Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өркений Бахытбек |
Хэргийн индекс | 161/2022/0159/Э |
Дугаар | 2022/ШЦТ/156 |
Огноо | 2022-10-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/156
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч Я.Д-,
шүүгдэгч Ж.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.с овогт Ж-ы М-д холбогдох 2213000000194 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 1 дүгээр багт оршин суудаг, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б.с овогт Ж-ы М-, регистрийн дугаар УА...........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.М- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.С-ын толгой тус газарт нь төмөр таягаар цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1.1. Улсын яллагч Я.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
1.2. Шүүгдэгч Ж.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213000000194 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Б.С-аас 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,
2.3. Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8,11 дэх тал/,
2.4. Гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-34 дэх тал/,
2.5. Гэрч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
2.6. Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 639 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
2.9. Шүүгдэгч Ж.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг болно.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
3.2. Шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
4.1.2. Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд Дэлүүн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Хүйтэн нуурын /еки аша/ гэх газар зуслангийн газар эсгий гэрээ буулгах гэж гэр дотор миний бие очоод сууж байхад манай хадам ах болох Ж-ы М- гаднаас орж ирээд амандаа баахан зүйл үглээд байсан. Тэгэхэд би ахдаа “нөхөр бид хоёр сар гаруй хугацаанд хадлан хадаж ирсэн, энэ эсгий гэрийг та буулгаад байж болсонгүй юу” гэхэд босож ирээд “энэ осорыг тайлах хэрэгтэй” хэмээн унь холбож уядаг осорыг гартаа барьсан хайчаар хайчилсан. Тэгэхэд нь би “наадахаа битгий хайчил, дараа жил хэрэгтэй” хэмээн хэлэхэд хадам ах над руу гартаа барьсан хайчаа шидсэн. Тухайн хайч нь намайг оноогүй миний хажуугаар өнгөрөөд гарсан. Тэгээд би ухасхийж босоход хадам ах нударгаа зангидаад өдөөс алхахаар нь би зодуулах байх гэж бодоод гэрийн хаалгаар гарахыг оролдсон. Тэгэхэд гадаа машин янзалж байсан миний нөхөр Б- “яав, яагаад орилолдоод байна” гэж надаас асуух хооронд араас хадам ах М- хадам ээжийн барьдаг саарал өнгийн хуванцар бариултай, төмөр таягаар миний толгойны баруун хэсэгт маш хүчтэй нэг удаа цохисон. Улмаар миний толгойноос цус гараад би хэсэг ухаан санаа балартаж байж байгаад эргээд хадам ахдаа хандаж “нэг мөсөн намайг цохиод алчих” хэмээн хэлэхэд над руу нуударгаа зангидаж байгаад байсан. Тэгэхэд манай хадам ээж К- хадам ах М-ы урд зогсож халхалж над руу явуулахгүй байсан. Тэгэхэд манай нөхөр Б- намайг дагуулж тухайн гэрийн хажуу талд байшинд очсон. ...Миний эрүүл мэндэд хохирол учирснаас өөр ямар нэгэн материаллаг хохирол учирсан зүйл байхгүй. Миний зүгээс хохиролтой холбоотой ямар нэгэн маргаан, нэхэмжлэх зүйл байхгүй. ...хадам ах М- надаас уучлалт гуйсан, сайн дураараа эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 11 дэх тал/,
4.1.3. Гэрч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр Дэлүүн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Хүйтэн нуур гэх газар зусланд байсан. Тухайн өдөр манайх намаржаандаа нүүх гэж гэрээ буулгахаар болоод миний бие гадаа машины дугуй нөхөж байсан. Тэгээд 10 цагийн үед манай эхнэр С- тухайн гэрээс гүйгээд гараад ирсэн ба араас нь манай ах М- бас гарсан. Тэр үед миний эхнэрийн араас манай ах М- ээжийн таягаар нэг удаа хүчтэй цохисон ба эхнэрийн толгойноос цус гоожсон. Би тухайн үед гэр дотор ямар зүйл болсныг болон тэр хоёр яагаад маргалдсаныг мэдэхгүй. Тэр үед миний эхнэр С- над руу хандаж би эндээс явна хэмээн хэлсэн ба гэрээс өөрөө ганцаараа зугтаж явсан. Тухайн үед ах М- нь эхнэр С- луу дайраад байхаар нь манай ээж К- зогсоож тэр хоёрыг салгасан юм. Тухайн үед манай ах М- эхнэрийн толгой хэсэгт ээжийн таягаар цохисныг би харсан. Тухайн үед манай ээж юу болов болиорой гээд тэр хоёрыг салгасан. Тухайн таяг манай ээж К-ы хэрэглэдэг саарал өнгийн бариултай төмөр таяг юм. Тухайн таяггүй бол манай ээж явж чадахгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
4.1.4. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 639 дугаартай Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “...Иргэн Б.С-ын биед тархины доргилттой, зулайнд баруун талд няцарсан шархтай /цус гарсан/, хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл 1-7 хоногтоо үүссэн шинэ гэмтэл. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалт нөлөөлөхгүй. Иргэн Б.С-ийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
4.1.5. Шүүгдэгч Ж.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манайх Дэлүүн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хүйтэн нуур гэх газарт зуслангаас намаржаандаа нүүх гэж байхад бэр болон С- бид хоёр үг зөрүүлж хоорондоо маргалдсан. Тэр нь юу вэ гэвэл би гэрийг буулгах гэж байх явцад нэг уяа тайлагдахгүй байхаар нь хайчаар шууд хайчлаад тайлсан. Тэгэхэд бэр болон С- түүнээс болж бухимдаад намайг хэл амаар доромжлохоор нь би урлаад өөрийгөө удирдаж чадахгүйгээр С-ын толгой тус газарт нь ээжийн хэрэглэдэг төмөр таягаар нэг удаа цохиод авсан. Тэгээд л С- бөөн юм болоод би энэ гэрээс явлаа, таныг цагдаад бариулах болно гээд аймаг руу явдаг зүг рүү яваад өгсөн байсан. Тухайн үед С- аймаг руу яаж явсаныг нь мэдээгүй, ямар ч байсан аймгийн цагдаагийн газарт ирж гомдол гаргаад явсан талаар сонсож мэдсэн юм. С-ын толгой тус газарт нь ээжийн төмөр таягаар нэг л удаа цохисон. Өөр цохиж зодсон зүйл болоогүй. С- надад гар хүрсэн зүйл байхгүй. Тухайн үед С- намайг элдвээр хэлж доромжлоод байхаар нь урандаа болоод түүнийг би л нэг удаа цохичихсон юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэллээ.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
5.3. Хохирогч Б.С-ын биед үүссэн тархины доргилттой, зулайнд баруун талд няцарсан шарх бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгчийн хохирогчийн толгойн тус газарт төмөр таягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.
5.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
5.6. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
5.7. Иймд шүүгдэгч Ж.М-ыг хохирогч Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5.8. Шүүгдэгч хохирогч нарын таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
6.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
6.2. Шүүгдэгч Ж.М-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Сунахырн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй “...хадам ах Ж.М- нь надаас уучлалт гуйж бид сайн дураараа эвлэрсэн. Миний зүгээс хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж хүсэлт гаргасан байх тул /хавтаст хэргийн 52 дахь тал/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Шүүгдэгч Ж.М- нь урд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2. Шүүгдэгч Ж.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн түүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэв.
24. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2.5. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
2.6. Шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэлээ.
3. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
3.2. Хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ботахара сарик ургийн овогт Ж-ы М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.М-д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ж.М- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. 2213000000194 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК