Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е, 

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Д-,

хохирогчийн өмгөөлөгч Я.С-,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-,

шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Т-н Б-д холбогдох 2213001610166 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын эрүүл мэндийн төвд нярав ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БЛ.......... регистрийн дугаартай, Ж овогт Т-н Б-.

 

Шүүгдэгч Т.Б-ы холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 88-37 БӨТ улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 дахь заалтыг зөрчиж, улсын дугааргүй “Sanya” маркийн мотоциклийг жолоодож явсан С.Т-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.Т-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Д.Д- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгч хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан байгаа. Харин хор уршгийн хувьд тухайн хохирогчид  гэмт хэргийн улмаас учирсан 2,5 сая хохирогчид төлсөн байгаа. Мөн мотоциклд учирсан хохирлыг ч гэсэн төлж барагдуулсан. Харин шүүх хуралдаанд ирж оролцоход гарсан зардал болох 959.600 төгрөгийг шүүгдэгчид төлүүлэх саналтай байна. Мөн бусад хохирлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

1.2. Шүүгдэгч Т.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, шүүхээс хохирогчид төлөх төлбөр байгаа гэж үзэх бол төлөхөд миний зүгээс татгалзах зүйл байхгүй”  гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Мөн осол гарах  болсон шалтгаан нь ямар ч замын тэмдэглэгээгүй уулзвар  байсан. Уг осол гарснаас хойш хохирогчид түргэн шуурхай эмчилгээний тусламж үзүүлсэн. Дараа нь эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар  хот руу ч гэсэн очоод, эмнэлэгт нь үзүүлсэн. Үүнээс гарсан бүх зардлыг нь шүүгдэгчийн зүгээс сайн дураар бүхэлдээ төлж барагдуулсан. Бас хохирогчид мотоциклд учирсан хохирлыг шинжээчийн тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан байгаа. Мөн мөрдөгчийн гаргасан магадалгааг хүлээн зөвшөөрч маргаагүй байгаа. Хохирогчийн зүгээс бид нар юм нэхэмжилсэн ч гэсэн авч өгнө гэсэн хандлагатай хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Одоо хохирогч талаас нэхэмжилж байгаа 12 сая 300 мянган төгрөгийг бүхэлдээ зөвшөөрөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, 950 мянган төгрөг нэхэмжилж байгаа. Үүний тодорхой хэмжээ нь буюу хохирогчийн ирж, буцсан зардлыг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй. Гэхдээ үүнд орсон өмгөөлөгчийн хөлс мэдээж гаргах боломжгүй. Яагаад гэвэл хохирогч өөрөө сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчөө сонгож авсан. Шинжээчийн дүгнэлтэд мотоциклийг 188 мянган 500 төгрөгөөр засагдах боломжтой гэсэн дүгнэлт гарсан учраас шүүгдэгчийн зүгээс уг мөнгийг хохирогчийн дансанд төлж барагдуулсан байгаа. Иймд мотоциклийн хохирол бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа.  Харин 2017-2020 он хүртэл эцгийн хамт 20 сая гаруй төгрөг ашиг олсон гэж байгаа. Уг 5 жилд олсон орлого болох 20 сая төгрөгийг 5 жилд хуваах бол жилд 4 сая төгрөгийг орлого олох юм байна. Уг орлогыг эцгийн хамт олсон учраас жилд 1 сая төгрөгийн орлого олдог байна. Уг 1 сая төгрөгийг  сардаа хуваах бол 166 мянган гаруй төгрөг орлого олох ёстой байна гэж үзэж байна.  Хохирогч осолд өртсөнөөс хойш нийгмийн халамж авах эрх нь үүссэн байна. Сардаа 166 мянга төгрөг орлого олох байсан хүн 4 сарын хугацаандаа яаж хэлсэн 12 сая 300 мянган төгрөг орлого олох боломжгүй. Иймд хохирогч нарын зүгээс нэхэмжилж байгаа 12 сая 300 мянган төгрөг нэхэмжилж байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэм хорын хохирол тогтоохдоо ч гэсэн хохирогчийн гэм буруу ч гэсэн байгаа болохыг харгалзан үзэх нь зүйтэй. Хохирогч өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, унаж буй тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, хамгаалалтын малгайгүй, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг мэдэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Шүүгдэгч гэм буруугийн талаар анхнаасаа маргаагүй байгаа” гэв.

