Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/915

 

 

 

 

 

 

   

2022          09         26                                        2022/ШЦТ/915

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Иргэний нэхэмжлэгч Я.У,

Иргэний нэхэмжлэгч П.Н, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс, 

Иргэний нэхэмжлэгч Г.М, түүний өмгөөлөгч Ч.Атарболд,

Иргэний хариуцагч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа,

Иргэний хариуцагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин нарыг оролцуулан эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын 05-ны өдөр У.. хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт О.Г нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 13 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хадатын амны замд Д.Т-ий эзэмшлийн “Н..” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж онхолдон улмаар Хадат амны задгайд оршин суух бусдын блокон хашаа, байшинг тус тус мөргөж, тээврийн хэрэгсэл дээр ачуулсан “...” маркийн ... дугаартай экскаваторыг гэмтээж, улмаар зорчигч Д.Б-ын амь нас хохирч, П.Н-ийн эзэмшлийн хашаа, байшин, эд зүйлсийн эвдрэлд нийт 36.895.898 төгрөгний, Я.У-гийн эзэмшлийн байшингийн хашааны эвдрэлд нийт 7.357.980 төгрөгний, С.А-н эзэмшлийн байшинд учирсан эвдрэл гэмтэлд нийт 1.143.500 төгрөгний, Я.У-гийн эзэмшлийн төмөр, хашааны эвдрэлд нийт 7.357.980 төгрөгний, Ө.Х-ын эзэмшлийн байшин, хашааны эвдрэлд нийт 11.004.400 төгрөгний, “...” ХХК-ний эзэмшлийн “...” маркийн ... дугаартай экскаваторын эвдрэлд нийт 194.576.691 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн ... хороо, Х. төвийн урд зам Т. маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод тавьж тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4.а “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4-р хавсралын 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч 34 настай, эмэгтэй, Б.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: ...Талийгаач над руу утсаар яриад “Зуслангаас экскаватор оруулж ирэх гэсэн юм. “Northbenz” маркийн тээврийн хэрэгслийг унаад яваад өгөөч” гээд гуйхаар нь би зөвшөөрөөд очсон. Уг тээврийн хэрэгслийн чиргүүлийн тормос ажиллахгүй байсан бөгөөд хурд сааруулагч өнгөрөөд ямарч жолоодлогогүй болсон. Тухайн замын эргэн тойронд айлууд байрласан байсан. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт шалгагдах хугацаандаа ажил хийж, Я.У, П.Н, С.Алтаншагай, Ө.Х нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан. Мөн хохирогч Б.Б-ын эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг төлсөн. Хохирлоос үлдэх хохирлыг төлж барагдуулна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Я.У мэдүүлэхдээ: ...Би өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч П.Н мэдүүлэхдээ: ... Би өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.М мэдүүлэхдээ: ... Манай байгууллага осол гарснаас хойш экскаваторыг дахин ашиглаагүй, дээрх тээврийн хэрэгсэл нь Хаан банкинд зээлийн барьцаанд байдаг бөгөөд бид осол гарснаас хойш Хаан банк руу албан тоот явуулж зээлийг зогсоосон. Харин хүүг нь төлж байгаа. Осол гарснаас хойш экскаваторыг зөөвөрлөхөд 1.500.000 төгрөг, засвар үйлчилгээг тогтооход 10.000.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 5.500.000 төгрөг тус тус төлсөн. Ингээд нийт эдгээр зардал дээр экскаваторын үнэлгээгээр гарсан зардал, нийт 211.576.691 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Б мэдүүлэхдээ: ...Амь хохирогч нь миний төрсөн ах. Бид хамтдаа ажилладаг. Анх Northbenz” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баясгалан гээд хүнээс худалдаж авсан. Иргэний нэхэмжлэгч Г.Мийн нөхөр хэрэг гардаг өдөр манай ахыг дуудсан байсан. Шүүгдэгч болон ах хоёрын хэн хэнийх нь буруутай үйл ажиллагаанаас болж дээрх хэрэг гарсан. Иргэний нэхэмжлэгч Г.М-ийн нөхөр яагаад тормос нь ажилладаггүй тээврийн хэрэгсэлд өөрийн үнэтэй зүйлийг ачиж тээвэрлэхийг миний ахаас гуйсанд гайхаж байна. Шүүгдэгчтэй холбогдуулан ямар нэгэн гомдол санал байхгүй. Иргэний нэхэмжлэгч Г.М-ийн хохирлыг иргэний хуулиар  тээврийн хэрэгслийн эзэмших эрхтэй этгээд Д.Т эсвэл худалдах худалдан авах гэрээг байгуулсан талийгаач ахын хэн нэгэн нь хариуцах ёстой байх гэж бодож байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Т мэдүүлэхдээ: ...Иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Б захирлын “...” ХХК-д менежерээр ажилладаг бөгөөд захирлын даалгасны дагуу өөрийн нэр дээрээ авсан. Дээрх тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг болохоос биш бусдаар захиран зарцуулах эрх надад байдаггүй. Захирал Баясгалан, иргэний хариуцагч Д.Б-тэй тохиролцож түүнд худалдсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр шилжүүлэх гэтэл Ковид-19 халдвар тархаж байсан тул шилжүүлж чадаагүй. Захирал Б болон Д.