| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/04138/И |
| Дугаар | 03433 |
| Огноо | 2018-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 03433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я.Э-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,298,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжим, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Я.Э нь Т.Бтай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд тэд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэтэл гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Т.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн 15,000,000 төгрөг, түүний хүү болох 3,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг нийт 27,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Зээлдэгч Т.Б нь 2016 оны 8 дугаар сарын 22-ний өдөр 800,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1,000 төгрөг нийт 5,801,000 төгрөгийг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өнөөдрийн байдлаар төлбөл зохих дүнгээс 12,199,000 төгрөгийг төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 12,199,000 төгрөг, түүний алданги 6,099,500 төгрөг нийт 18,298,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан боловч тооцоолол дээр мөнгөн дүнгийн зөрүү гарч байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүрэг гүйцэтгэх дараалалд эхлээд үндсэн төлбөр, дараа нь хүүг хасах ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 18,000,000 төгрөгөөс 5,801,000 төгрөгийг хасч байгаа нь буруу тооцолол байна. Учир нь үндсэн зээл болох 15,000,000 төгрөгөөс 5,801,000 төгрөгийг хасахаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,199,000 төгрөг болж байгаа. Үүн дээр 2 сарын хүү 3,000,000 төгрөг нэмээд алдангийн 50 хувь нь 4,599,500 төгрөг болж байгаа нийт 16,798,500 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Хариуцагч Т.Б нь бизнес эрхлээгүй, мөнгөгүй байгаа тул мөнгө орж ирэнгүүт мөнгийг төлөх нь ойлгомжтой. Барьцааны гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул үүнийн дурдах шаардлагагүй. 15,000,000 төгрөгийг зээлсэнтэй маргахгүй ч 16,798,500 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч Т.Бад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 18,298,500 төгрөг болгон багасгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу гаргуулна гэж тодорхойлсон.
Зохигч талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан зээлдүүлэгч нэг талаас 15,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нөгөө тал 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр мөнгийг буцаан төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 4 дахь талд/
Тус гэрээний үүргийг хангуулахаар талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 100,000 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг барьцаалсан байх ба уг гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаагүй тул уг гэрээнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. /х.х-ийн 6 дахь талд/
Зээлийн гэрээ байгуулагдаж, 15,000,000 төгрөгийг зээлсэн талаар болон тус гэрээгээр хүлээсэн үүргээс 5,801,000 төгрөгийн үүргийг хариуцагч гүйцэтгэсэнтэй зохигч талуудын хэн аль нь маргаагүй.
Гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зохицуулсан зээлийн гэрээний агуулгад нийцэх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 хэсэгт зааснаар мөнгө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг зээлдэгч талд, зээлийн гэрээний үүргийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна.
Хариуцагч нь тооцоолын хувьд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар буюу эхлээд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх зохицуулалтын дагуу тооцоход 18,298,500 төгрөг бус 16,798,500 төгрөг гарах ёстой гэж тайлбарлаж маргасан.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан тус хуулийн зохицуулалтын зорилго нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх дарааллыг тогтоох бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох зорилготой тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс төлсөн 5,801,000 төгрөгийг хасч үлдэх 9,199,000 төгрөг, 2 сарын хүү 3,000,000 төгрөг нийт 12,199,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Гэрээний 2 дахь хэсэгт “зээл авагч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн хоногийн 0,5 хувийн алданг тооцон зээлдүүлэгчид төлнө” гэж тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Зээлийн гэрээний дагуу хүү төлөх үүрэг нь үндсэн үүрэг тул хариуцлагын үүрэг буюу хугацаа хэтрүүлсэний алдангийг гэрээний үндсэн үүрэг болох 12,199,000 төгрөгөөс тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 6,099,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т.Баас зээлийн үндсэн төлбөрт 9,199,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, алдангид 6,099,500 төгрөг нийт 18,298,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Эд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Баас 18,298,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Эд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баас 249,442 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