1.4. Хохирогч С.Т- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би нийтдээ 2.5 сая төгрөг төлүүлж авсан. Мотоциклийн засварын мөнгө гэж 188.500 төгрөг төлж өгсөн. Шүүгдэгч надад мотоциклийн маань янзлаад авч ирсэн бол би авах байсан. Надад мотоциклийг маань Т.Б- янзлаад авч ирсэн байхад би авахгүй татгалзсан зүйл байгаагүй. Хэрвээ мотоциклийг маань янзлуулаад аваад ирэх юм бол би мотоциклээ авна. Харин үлдсэн хохирлын талаарх  баримтуудыг миний өмгөөлөгч гаргаж өгсөн байгаа. ” гэв.

1.5. Хохирогчийн өмгөөлөгч Я.С- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бид нарын зүгээс нэхэмжилж байгаа 15 сая төгрөгт шинэ мотоциклийн үнэ болох 2 сая 700 мянган төгрөг орсон байсан. Одоо хохирогч өөрөө шүүх хуралдааны явцад миний мотоциклийг янзлуулаад аваад ирэх бол мотоциклээ буцааж авна гэж мэдүүлсэн учраас мотоциклийн үнэ хасагдана. Би 15 сая төгрөгт мотоциклийн үнийг нэмж асууж байгаа зүйл байхгүй. Шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн нотлох баримтад хохирогч Монгол хэл мэдэхгүй учраас өмгөөлөгч авах зайлшгүй шаардлага гарсан. Хэрвээ хохирогч Монгол хэл мэддэг, дээд боловсролтой байсан бол өмгөөлөгч авахгүй байсан. Үүнийг бодит хохиролт тооцоод 959 мянган 600 төгрөг гарч байна. Мөн 12 сая 300 мянган төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, үүнийг шүүгдэгчээс барагдуулж өгөхийг хүсэж байгаа. Хохирогч өмнө буюу осолд ороогүй, гэмтэл аваагүй байхад, эцэгтэй хамт хүмүүсийн байшинг хөлсөөр  барьдаг байсан. Бид нар 2017 оноос хойш түүвэрлээд авахад 9 хүний байшинг бариад 20 сая 300 мянган төгрөг ашиг олсон байна. Зарим хүмүүсээс нотлох баримт авч чадаагүй. Харин 5-6 хүнийг гэрчээр асуусан байгаа. Бид нар уг мөнгөнөөс  аавын оролцоо байгаа учраас аавын оролцоог хасаад, 12 сая 300 мянган төгрөгийг ирээдүйдээ олох ёстой орлого байсан учраас холбогдох хүнээс гаруулж өгөхийг хүсэж байгаа. Хэрвээ хохирогч осолд ороогүй, гэмтэл аваагүй байсан бол хохирогч байшингаа барьж, мөрөөр амьдраад байх ёстой байсан. Миний үйлчлүүлэгч уг байшин байх хугацаандаа татвар болон шимтгэл төлөөгүй болох нь үнэн байгаа. Яагаад төлөөгүй вэ гэвэл мэдээгүй байсан. Хохирогч өөрөө боловсролгүй хүн байгаа. Тухайн үед амь залгуулж байсан хүн Тилеужан байсан. Эхнэр нь ч гэсэн ажилгүй байсан. Тийм учраас эдгээр хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэмт хэргийн хор уршигт тооцож, шүүгдэгчээс гаргуулж өгөхийг хүсэж байна” гэв.

 

2. Эрүүгийн 2213001610166 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. И.Х-аас 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт авто осол гарч нэг хүн гэмтсэн...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-11 дэх тал/,

2.3. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

2.4. 88-37 БӨТ улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

2.5. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

2.6. Хохирогч С.Т-ы өвчний түүх /хавтаст хэргийн 23-35 дахь тал/,

2.7. Мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн магадлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/,

2.8. Хохирогч С.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62, 65-66 дахь тал/,

2.9. Гэрч Ш.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,

2.10. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

2.11. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

2.12. Баян-Өлгий аймгийн автотээврийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

2.13. Баян-Өлгий аймгийн автотээврийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 21-6 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

2.14. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн БӨА-22-0203 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 135-138 дахь тал/,

2.15. Шүүгдэгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 151-152, 154 дэх тал/ зэргийг,

2.16. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас:

2.16.1. Хохирол төлсөн баримтууд болон хохирогчийн мотоциклийг үнэлсэн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт зэргийг,

2.17. Хохирогчийн өмгөөлөгч Я.С-ээс:

2.17.1. Гэр К.Ө-, С.А, С.М, Х.Т, А, К, Ж, Е нарын мэдүүлэг, хохирогч С.Т-ы хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, фото зураг, өмгөөллийн хөлс төлсөн баримт болон шүүх хуралдаанд оролцож буцаж явахдаа зарцуулах шатахууны баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2.18. Шүүгдэгч Т.Б- болон хохирогч С.Т- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

4. Хэргийн үйл баримт:

4.1. Шүүгдэгч Т.Б- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 88-37 БӨТ улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 дахь заалтыг зөрчиж, улсын дугааргүй “Sanya” маркийн мотоциклийг жолоодож явсан С.Т-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.Т-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүнд:

4.1.1. И.Х-аас 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт авто осол гарч нэг хүн гэмтсэн...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

4.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-11 дэх тал/,

4.1.3. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

4.1.4. 88-37 БӨТ улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

4.1.5. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

4.1.6. Хохирогч С.Т-ы өвчний түүх /хавтаст хэргийн 23-35 дахь тал/,

4.1.7. Мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “...УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/,

4.1.8. Хохирогч С.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн “Sаnуa” маркийн мотоциклийг жолоодож өглөөний 10 цаг өнгөрч байхад гэрээс гараад хөдөөнөөс ирсэн таксины жолоочоос эд зүйл авахаар гудамжны шороон замаар явж байхад миний урдаас бор өнгийн Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд мөргөсөн. Ингээд би газар унасан ба миний толгойн зүүн талын чихний дээд хэсгээр шалбарч нэлээн цус гарсан байдалтай харагдсан ба нэг хэсэг ухаан алдсан байсан...”, “...Т.Б- надад 2.255.400 төгрөг шилжүүлэн өгсөн. Миний бие Т.Б-аас одоо нэг шинэ мотоцикл болон 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62, 65-66 дахь тал/,

4.1.9. Гэрч Ш.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10 цаг 57 минутын үед эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Өмиргүл нь миний утас руу холбогдож тус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт авто осол гарч хүн гэмтсэн гэж дуудлага ирж байна, яаралтай очоорой гэхээр нь би удалгүй хэргийн газарт очиход Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй, мотоцикл мөргөлдсөн байдалтай, мотоциклийн жолооч газар унасан байдалтай, толгой хэсгээр цус гарсан, зүүн талын хөлийн шилбэ орчмоор эргэсэн, далд хугаралттай харагдсан. Ингээд би өвчтөний цус гарсан хэсэгт нь даралттай боолт тавьж түргэний тээврийн хэрэгслээр сумын эмнэлэгт хүргэж ирээд, толгойны зүүн зовхины доод хэсэгт, мөн зүүн чихний дээд хэсэг, зүүн хацрын урагдсан хэсэгт тус тус оёдол хийж боолт тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,

4.1.10. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 462 дугаартай “...С.Т-ы биед зүүн шаантны дунд 1/3 сэлтэрхийтэй, зөрөөтэй битүү хугарал, зүүн тахилзуур ясны дунд хэсгийн хугарал, тархины доргилт, зүүн духны хэсгийн, зүүн гарын зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. С.Т-ы гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

4.1.11. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаартай “...Т.Б-ы биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