Б нарын хооронд тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны үлдэгдэлгүй байсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй байсан гэсэн хэдий ч эзэмших, ашиглах эрх нь Д.Б-д байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний бие Д.Б-ийн гуйлтаар “тээврийн хэрэгслийн эзэмшигч нь талийгаач ах нь” хэмээн хэлсэн гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 102 тусгай дугаарын утсанд ирсэн зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас / 1хх 5 /, 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 6-8 /, Зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 9-22 /, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 23-27 /, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 28-34 /, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 37-38 /, “Hyundai Robex 380 LC” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа / 1хх 41 /, “Н. ” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа / 1хх 42 /, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн мэдүүлэг / 1хх 57-58 /, иргэний хариуцагч Д.Т-ий мэдүүлэг / 1хх 61, 2хх 53 /, иргэний нэхэмжлэгч П.Н-ийн мэдүүлэг / 1хх 65 /, “...” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн TXY-121/27 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, бэлэн мөнгөний орлогын баримт / 1хх 72, 73-81 /, иргэний нэхэмжлэгч С.А-н мэдүүлэг / 1хх 86-87 /, “...” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, бэлэн мөнгөний орлогын баримт / 1хх 95, 96-102 /, иргэний нэхэмжлэгч Я.У-гийн мэдүүлэг / 1хх 107 /, “...” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, бэлэн мөнгөний орлогын баримт / 1хх 115, 116-122 /, иргэний нэхэмжлэгч Ө.Х-ын мэдүүлэг / 1хх 127-128 /, “...” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, бэлэн мөнгөний орлогын баримт / 1хх 137, 138-146 /, иргэний нэхэмжлэгч Г.М-ийн мэдүүлэг / 1хх 151-152 /, гэрч Л.Г-ын мэдүүлэг / 1хх 157-158 /, гэрч Б.Б-н мэдүүлэг / 1хх 161 /, гэрч М.М-ын мэдүүлэг / 1хх 163 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 971 дугаартай дүгнэлт / 1хх 228-233, 1хх 234-2хх 15 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 586 дугаартай дүгнэлт / 2хх 21-26 /, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Т-ын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 77 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” / 2хх 32 /, “...” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 21/021 дугаартай албан бичиг, “...” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3/191 дугаартай албан бичиг, техникт шаардагдах сэлбэгийн жагсаалт, засварын ажлын зурган тайлан / 2хх 89-111 /, “...” ХХК-ийн “... ХХК”-ийн эзэмшлийн “Н.” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд /экскаватор/ ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг 194.576.691 төгрөгөөр тогтоосон 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5721 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт / 2хх 129-139 /, яллагдагч О.Г-ын жолоодох эрхийн лавлагаа / 1хх 169 /, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3хх 128-134 /, хохирогч Б.Б-ын мэдүүлэг / 3хх 141 /, иргэний хариуцагч “..” ХХК-ний төлөөлөгч Г.С-н мэдүүлэг / 3хх 128-134 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4283 дугаартай дүгнэлт / 3хх 147-148 /, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт / 3хх 155-157 /, Мөрдөгчийн магадлагаа / 3хх 160-161 /, яллагдагч О.Г-ын мэдүүлэг / 2хх 49-50 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1хх 174 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Г нь 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 13 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хадатын амны замд Д.Т-ий эзэмшлийн “Northbenz” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж онхолдон улмаар Хадат амны задгайд оршин суух бусдын блокон хашаа, байшинг тус тус мөргөж, тээврийн хэрэгсэл дээр ачуулсан “Hyundai Robex” маркийн ... дугаартай экскаваторыг гэмтээж, улмаар зорчигч Д.Б-ын амь нас хохирч, П.Н-ийн эзэмшлийн хашаа, байшин, эд зүйлсийн эвдрэлд нийт 36.895.898 төгрөгний, Я.У-гийн эзэмшлийн байшингийн хашааны эвдрэлд нийт 7.357.980 төгрөгний, С.А-н эзэмшлийн байшинд учирсан эвдрэл гэмтэлд нийт 1.143.500 төгрөгний, Ө.Х-ын эзэмшлийн байшин, хашааны эвдрэлд нийт 11.004.400 төгрөгний, “...” ХХК-ний эзэмшлийн “Hyundai Robex” маркийн ... дугаартай экскаваторын эвдрэлд нийт 194.576.691 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Х. төвийн урд зам Т. маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод тавьж тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4.а “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4-р хавсралын 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч 34 настай, эмэгтэй, Б.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

102 тусгай дугаарын утсанд ирсэн зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас / 1хх 5 /

 

2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд / 1хх 6-8 / “...Хэргийн газар ирэхэд том оврын экскаватор байшин руу нэвтрэн орсон. Норд бенз маркийн ачааны машины толгой хэсэг эвдрэл ихтэй дугуйнууд нь дээшээ харсан чиргүүл нь салж дээшээ харсан нийт 4 айлын хашаа, 3 байшин гэмтсэн эвдэрсэн. Блокон хашааны хэлтэрхий цацагдаж тарсан...” гэжээ.

 

Зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 9-22 /

 

2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 23-27 /

 

2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 28-34 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 21 цаг 57 минут 34 секундэд ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл экскаваторыг ачиж байхдаа өнхөрч урагшилна...” гэжээ. / 1хх 37-38 /

 

“...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа / 1хх 41 /

 

“...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа / 1хх 42 /

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ий / 1хх 57-58 / “...Манай ах зан байдлын хувьд даруу, төлөв архи тамхи хэрэглэдэггүй байсан. Уг тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сард эзэмшигч Д.Т гэх залуугаас манай талийгаач ах Б худалдаж авсан. Ингээд өөрийн хэрэгцээнд ажилд ашиглаж байгаад осолд орсон. Энэ хэргийн талаар ээж дүү нар түүний эхнэртэй нь ярилцаад Г.ад гомдол, саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй шийдвэрт хүрсэн, талийгаачийн оршуулгын зардал гарсан боловч бид нар нэхэмжлэхгүй, баримтаар гаргаж өгөхгүй...” гэх мэдүүлэг  

 

Иргэний хариуцагч Д.Т-ий / 1хх 61, 2хх 53 / “... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр улсын бүртгэлд байдаг боловч 2021 оны 01 дүгээр сард Д.Б-д 70.000.000 төгрөгөөр худалдахаар болоод Б надад урьдчилгаа 60.000.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 10.000.000 төгрөгийг тээвэрт явж байгаад үлдэгдлээ өгөөд нэрийг шилжүүлэхээр тохирсон байсан. Одоо хүртэл надад үлдэгдэл 10.000.000 төгрөгийг өгөөгүй учир нэрийн шилжүүлж өгөөгүй байгаа. Гэрээ байхгүй. Тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэж өгсөн. Хүлээлцсэн баримт байхгүй. Би иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй... Манай захирал Б-ын дүү Б-тэй 2021 оны 01 дүгээр сард бартер оруулж зарахаар болоод уг тээврийн хэрэгслийг өгч явуулсан байдаг. Иймд Б-ийг иргэний хариуцагч болгож өгнө үү. Б-ийг машин авсан гэж өөрийн гараар бичсэн баримт байгаа” гэх мэдүүлэг

 

Иргэний нэхэмжлэгч П.Н-ийн / 1хх 65 / “...Үнэлгээгээр миний байшинд учирсан хохирлыг гаргаж өгсөн байгаа. 2015 онд барьж ашиглалтанд орсон. Үнэлгээгээ хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг

 

“...” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн ... задгай тоотод байрлах П.Н-ийн хашаа, байшин, эд зүйлсэд ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг 36.895.898 төгрөгөөр тогтоосон 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн TXY-121/27 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, бэлэн мөнгөний орлогын баримт / 1хх 72, 73-81 /

 

Иргэний нэхэмжлэгч С.А-н / 1хх 86-87 / “...Би 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад 22 цаг 25 минутын орчим гэнэт манай гэрийн яндан задарч буудаад зугтаж гарах гэтэл байшингийн зүүн талд маш хүчтэй төмөр дуугарах машин онхолдох чимээ гарсан. 2020 оны 07 дугаар сараас хойш барьж байгаа одоогоор бүрэн ашиглалтад ороогүй л байгаа. Үнэлгээгээр гарсан төлбөрөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг

 

“...” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн ... тоотод байрлах С.А-н байшинд ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг 1.143.500 төгрөгөөр тогтоосон 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, бэлэн мөнгөний орлогын баримт / 1хх 95, 96-102 /

 

Иргэний нэхэмжлэгч Я.У-гийн / 1хх 107 / “...Осол болсны дараа маргааш нь мэдээ мэдээллийн хэрэгслээр хашаа эвдэрч гэмтсэнийг мэдээд цагдаа дээр ирж уулзсан. Үнэлгээгээр гарсан төлбөрөө нэхэмжилж байна. Хохирлоо хурдан барагдуулж хашаагаа бүрэн бүтэн байдалтай болгож авмаар байна...” гэх мэдүүлэг

 

“...” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Хадатын задгай тоотод байрлах Я.У-гийн төмөр хашаанд ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг 7.357.980 төгрөгөөр тогтоосон 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, бэлэн мөнгөний орлогын баримт / 1хх 115, 116-122 /

 

Иргэний нэхэмжлэгч Ө.Х-ын / 1хх 127-128 / “...Орой 22 цагийн орчим гэнэт хүчтэй хүнгэсэн дуу байшингийн ар хэсгээр гараад удалгүй тас хийх чимээ сонсогдож байшин дотор битүү шороо тоосонцрын манан татаад тэгээд юу болов гэж гайхаад хүүхдээ шалгаж үзээд гэрээсээ гартал үүдний өрөөний хананы шил хагарч бутарсан, хашаа эвдэрч байхгүй болсон. Үнэлгээгээр гаргасан төлбөрөө нэхэмжилж байна. Хохирлоо яаралтай барагдуулж хашаа байшингаа бүрэн бүтэн байдалтай болгож авмаар байна...” гэх мэдүүлэг

 

“Хас Үнэлгээ” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Хадатын задгай тоотод байрлах Ө.Х-ын хашаа, байшинд ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг 11.004.400 төгрөгөөр тогтоосон 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, бэлэн мөнгөний орлогын баримт / 1хх 137, 138-146 /

 

Иргэний нэхэмжлэгч Г.М-ийн / 1хх 127-128 / “...Би 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өөрийн компанийн эзэмшлийн ... улсын дугаартай экскаватораа Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Хадат вилла 2 хотхоны баригдаж байгаа газраас зөөвөрлөхөөр болоод механик Г-т хэлэхэд Г талийгаач Б-тай утсаар яриад тэдний тралераар ирж зөөвөрлөхөөр болсон юм. Намайг харж байхад Б “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ гадаа зааж өгөөд уг тээврийн хэрэгслийг Б-тай цуг ирсэн жолооч нь жолоодоод манай экскаватар өөрийгөө ачиж байх хооронд Б-ын “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл өнхрөхөд манай экскаватор шанагаараа газар тулж зогсоосон. Манай машин “..” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд урд талд явж байхад гэнэт манай машиныг “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд шороо тоос босгоод аймаар хурдтай замын уруу хэсгээр уруудаад яваад өгсөн. Тэгээд хойноос нь яваад очтол “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдоод манай экскаваторыг байшин мөргөж унагаагаад өөрөө цаана осолдсон байсан..... маркийн ... улсын дугаартай экскаваторт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг / 1хх 151-152 /

 

Гэрч Л.Г-ын / 1хх 157-158 / “...Ачих үйл явцад Б хоёр талд гарч надад зааварчилгаа хэлж ачуулж байсан мөн манай ажилтан М., Т. , Б. нар байсан...Б надад хойд чиргүүлийн тоормос барихгүй байгаа, Хятад тэнхлэг тавьдаг юм билүү гэж хэлэхээр нь би “Чи тэгээд яаж тоормосгүй яваад байгаа юм бэ” гэж асуухад толгойныхоо накладыг сольсон гэж л хэлж байсан... Би тралерийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг нь шалгаагүй. Яагаад гэвэл Б-ын өөрийнх нь техник би үнэ хөлсийг нь өгөөд зөөвөрлүүлэх учир дээрх асуудлыг хариуцахгүй ээ. ...Экскаваторыг ачих явцад Г жолоо нь дээр суугаад тоормос гишгэж байсан...” гэх мэдүүлэг

 

Гэрч Б.Б-н / 1хх 161 / “...Бид нар жижиг суудлын автомашинтай явж байтал гэнэт хажуугаар нөгөө том оврын автомашин гүйцэж түрүүлээд явсан. Бид нар араас нь очиход нөгөө том автомашин нэг байшин мөргөөд онхолдсон байсан...” гэх мэдүүлэг

 

Гэрч М.М-ын / 1хх 163 /  “...Тэгээд бид гурав араас нь хөдлөөд тралерын хажуугаар гүйцэж түрүүлэн урд нь гараад 1 км орчим явж байсан байх. Тэгтэл бид нарын хажуугаар тралер маш хурдтай гүйцэж түрүүлэн шороо босгож гарсан. Юу ч харагдахгүй болохоор нь хурдаа хасаад явж байтал айлын байршин мөргөж, экскаватор айлын байшин дээр, тралерны чиргүүл болон толгой хоёр салсан байдалтай байсан. ...Нөгөө өндөр сахалтай Г. гэж хүн жолоон дээр сууж байсан. ... Тралерын таны хажуугаар гүйцэж түрүүлээд урд талд чинь гараад явж байхдаа тоормосны гэрэл асаж байсан уу гэхэд маш их хурдтай гарсан юу ч харагдахгүй их шороо боссон байсан...” гэх мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 971 дугаартай дүгнэлтэд:

1. Н. маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй, хөдөлгүүр асаж хөдлөх боломжгүй болсон тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Н. маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн чирэгч болон чиргүүлийн хэсэгт гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд нөлөөлөхгүй. Дээрх эвдэрсэн эд ангиудын эвдрэл гэмтэл нь шинэ байна. Ослын өмнө чиргүүлийн тоормосны эд анги бүрэн бус, чиргүүлийн тоормос ажиллагаагүй байсан нь осолд нөлөөлсөн байх боломжтой.

3. Тээврийн хэрэгслийн тоормос хийн дамжуулгатай, чирэгч толгойн хэсэгт гарсан эвдрэл гэмтлээс ослын өмнө тоормосны механизм бүрэн ажиллаж байсан эсэхийг тогтоох боломжгүй.

4. Тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэл гэмтлээс тээврийн хэрэгсэл явах боломжгүй тул зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 228-233, 1хх 234-2хх 15 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 586 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаач Д.Б-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ослын улмаас нэгэн зэрэг үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

4. Талийгаач Д.Б нь амь насыг аврах боломжгүй дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

5. Талийгаач Д.Б нь ABO системээр АВ (II) бүлгийн цустай байжээ.

6. Талийгаач Д.Б нь согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байна гэх дүгнэлт / 2хх 21-26 /  

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Т-ын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 77 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” / 2хх 32 /

 

“...” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 21/021 дугаартай албан бичиг, “...” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3/191 дугаартай албан бичиг, техникт шаардагдах сэлбэгийн жагсаалт, засварын ажлын зурган тайлан / 2хх 89-111 /

 

“...” ХХК-ийн “... ХХК”-ийн эзэмшлийн “Н.” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд /экскаватор/ ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг 194.576.691 төгрөгөөр тогтоосон 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5721 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт / 2хх 129-139 /

 

Яллагдагч О.Г-ын жолоодох эрхийн лавлагаа / 1хх 169 /

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3хх 128-134 /

 

Хохирогч Б.Б-ын / 3хх 141 / “...Би 2022 оны 03 дугаар 11-ний өдөр гэртээ харих гээд “Х. ” төвийн урд талын замын хажууд талын явган хүний замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байгаад туслах замаар нэвт гарах үед төв замаар явж байсан автомашин баруун гар тийш эргэхдээ намайг мөргөж унагаасан. Тухайн үед түргэний эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсний дагуу нарийн шинжилгээ хийлгэж үзүүлэхэд ахар сүүлний яс гэмтсэн байна гэрээр хэвтрийн дэглэм сахь гэсэн...” гэх мэдүүлэг

 

Иргэний хариуцагч “...” ХХК-ний төлөөлөгч Г.С-ын / 3хх 128-134 / “...Манай байгууллагаас иргэний хариуцагчаар татагдаж байгааг ойлгож байгаа. Гэхдээ Г хохирогчийн эмчилгээ эм тарианы болон бусад зардлуудыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4283 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б-ын биед ахар сүүлний хугарал, мултрал, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой.

З. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлт / 3хх 147-148 /

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт 1. “...Баруун гар талын их гэрлийн ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна гэжээ. / 3хх 155-157 /

 

Мөрдөгчийн №559 дугаартай магадлагаанд:

1. Т. маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан О.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.”, мөн дүрмийн “3.4.а энэ дүрмийн 4дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” мөн дүрмийн 4-р хавсралтын 5.2-д заасан “хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. / 3хх 160-161 /

 

Яллагдагч О.Г-ын / 2хх 49-50 / “...Талийгаач Д.Б ах над руу утсаар яриад “Хоёулаа цуг Зуслангаас очиж экскаватор ачаад ирье” гэж хэлэхээр нь би тэгье гээд Яармагт уулзаад Д.Б ахын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад би жолоодоод Д.Б ах хажууд суугаад Бэлхийн тийшээ явсан. ...Би тээврийн хэрэгслийг жолоодоод хөдлөөд доошоо уруудаад замаар явж байхад хурд сааруулагч дээр очоод зогсолгүй тэр чигтэй тоормосгүй болоод замаар явсан. Би тоормосны гишгүүр дээр гишгэсэн боловч хүчтэй дуу гараад араа ч байхгүй, тоормос ч байхгүй болоод явж байтал Б ах “Ахын дүү машин араагүй болчихлоо, сайн хаазлаад бай, хийгээ сайн хураагаад яв, замаас битгий гараараа” гэж хэлсэн. Миний хажууд ирээд суугаад зөвлөж байсан. Тэр зам уруу байсан учир маш хурдтай яваад зогсох талбай байхгүй байсан учир замын эргэлт дээр машин замын хажуу руу чигээрээ явж ороод айлын хашаа мөргөж байсныг санаж байна. Түүнээс хойш юу ч санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.Г-ын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч О.Г-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Г нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хүний амь нас хохирсон, бусдад их хэмжээний хохирол учирсан, бусдын гуйлтаар өөрийн үйлдэлдээ хөнгөмсгөөр найдаж, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос хохирогч Б.Б-ын эмчилгээний зардлыг, иргэний нэхэмжлэгч Я.У, П.Н, С., Ө.Х нарт учирсан эд хөрөнгийн хохирлыг тус тус бүрэн нөхөн төлсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Г нь үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн сүүлчийн гэмт хэрэг нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн байх ба 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарахгүй тул өмгөөлөгч Г.Б-н “өршөөлд хамруулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүйг дурдав.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч О.Г-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчид эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг төлсөн 3 дугаар хавтас 197-199 /, Б.Б нь мөрдөн шалгалтын явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ / 3 дугаар хавтас 196 / гаргажээ. Мөн иргэний нэхэмжлэгч П.Н-д 36.895.898 төгрөг, Я.У-д 7.357.980 төгрөг, С.А-д 1.143.500 төгрөг, Ө.Х-д 11.004.400 төгрөгний хохирол тус тус учирсныг шүүгдэгч О.Г бүрэн нөхөн төлсөн бөгөөд шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Я.У, П.Н нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгч Ө.Х нь шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр тус тус ирүүлжээ.

Шүүгдэгч О.Г-аас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн ... тоот дансанд 1.143.500 төгрөгийг байршуулсан тул үүнийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.А-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.М нь шүүх хуралдаанд осол гарснаас хойш экскаваторыг зөөвөрлөхөд 1.500.000 төгрөг, засвар үйлчилгээг тогтооход 10.000.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 5.500.000 төгрөг /2 дугаар хавтас 128 /, “... ХХК”-ний эзэмшлийн “Н.” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд /экскаватор/ ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээгээр 194.576.691 төгрөг / 2хх 129-139 /, нийт 211.576.691 төгрөг нэхэмжилсэн болно.

Хэрэгт гэрч Л.Г мэдүүлэхдээ ...Би “... ХХК”-д механикаар ажилладаг юм. Манай компанийн эзэмшлийн “Н.” маркийн ... улсын дугаартай экскаваторыг зөөвөрлөх болоод би амь хохирогч Б-тай утсаар яриад “Хатад вилла хотхоноос 1000 оюутны байр руу хүргүүлмээр байна“ гэхэд болно гэсэн.  ...Б надад “Хойд чиргүүлийн тоормос барихгүй байгаа. Хятад тэнхлэг тавьдаг юм билүү“ гэж хэлэхээр нь би түүнд “Чи тэгээд яаж тоормосгүй яваад байгаа юм бэ” гэж асуухад “Толгойныхоо накладыг сольсон” гэж л хэлж байсан / 3 дугаар хавтас 157-158 / гэж, Иргэний нэхэмжлэгч Г.М мэдүүлэхдээ: ...Намайг харж байхад Б “Н. ” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ гадаа зааж өгөөд уг тээврийн хэрэгслийг Б-тай цуг ирсэн жолооч нь жолоодоод манай экскаватор өөрийгөө ачиж байх хооронд Б-ын тээврийн хэрэгсэл өнхөрөхөд манай экскаватор шанагаараа газар тулж зогсоосон / 3 дугаар хавтас 151-152 / гэж тус тус мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.М “... Миний бие тээврийн хэрэгсэл экскаваторыг ачиж байхад өөрийн жижиг тэргэндээ хараад сууж байсан. Г-ыг машинд орж ирэхэд би түүнээс экскаватор ачиж байх үед болсон зүйлийн талаар асуухад “Экскаватор ачиж байхад бага зэргийн хөдөлгөөн байдаг” гэж хэлэхээр нь “Энэ тээврийн хэрэгсэлд экскаватороо ачуулж болох юм уу“ гэхэд Ганбаатар “Б- сая өөрөө 50тн экскаватор ачиж ирсэн гэсэн. Зүгээр. Хүн өөрөө зүгээр гэж байхад би юм хэлсэнгүй”  гэж надад хэлсэн гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд талийгаач Д.Б- нь өөрийн техникээ бүрэн бус байгаа болохыг “... ХХК”-ний эрх бүхий хүмүүст хэлсэн байх ба тэдгээр нь мэдсээр байж ажлаа амжуулах үүднээс хөнгөмсгөөр найдаж, өөрийн үнэтэй техникээ ачуулснаас уг тээврийн хэрэгсэл онхолдож, хохирол учрахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэв.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “ Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно “ гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч Г.М-ийн хохирлоос тэдгээрийн гэм бурууг харгалзан 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч О.Г нь хэдийгээр хүний гуйлтаар уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан боловч чиргүүлийн тоормос ажиллахгүй, бүрэн бус байгааг мэдсээр байж, жолоочийн үүргээ биелүүлж, жолоодохоос татгалзах байтал хөнгөмсгөөр найдаж уг тээврийн хэрэгслийг жолоодон явснаас бусдын амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулж, өөрөө гэмтсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 77 дугаартай Мөрдөгчийн магадлагаа / 2 дугаар хавтас 32 /,  ШШҮХ-ийн 2021 оны 063 дугаар сарын 29-ний өдрийн 2558 дугаартай шинжээчийн дүгнэлтээр / 1 дүгээр хавтас 178-179 / нотлогдсон тул хохирол нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд О.Г нь бусад иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг өөрөө бүрэн нөхөн төлсөн байна.

Хэдийгээр “Н. ” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл /экскаватор/ нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэний хариуцагч Д.Т-ий эзэмшилд / 1 дүгээр хавтас 42 / байх боловч Д.Т нь мөрдөн шалгалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Дээрх тээврийн хэрэгслийг манай захирал Б нь миний бичиг баримтаар авахуулснаас биш, миний өмч биш бөгөөд захирал Баясгалангаас “Н. ” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг талийгаачийн дүү Д.Б нь худалдан авч, хоорондоо тооцоогүй болсон. Зөвхөн нэр шилжүүлээгүй байсан гэж мэдүүлсэн ба дээрх баримтыг  / 2 дугаар хавтас 55 / хэрэгт хавсаргасан, иргэний хариуцагч Д.Б нь дээрх мэдүүлэг болон баримтыг хүлээн зөвшөөрсөн болно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар “ Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зорилгоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж хуульчилжээ.

Эдгээрээс дүгнэхэд “Н. ” маркийн .... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Д.Б-ий эзэмшилд байсан байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар “ Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499.4-д “ Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.

Иймд иргэний нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлээс үлдэх хохирлыг шүүгдэгч О.Г, иргэний хариуцагч Д.Б нараас хувь тэнцүү буюу тус бүрээс 90.788.346 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Үүнтэй холбоотойгоор Д.Т-ийг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, О.Г нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч нь Н.” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт өндөр байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

Тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1711 дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас дээрх хугацаанд дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргаагүй, зах зээлийн ханшийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор / 2 дугаар хавтас 126 / Н.” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн  үнэлгээг одоогийн зах зээлийн ханшаар тогтоолгохоор үнэлэгчийн 233/17 тоотоор тусгай зөвшөөрлийн эрх бүхий “...“ ХХК-ийг томилж / 2 дугаар хавтас 129-139 /, тэдгээрт хууль сануулж дүгнэлт гаргуулахад тухайн эвдэрсэн эд ангиудын элэгдлийг тус бүр 70 хувиар тооцож, үнэлгээ гаргасныг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд өмгөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Г-аас 90.788.346 төгрөг, иргэний хариуцагч Д.Б-ээс 90.788.346 төгрөг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.М-т олгож, Г.М-ийн нэхэмжлэлээс 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагчаар Д.Т-ийг тогтоосон тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Г-ын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн ... тоот дансанд байршуулсан 1.143.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.А-д олгосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, О.Г нь цагдан хоригдоогүйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар О.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