| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00444/И |
| Дугаар | 508 |
| Огноо | 2018-11-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 508
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Цогтцэций сумын Өгөөмөр баг, .................... тоотод оршин суух, ******* овогт Ж.У /регистрийн дугаар:......................../
Хариуцагч: Өмнөговь аймаг Баяндалай сумын *******,******* оршин суух, ******* овогт Б.Т /регистрийн дугаар: ............................/
Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.У , хариуцагч Б.Т , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т тай 2011 онд гэрлэн Өмнөговь аймаг Баяндалай сумаас гэрлэлтийн батлахыг авсан. Бидний хамт амьдрах хугацаанд 2009 онд хүү Т.Д , 2012 онд охин Т.Н нар төрсөн. Нөхөр болох Б.Т нь 2012 оноос (жирэмсэн байхад зодож дутуу төрөх гээд эмнэлэгт 3 сар хэвтэрт хэвтсэн) л эхлэн гэрийнхэнтэйгээ нийлж сэтгэл санаа бие махбодийн дарамтанд байлгадаг (хүндрэлтэй төрөөд 2 хоногийн дараагаас хүүхдийнхээ даавууг угааж, хоол хийн, өвлийн тэсгим хүйтэнд хүнд нүүрс өргөх гэх мэт...) байсан ба 2013 онд ажилд орсноос хойш түүний учир утгагүй хардалтт улам бүр нэмэгдэж ажил хийх боломжгүйд хүргэж байсан. Сүүлийн үед энэ байдал нь хирээс хэтэрч архи уун, тамхи татаж миний тархи толгой, биед гэмтэл учиртал зоддог болсон. Түүнээс гадна гэр бүлийн хэрэгцээнд санхүүгийн дэм туслалцааг үзүүлэхээ больж хааяа л гэртээ ирэхдээ байнга согтуугаар хэрүүл зодоон хийдэг болсон. Хэдийгээр аймшигтай хэцүү там шиг (7-8) жил байсан ч 2 хүүхдээ элэг бүтэн байлгах гэж янз бүрээр оролдоод нэмэр болсонгүй нөхөр улам дордож миний зүрх, толгой өвддөг болж, сэтгэл санааны гүн хямралд орж ажиллаж амьдрахад ч тэсэхийн аргагүйд хүрсэн тул 2016 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд тусдаа байх хугацаанд 2 хүүхэд маань миний асрамжинд өсч байгаа бөгөөд нөхөр 2 хүүхдийн хэрэгцээнд тус нэмэр болохоос бүдүүлгээр татгалзан одоо хамт амьдарч байгаа эмэгтэй нь утас мессежеер үг хэлээр дайрч доромжилдог. 2 хүүхдээ аав руу нь явуулахаар элдвийн муу үлгэр дуурайлал (архидах, мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах, харааж загнаж, хөөж туух) үзүүлдэг. Дээрхи олон шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлуулж, хүү, охин 2-тоо тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Б.Т бид 2 эд хөрөнгийн маргаангүй бөгөөд бидний гэрлэлтийг цуцлаж, 2 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь Өмнөговь аймаг Даланзадгад суманд ихэвчлэн байдаг юм шиг байсан. Бид гурав бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумандаа байдаг. Хэдийгээр ийм харамсалтай байдал үүсч байгаа ч гэсэн аргагүй байдалд үүсч байгаа. Хоёр хүүхдийнхээ дэргэд энэ хүнтэй хэрүүл маргаантай муу үлгэр дууриалал үзүүлээд хамт байснаас тусдаа амьдарсан нь дээр гэж бодоод уг шийдвэрийг гаргасан. Гэхдээ одоогийн байдлаар бид гуравт тус нэмэр болоод сэтгэл санаа болоод хүүхдүүдтэйгээ уулзаад туслаж байгаа зүйл байхгүй байгаа. Хэдийгээр бид хоёр хамт амьдрахгүй 3 жил гаруйн хугацаанд тусдаа амьдарсан боловч энэ хүн эцэг байх, аав байх, хувь хүнийхээ үүрэг хариуцлагыг умартана гэсэн ойлголт биш гэж би харж байгаа, миний хоёр хүүхэд одоохондоо жоохон нялх байгаа ч гэсэн удахгүй өсөж томроод монгол улсын иргэн болно. Хүүхдүүдээ чанартай амьдруулах, мэдлэг боловсролтой болгох, хүн хайрладаг сайн хүн болгож хүмүүжүүлмээр байна. Би бүх зүйлээ хоёр хүүхдэдээ зориулаад амьдарч байгаа ч гэсэн аав хүнийх нь үүргийг хүлээлгээсэй гэж бодож байгаа. Хоёр хүүхдээ хүмүүжилтэй сайн л хүн болгомоор байна. Өөр шигээ ийм амьдралаар амьдруулмааргүй байна. Тусдаа амьдраад яваад болж байгаа ч шударга шүүхийн өмнө энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Ажлын хажуугаар бичиг баримт, шүүх хуралд ирэх гээд миний хувьд асуудлыг бүгдийг үүрээд ганцаараа явж байгаа. Хамт амьдарч байх хугацаандаа үнэхээр хэцүү байсан үеүд зөндөө байсан боловч би тэсвэрлэх гэж янз бүрээр үзсэн. Хоёр хүүхдээ аваад хадмынхаасаа явж, өөрийн аав ээж дээрээ ирж очих, болох болохгүй зөндөө асуудал байсан. Үнэхээр болохгүй учраас л ийм хариуцлагагүй шийдвэрийг гаргаж байна. Хүү, охин бид гурав одоогийн байдлаар компанийн байранд амьдарч байгаа. Хоёр хүүхдээ орхиод өглөөний 07 цагт харанхуйд гараад орой 19 цагт харанхуйд гэртээ орж ирдэг. Энэ хугацаанд хүүхдүүдээ гэртээ цоожлоод ажилдаа явдаг. Өдөр хоол ундтай, хичээлээ хийсэн үгүйд нь хяналт тавьж үнэхээр чаддаггүй. Өдөр өнжүүлэх, дугуйланд явуулах гэхээр бүгд л мөнгө төлбөртэй болчихсон. Би өөрийнхөө цалингаар зөвхөн өдрийнхөө хоол, хувцасны бэлтгэлийг хангахаас илүү гарч чадахгүй байгаа. Хариуцагчид бид гурав ийм байдалтай байна тус нэмэр болооч гэхээр харамсалтай нь тусламж дэмждэг үзүүлдэггүй. Хүүхэд өвдөж зовоход би аргаа бараад цалин мөнгө байхгүй үед ярихаар хамт амьдарч байгаа эхнэр нь утсыг аваад цээртэй үгээр харааж мессэж бичдэг. Саяхан хэдхэн хоногийн өмнө хүүгээ аваад эмнэлэг явсан, охин чинь сургуульд орлоо хоёр хүүхэд сургуульд орох гээд мөнгөний хэрэгцээ байна гэхэд утсаа аваагүй. Үнэхээр боломж нь байдаггүй юм уу, эсвэл үр хүүхдээ ийм амархан мартчихдаг юм уу мэдэхгүй байна. 09 дүгээр сард хүүгийн маань төрсөн өдөр саяхан болсон, хүү маань аав яагаад ирэхгүй байгаа намайг мартсан юм уу гэж асуусан. Энэ хүн ганц удаа ч утсаар яриагүй. Би үнэхээр гомдож байна. Миний нутаг Төв аймгийн Мөнгөнморьт суманд байдаг. Энэ хүнтэй хамт амьдрах гээд гэр орон, сургууль соёл, гадагшаа сурах боломж гээд бүх юмаа орхиод Өмнөговьд нөхрийгөө дагаад ирсэн. Ирээд би юу ч хожоогүй хоёр хүүхдээс өөр надад юу ч үлдээгүй. Компанийн байранд амьдарч байгаа компанид ямар нэгэн асуудал гардаг ч юм уу, ажлаасаа гарахад бид гурав орон байргүй үлдэнэ. Нэг машин байсан боловч салж нийлэх асуудал ийм дээрээ тулахад хариуцагч машинаа ээждээ өгчихсөн. Бид гуравт үлдээж байгаа эд хөрөнгө байхгүй. Нэг гэр байсныг би хүүхдүүдээ хооллож, хувцаслах хэрэгтэй байсан учраас зарахаас өөр арга байгаагүй. Ядаж хүүхдийн тэтгэлгийг гайгүй тогтоолгоод хүүхдүүддээ сургуульд нь анхаараад аятайхан амьдруулах талаас нь туслаад, хааяа ч болов хүүхдүүдтэйгээ уулзаад санасан сэтгэлийг дэвтээж байгаасай гэж боддог байсан. Хариуцагч өөрөө хүүхдүүдтэйгээ уулздаггүй. Хүүхдүүдээ амралтаар нь аавтай хамт байлгах гэхээр янз бүрийн зүйл яриад аав дээр би буцаж очихгүй, архи уухаараа загнаад хөөдөг гэж ярьсан. Түүнээс хойш хүүхдүүдээ дахиж явуулаагүй. Бид хоёрын хувьд дундын эд хөрөнгө гэвэл хариуцагчийн нэр дээр байдаг нэг газрын гэрчилгээ байгаа, энэ хүн хүүхдүүддээ юу үлдээнэ гэсэн бодолтой байгааг нь би сайн мэдэхгүй байна. Шүүхээс энэ бүхнийг тогтоож маш тодорхой шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Энэ хүн хэлэхдээ тусална, дэмжинэ гэж хэлдэг боловч гэхдээ тодорхой цаг хугацааны дараа ямар болохыг би таашгүй гэв.
Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Миний бие эхнэр болох *******тай гэрлэж 2009 онд том хүү Т.Д . 2011 онд бага охин Т.Н төрсөн. ******* сална гэж гүйдэг байсан. Энэ явдал даамжирч үхнэ гэж сүрдүүлэн алга болж цагдаагийн байгууллагад хандан эрүүл саруул олж авч байсан. 2015 оны хавар мөн сэтгэл санаа нийлэхгүй гэх зэрэг шалтгаанууд миний хол байх, хол амьдрах шалтгаан болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгчийн тайлбартай санал нийлэхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Өмнөговь аймгийн Тавантолгойд нүүрсний автомашины жолооч хийдэг. Оочер дараалал ихтэй байдаг учраас Оюутолгойруу ажилд орох гэсэн боловч бүтээгүй. Одоо үргэлжлүүлээд жолоогоо барих бодолтой байна. Хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйл байхгүй. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд том оврийн автомашин бариад 2-3 рейс хийх гэж 1-2 сар болдог. Хичнээн дотроо санаж байгаа ч хүүхдүүдийнхээ сэтгэл санааг тогтворгүй болгоно байх гэж айгаад уулзаж зүрхлэдэггүй. Таньж мэддэг айл Цогтцэцийд байдаг ч гэсэн хүүхдүүдээ аваад айлд хоноод явах хэцүү байдаг. Манай хүүхдүүд миний аав, ээж дээр өссөн болохоор аав, ээж маань хүнс хоолыг нь бэлдэж явуулдаг гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Ж.У ы нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0147962 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0000908395 дугаартай Т.Т.Д ий төрсний гэрчилгээний хуулбар, 0000706183 дугаартай Т.Т.Н гийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энэрэхүй Ухаан” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагч Б.Т ын хариу тайлбар, О.Т.Д ий санал зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.У нь Б.Т т холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ж.У Б.Т нар нь 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү Т.Т.Д , 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин Т.Т.Н нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ж.У , Б.Т нар нь 2016 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй гэж үзэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх ба зохигчид удаан хугацаагаар тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа зэргийг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж ямар нэг тайлбар гаргаагүй, нэхэмжлэгч Ж.У нь хүү Т.Т.Д , охин Т.Т.Н нарыг асрамжиндаа авч, өсгөж хүмүүжүүлэхэд харшлах баримт хэрэгт авагдаагүй тул тул гэрлэгчдийн дундаас 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Т.Т.Д , 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Т.Т.Н нарыг хүүхдийн нас, хүйс, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин, хүүхдийн санал зэргийг харгалзан төрүүлсэн эх Ж.У ы асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Б.Т нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч ******* тэтгэлэг гаргуулан охин Т.Т.Н , хүү Т.Т.Д нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.У нь улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Б Б.Т , ******* овогт Ж.У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Т.Т.Д , 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Т.Т.Н нарыг төрүүлсэн эх Ж.У ы асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Цогтцэций сум, 4-р баг, Өгөөмөр .............................. оршин суух ******* овогт Б.Т /регистрийн дугаар:............./-аас 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Т.Т.Д , 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Т.Т.Н нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Б.Т аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Ж.У , Б.Т нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мухлайд даалгасугай.
6. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүү Т.Т.Д , охин Т.Т.Н нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Б.Т т, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх Ж.У нарт тус тус даалгасугай.
8. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.У ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т аас 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.У д олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР