зуруулсан ... ” тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар нэг талаас “Энхцэцүүн” ХХК нөгөө талаас Б.Хнарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатайгаар, 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 10-21 УНХ улсын дугаартай тоёота волтз маркийн тээврийн хэрэгсэлийг барьцаалах агуулгатай ОЦ-1098 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулжээ. /х.х-ийн 5 дахь талд/

“Энхцэцүүн” ХХК нь оноосон нэрээ “Ц.К” ХХКболгон өөрчилсөн байх ба энэ талаар хариуцагч маргаагүй. /х.х-ийн 4 дэх талд/

 

Нэхэмжлэгч тал хэргийн 5 дахь талд авагдсан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзэхэд дараах үндэслэл тодорхойлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоог “зээлдүүлэгч нь  зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх”, “зээлдэгч нь  шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг” харилцан үүсгэхээр тохиролцсон  байх агуулгаар зохицуулсан байна.

Зээлдүүлэгчийн гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зохицуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “зохигч”-ийн тайлбар хэргийн нотлох баримтад хамаарах боловч нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй учир “зохигчдын тайлбар”-аар мөнгө шилжүүлэн өгсөн гэдгийг тодорхойлох боломжгүй тул хэрэгт цугларсан бусад баримтуудад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр 10-21 УНХ улсын дугаартай тоёота волтз маркийн тээврийн хэрэгсэлийг барьцаалсан байх боловч тус барьцааны хөрөнгө нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн барьцаанд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 50-55 дахь талд/

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргахгүй байна. /х.х-ийн 60-64 дэх талд/

Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзэхэд талуудын хооронд 2014 онд зээлийн гэрээний харилцаа үүсч, харилцан үүрэг хүлээж байсан нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

Нэг тал мөнгийг хүлээлгэн өгсөн нөгөө тал хүлээн аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хувьд мөнгө шилжүүлсэн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж буй тал илүү нотлох үүрэгтэй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд бичгээр байгуулах хэлцлийн шаардлагыг хангах боловч тус гэрээний мөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч гүйцэтгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нь баримтаар нотлоогүй тул хариуцагчаас мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсноор тус үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан бусад гэрээний харилцаанд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б.Хаас зээлийн гэрээний үүрэгт 4,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ц.К” ХХКнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц.К” ХХКулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