4.1.12. Баян-Өлгий аймгийн автотээврийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай “...LXYPCKL17J1111080 арлын дугаартай “SANYA” маркийн мотоциклийн түлшний бак нь баруун талын хажуу бөөрөөр дотогш цөмөрсөн, баруун талын гар нь нугаларсан, хянах самбарын гэр болон шил нь хагарсан, зүүн талын урьд дохионы гэрлийн суурь болон толь, гэрэл шилжүүлэх патрон хагарсан, урьд гэрлийн хаалт, зүүн хойд гишгүүр гулзайсан байв. Дээрх эвдэрч гэмтсэн эд ангиудаас хянах самбарын гэр болон зүүн талын толь, урьд дохионы гэрэл, түлшний бак, мотоциклийн гар зэргийг засварлах боломжгүй тул шинээр солих, урьд гэрлийн хаалт, зүүн хойд гишгүүр, гэрэл шилжүүлэх патроныг засварлах боломжтой байна. Уг эд ангиуд нь өөр тээврийн хэрэгсэл мөргөсний улмаас эвдэрч гэмтсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

4.1.13. Баян-Өлгий аймгийн автотээврийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 21-6 дугаартай “...УАЗ-31512 маркийн 88-37 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос нь уг тээврийн хэрэгслийг явуулж шалгахад дөрвөн дугуйндаа тоормосны дөрөөн дээр нэг гишгэлтээр жигд ажиллаж байв, мөн гар тоормос нь хэвийн ажиллагаатай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

4.1.14. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн БӨА-22-0203 дугаартай “...2022 оны 5 дугаар сарын байдлаар “SANYA” маркийн мотоцикл 1 ширхэг нь 1,300,000 төгрөг, техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нь 188.500 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 135-138 дахь тал/,

4.1.15. Шүүгдэгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй..., ...Миний бие 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 10 цагийн үед өөрийн эзэмшлийн 88-37 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гэрээсээ гарсан. Гэрээс гарсан шалтгаан нь найз болох Е-гийн дүү нас барсан байсан ба тухайн нас барсан хүний оршуулгын ажилд оролцсон байсан. Өдрийн 11 цаг өнгөрч байхад найз болох Е-гийн хамт оршуулгын газраас хөдөлж Е-г гэрт нь хүргэж буулгаж яваад, гудамжнаас дөнгөж эргэхэд миний урдаас мотоциклтэй жолооч ирж, тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөлдөж газарт унасан. Тэр үед би маш их сандраад машинаас буугаад нөгөө хүний хажууд нь очиж харахад зүс таних залуу мотоциклийн баруун хажуу хэсэгт унасан байдалтай, духны хэсгээс цус гарсан байсан. Би хажууд нь очиход хөл өвдөж байна гэж хэлсэн. Би тэр доор нь сумын эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч рүү залгаж дуудлага өгсөн. Эхлээд сумын эмч нар ирж үзээд сумын эмнэлэг рүү авч явсан. Дараа нь аймгийн төвөөс эмч дуудаж аймгийн төвд авч ирсэн. Тухайн үед анхаарал болгоомжгүй байдлын улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэлд маш их харамсаж байна. Би эхнээс нь эхэлж хохирогчтой уулзаж, уучлалт гуйсан. Мөн бүх эмчилгээг хийлгэсэн. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх үеийн бүх зардлыг төлж өгсөн. Иймд миний гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү..., ...тухайн үед мотоциклийн жолооч хашааны булангаас гарч ирсэн болохоор би сайн анзаарч хараагүйгээс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...”, “...би бодит хохирол учирсан баримтыг гаргаж өгөх юм бол төлж өгөхөд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 151-152, 154 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. Эрх зүйн дүгнэлт.

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

5.2. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг онцлогтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

5.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Т.Б- нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.

5.4. Шүүгдэгч Т.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч С.Т-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б-ы Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч С.Т-ы эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

5.5. Хохирогч С.Т-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 65-66 дахь тал/, гэрч Ш.Н-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,  Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 462 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/ зэргийг үндэслэн С.Т-ы биед зүүн шаантны дунд 1/3 сэлтэрхийтэй, зөрөөтэй битүү хугарал, зүүн тахилзуур ясны дунд хэсгийн хугарал, тархины доргилт, зүүн духны хэсгийн, зүүн гарын зүсэгдсэн шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” зэргээр хүндэвтэр зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзлээ.

