Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 03438

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г.б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19,146,593.67 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.      

                

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Б нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дугаар ЗГ1605115323 тоот зээлийн гэрээ, дугаар БГ1605115323 тоот барьцааны гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн өрхийн зээл авсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 1,417,664.81 төгрөг, үндсэн хүүнд 4,134,187.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,448.01 төгрөг нийт 5,554,300 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу сар бүр эргүүлэн төлөх үүргээ удаа дараа зөрчин, зээлийн төлбөрөө төлөхөөс зайлсхийн банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Б.Бөөс үндсэн зээлийн үлдэгдэл 13,582,335.19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,883,090.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 681,167.93 төгрөг нийт 19,146,593.67 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчтэй байгуулсан дугаар БГ/1605115323 тоот барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болох 2005 онд үйлдвэрлэсэн мөнгөлөг ногоон өнгийн арлын дугаар SALLAAA145A321842 landrover Discover 0 маркийн суудлын 22-26 УНТ улсын дугаартай автомашинаар хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад 5,554,300 төгрөгийг төлсөн гэж хариу тайлбар дээрээ тодорхой бичсэн байна. Хариуцагчийн зүгээс өөрийн төлсөн 5,554,300 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцуулах хүсэлттэй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйл дээр үүргийн гүйцэтгэлийн дарааллыг зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 216.4-д үүрэг гүйцэтгэгчийн нийт хөрөнгө бүх үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг сонгож гүйцэтгэх эрхтэй гэсэн зохицуулалтыг барьж байна. Хариуцагчаас эхлээд шүүхийн зардал дараа үндсэн зээлийг төлүүлэх зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд түүнээс 5,554,300 төгрөгийг хариуцагч төлсөн гэдэг. Үүнийг нь үндсэн зээлээс хасч тооцвол 9,445,700 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч 4,883,090 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Банк нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүйг мэдсээр байж цаг хугацааг явуулсаны дараа шүүхэд хандсан байна. Энэ эрхийнхээ хүрээнд нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.  Шүүхээс үндсэн төлбөрт 9,455,700 төгрөг, үндсэн хүүнд 4,883,090 төгрөг нийт 14,328,700 төгрөгийг шүүх хангах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,146,593.67 төгрөг гаргуулах, хариуцагч мөнгөн хэлбэрээр үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 22-26 УНТ улсын дугаартай landrover Discover 0 маркийн тээврийн хэрэгсэлээр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1605115323 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийг хангуулах гэж тодорхойлсон.

Г.Б ХХК нь Б.Бтэй 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1605115323 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 30 хувийн өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байхаас гадна энэхүү үйл баримтын талаар хариуцагч маргахгүй байна. /х.х-ийн 4-6 дахь талд/

Тус гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний агуулгад нийцсэн хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /х.х-ийн 3 дахь талд/

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зохицуулсан дарааллаар буюу эхлээд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх зохицуулалтын дагуу тооцож 14,328,700 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хүүг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Түүнчлэн 2017 оны 10 дугаар сараас хойш үүргийн зөрчил гарсан даруйд шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсэн тул нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан тус хуулийн зохицуулалтын зорилго нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх дарааллыг тогтоох бус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох агуулгатай байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү буюу хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг тул бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.Бөөс үндсэн зээлийн үлдэгдэл 13,582,335.19 төгрөг, хүүгийн төлбөрт 4,883,090.55 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зохицуулснаар нэхэмжлэгч хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ч тус гэрээний маргааныг шийдвэрлэхдээ иргэний эрх зүйн зохицуулалт, зарчмаас гадна хэрэглэгчийн эрхийг хангахтай холбоотойгоор ашгийн төлөө хуулийн этгээдийн хариуцлагын асуудлыг анхаарах ёстой гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч тал зээлийн гэрээний үүргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй зөрчил гаргасан боловч зээлдүүлэгч гэрээний үүргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү буюу хариуцлага шаардах нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт эрхээ шударгаар хэрэгжүүлэх нийцэхгүй байх тул нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү тооцохдоо зээлдэгчийн зөрчил гаргасан өдрөөс хойш хугацааны нэмэгдүүлсэн хүүгээс 453,636.14 төгрөгийг хасч, үлдэх 227,531.79 төгрөгийг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөр 13,582,335 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 4,883,090.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 227,531.79 төгрөг нийт 18,692,957.34 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулна гэжээ.

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн БГ16051153231 дугаартай барьцааны гэрээгээр, Б.Бийн эзэмшлийн 22-26 УНТ улсын дугаартай landrover Discover 0 маркийн тээврийн хэрэгсэлийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 8-10 дахь талд/

Тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Тус хэргийг хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бөөс 18,692,957.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 453,636.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 22-26 УНТ улсын дугаартай landrover Discover 0 маркийн тээврийн хэрэгсэлээр хангуулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,883 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс 321,614 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                             Л.ЭНХЖАРГАЛ