5.6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

5.7. Гэмт хэрэг гарахад хайхрамжгүй, хариуцлагагүй байдал, Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах,  уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

5.8. Мөн мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн магадлагаагаар хохирогч С.Т- нь Монгол улсын Замын хөдөлгөөн дүрмийн 3.2.а-д заасан “замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэснийг, 3.4.в-д заасан “жолооч нь мотоцикл ... жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, ... үүргийг хүлээнэ” гэснийг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзлээ. Хохирогч С.Т-ы энэхүү үйлдэлд нь эрх бүхий албан тушаалтны 017446 дугаартай шийтгэврээр 200 нэгж буюу 200.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсныг дурдаж байна.

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

6.2. Шүүгдэгч Т.Б-ы замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч С.Т-ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

6.3. Шүүгдэгч Т.Б- нь уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-д бодит хохирол буюу эмчилгээний зардалд 2.685.000 төгрөг, мотоциклийг засуулахад гарах төлбөр гэж 188.500 төгрөг, нийт 2.873.500 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 40-54 дэх талд авагдсан хохирлын баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

6.4. Хохирогч С.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт:

- өмгөөллийн хөлс 500.000 төгрөг,

- хавтаст хэргийн материалтай танилцах болон шүүх хуралдаанд такси хөлсөлж ирэхэд гарсан зардал 459.600 төгрөг,

- өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож, буцахад 120.000 төгрөг, нийт 959.600 төгрөг нэхэмжилснээс 459.600 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй ба шүүгдэгч Т.Б- нь дээрх мөнгийг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

6.5. Харин хохирогч С.Т-ы өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлөх 500.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шүүх үзээгүй болно.

Өөрөөр хэлбэл хохирогч эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй, хэдэн ч төгрөгөөр гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш байх тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм.

6.6. Мөн хохирогч С.Т-, түүний өмгөөлөгч Я.С- нараас “Бид нарын зүгээс нэхэмжилж байгаа 15 сая төгрөгт шинэ мотоциклийн үнэ болох 2 сая 700 мянган төгрөг орсон байсан. Одоо хохирогч өөрөө шүүх хуралдааны явцад миний мотоциклийг янзлуулаад аваад ирэх бол мотоциклээ буцааж авна гэж мэдүүлсэн учраас мотоциклийн үнэ хасагдана. 2017 оноос 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж 9 хүний байшинг бариад 20 сая 300 мянган төгрөг ашиг олсон байна. Бид нар уг мөнгөнөөс  аавын оролцоо байгаа учраас аавын оролцоог хасаад, 12 сая 300 мянган төгрөгийг ирээдүйдээ олох ёстой орлого байсан учраас холбогдох хүнээс гаруулж өгөхийг хүсэж байна” гэж нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Учир нь, гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийн ирээдүйд олох хөдөлмөр эрхэлж олох байсан орлогыг хийсвэрээр тооцоолж гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй, мөн хөдөлмөр эрхэлж татвар төлж байсан талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул хохирогч С.Т-ы нэхэмжилсэн 12.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

6.7. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас 459.600 /дөрвөн зуун тавин есөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан хохирогч С.Т-д олгож, илүү нэхэмжилсэн 12800.000 /арван хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

6.7. Шүүгдэгч Т.Б-аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “..Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тоосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Б-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг,

 

2.2. Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч С.Н- нараас “Прокурорын дүгнэлтэд дурдсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү. Прокурорын ялын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,

 

2.3. Хохирогч С.Т-, түүний өмгөөлөгч Я.С- нараас: “ямар нэгэн саналгүй”  гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

 

2.4 Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

2.5. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

2.6. Шүүгдэгч Т.Б- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 156 дахь тал/-аар тогтоогдож байна.

2.7. Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

2.8. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, учруулсан нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

2.10. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

2.11. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болно.

2.12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-ы эзэмшлийн бор өнгийн 88-37 БӨТ улсын дугаартай УАЗ-31512 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, хохирогч С.Т-ы Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Цэнгэл сум дахь цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй мотоциклийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.

2.13. Шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Т-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас 459.600 /дөрвөн зуун тавин есөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан хохирогч С.Т-д олгож, илүү нэхэмжилсэн 12800.000 /арван хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч С.Т- нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-ы эзэмшлийн бор өнгийн 88-37 БӨТ улсын дугаартай УАЗ-31512 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, хохирогч С.Т-ы Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Цэнгэл сум дахь цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй мотоциклийг өөрт нь буцаан олгосугай.

 

8. Шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК