Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

Шүүгдэгч Р.К- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Р-ийн К-т холбогдох эрүүгийн 2213000970106 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Р-ийн К-, регистрийн дугаар БЭ..............

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Р.К- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн 51-41 УБЕ улсын дугаартай “Verna acccant” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.11.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэснийг тус тус зөрчиж, иргэн М.А-ийн жолоодож явсан 17-70 БӨТ улсын дугаартай, “Toyota allion” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Е-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Р.К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс одоогийн байдлаар хохирогчид 500.000 төгрөг хохиролд төлсөн. Мөн тухайн зам тээврийн осол хэний буруутай үйл ажиллагаанаас үүссэн болох нь тогтоогдоогүй байхад иргэний нэхэмжлэгч М.А-ийн зүгээс 500.000 төгрөг төлж барагдуулсан. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн уг хохирлыг шүүгдэгчээс төлүүлэхгүйгээр уг 500.000 төгрөгийг хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгөн төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй. Яагаад гэвэл 500.000 төгрөгийг хохирогчид учирсан хохирол хэмээн өөрөө авсан байгаа. Одоо нийтдээ 2.971.900 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч А.Е-д олгох, мөн иргэний нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжилж байгаа 4.248.000 мянган төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч М.А-т олгох саналыг гаргаж байгаа” гэв.   

 

1.2. Шүүгдэгч Р.К- мэдүүлэхдээ: “..Аманбекийн хохирогчид өгсөн 500.000 төгрөгийг яагаад би төлөх ёстой юм бэ?. Би үүнийг төлмөөргүй байгаа. Мөн тухайн гэмт хэрэг гарсан засмал зам стандартад таарахгүй, замын голын цагаан зураас нь байхгүй засмал зам байсан. Мөн тухайн засмал зам нарийн байсан учраас осол гарах гол шалтгаан болсон. Гэхдээ би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна”  гэв.

 

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Р.К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Харин хохирлын хувьд маргаантай байсан. Одоо нийтдээ 2.971.900 төгрөгийг төлөхөөр бол хохирлын хувьд маргахгүй” гэв.

 

1.4. Хохирогч А.Е- мэдүүлэхдээ: “..Би 03 дугаар сарын 20-ны өдөр осолд орсноос хойш эмнэлэгт эмчлэгдсэн бүх зардлаа өөрөө төлсөн. Шүүгдэгч надад 07 сарын үед байх он сарыг сайн санахгүй байна нотариатад баталгаажуулж, 500.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш ямар нэгэн надад мөнгөн төгрөг өгч хохирол арилгаагүй. Би түүнээс болж 2 дахь эмчилгээнд очиж чадахгүй байна. Надад хотод очиж эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй. Шүүгдэгч рүү залгаад эмчилгээнд явна гэж мөнгө асуухад, “Би шүүхээс шийдвэр гарсныг хүлээх болно. Тэрнээс өмнө би чамд ямар нэгэн мөнгө төгрөг өгч чадахгүй” гэж мэдэгдсэн. Надад одоо эмчилгээ хийлгэх мөнгө алга байна. Өөртөө байгаа мөнгөөр өмнө эмчилгээ хийсэн тул 2 дахь эмчилгээнд явж чадахгүй байна. Надад 09 дүгээр сард ирээд дахин эмчилгээ хийлгэх гэсэн боловч мөнгө байхгүй учраас эмчилгээгээ цаг тухайд нь хийж чадахгүй байна. Одоо үлдсэн хохирол 3.471.9000 төгрөгийг төлүүлж өгнө үү. Сэтгэл санааны хохирол 1 сая төгрөг болон цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах зардлыг жич нэхэмжлэх болно” гэв.

 

1.5. Хохирогчийн өмгөөлөгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Уг гэмт хэрэг хэрэг шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгч Р.К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байгаа. Улсын яллагчийн зүгээс иргэний нэхэмжлэгчийн өгсөн 500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа хохирлоос хасна гэж байгаа. Бид нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг 500.000 төгрөгийг М.А-ийн зүгээс тухайн осол гарсны дараа өөрөө сайн дураар эмчилгээнд зориулахаар өгсөн мөнгө байгаа. Үүнийг нэхэмжилж буй нийт хохирлоос хасах хууль зүйн үндэслэлгүй. Одоо шүүгдэгчээс нийтдээ  3.471.900 төгрөгийг төлүүлэхийг хүсэж байна. Мөн түүнээс гадна сэтгэл санааны хохирол 1 сая төгрөг болон болон цаашид хийгдэх эмчилгээний зардлыг тусдаа нэхэмжлэх шаардлагатай тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг хүсэж байна” гэв.

 

2. Эрүүгийн 2213000970106 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

2.2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,

2.3. Хохирогч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 92, 95 дахь тал/,

2.4. Иргэний нэхэмжлэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98, 110-111 дэх тал/,

2.5. Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,

2.6. Гэрч А.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

2.7. Гэрч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

2.8. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 291 дугаартай дүгнэлт 1 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/,

2.9. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 134 дэх тал/,

2.11. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн БӨА-22- 0102 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 148-152 дахь тал/,

2.12. Шүүгдэгч Р.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэргийг,

 

2.13. Шүүгдэгч Р.К-ын өмгөөлөгч С.Т-эс: 

2.13.1. 1 дэх хавтаст хэргийн 8 дугаар хуудаст авагдсан акт, 1 дэх хавтаст хэргийн 9-р хуудаст авагдсан гэрэл, зураг, 1 дэх хавтаст хэргийн 19-р хуудаст авагдсан жолоочийн үнэмлэх, 1 дэх хуудаст авагдсан 75-р хуудаст авагдан хохиролтой холбоотой нотлох баримт, 1 дэх хавтаст хэргийн 98, 111-р хуудаснуудад авагдсан иргэний нэхэмжлэгч А-ийн мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 126, 135, 145, 157, 169, 176-р хуудаснуудад авагдсан шинжээч томилох тухай тогтоолууд, 2 дахь хавтаст хэргийн 21-22 дугаар хуудаст авагдсан Р.К-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг,  2 дахь хавтаст хэргийн 30-р хуудаст авагдсан ял шалгуулах тухай хуудас, 2 дахь хавтас хэргийн 30-53-р хуудаст авагдсан эд хөрөнгийн лавлагаа, гэрчилгээнүүд, 2 дахь хавтаст хэргийн 64-65 дугаар хуудаст шүүгдэгч хугацаагүй  групп авахыг нотолсон нотлох баримт,  2 дахь хавтаст хэргийн 107-р хуудаст авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, 2 дахь хавтас хэргийн 146-147-р хуудаст авагдсан тодорхойлолт болон сүүлд гаргаж өгсөн нотлох баримтуудаас даатгалын гэрээ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хохирогч А.Е-, түүний өмгөөлөгч Т.Б- болон шүүгдэгч Р.К- нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

3.1. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Р.К-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

4. Хэргийн үйл баримт:

4.1. Шүүгдэгч Р.К- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн 51-41 УБЕ улсын дугаартай “Verna acccant” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.11.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэснийг тус тус зөрчиж, иргэн М.А-ийн жолоодож явсан 17-70 БӨТ улсын дугаартай, “Toyota allion” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Е-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

4.1.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

4.1.2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,

4.1.3. Хохирогч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр буюу Бямба гарагт нөхөр хүүхдүүдтэйгээ оршуулгын газар орж талийгаачдад хүндэтгэл үзүүлэхээр болсон. Тэгээд нөхөр маань 15 цагийн үед гэрийн ойролцоо зогсож байсан нэг цагаан өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгслийг хөлсөлж аваад ирсэн. Тэгээд гэрээс гарч нөхөр 3 хүүхдийн хамт тухайн суудлын машинд суугаад гэрээс гарсан. Гэрээс гараад Өлгий-Бугат сум чиглэлийн засмал замаар явж байгаад Жорга нэртэй дэлгүүр өнгөрөөд явж байтал гэнэт тас түс болоод осол гарсан. Осол гарах үед би өөрөө жолоочийн хойд суудалд сууж явсан, харин миний баруун хажуу талд миний 3 хүүхэд сууж явсан, нөхөр маань жолоочийн хажууд туслах талын урд суудалд сууж явсан юм. Осол болохоос өмнө бидний сууж явсан суудлын машин 40-50 км цагийн хурдтай явж байсан санагдаж байна. Осолд орсны дараагаар аймгийн төвд Нэгдсэн эмнэлэгт 10-аад хоног хэвтэн эмчлүүлж, гадуур эмчилгээ хийлгэх зэрэг нийт 1,769,250 төгрөгт эм, эмчилгээний эд зүйл болон нөхөр ийш тийшээ явахад такси хөлсөлсөн. Уг 1,769,250 төгрөг зарцуулсан талаарх ямар нэгэн баримт байхгүй. Тухайн осол болох үед миний дансанд бэлэн байсан мөнгөнөөс зарцуулсныг нь тооцож нэмэхэд гарч байгаа. Би танд өөрийн Төрийн банкны дансны хуулгыг гаргаж өгье, уг хуулганд аймгийн төвд байхдаа эмчилгээнд зарцуулагдсан тооцоог цэнхрээр тодруулсан байгаа. Дараа нь 2022 оны 4 дүгээр сарын 15-наас хойш Улаанбаатар хот руу явахдаа зарцуулсан мөнгөний тооцоо болон эм, эмийн хэрэгсэл авсан, хоёр талын замын унааны зардал, хоолны зардалд нийт 2,122,650 төгрөгийн зардал гарсан. Надад нийтдээ 3,891,900 төгрөгийн зардал гарсан, уг мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 92, 95 дахь тал/,

4.1.4. Иргэний нэхэмжлэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ослын улмаас миний эзэмшлийн Тоёота аллион загварын 17-70 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн үнэлгээ 3.125.000 төгрөг гарсан тул уг мөнгийг нэхэмжлэх болно. Үүнд нэмэгдэж машиныхаа үнэлгээ гаргуулахад миний бие 265,000 төгрөг төлсөн. Нэмж техникийн дүгнэлт гаргахад 88,000 төгрөг төлсөн. Мөн хохирогч А.Е- хот руу явахдаа хохирогчийн гуйлтаар түүнд 500,000 төгрөг егсөн. Мөн өнөөдрийг хүртэл миний машин журмын хашаанд байгаа, өөрөөр хэлбэл 2022 оны  3 дугаар сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 270,000 төгрөгийн төлбөр гарсан байгаа. Ингээд нийтдээ 4.248.000 төгрөгийг Р.К-оос нэхэмжилж байна. ...өөрийн эзэмшлийн 1770 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр аймгийн төв рүү орох гэж явж байхад 14 цаг 30 минутын үед Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр урдаас ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осолд орсон юм. Би тэр үед 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар цэлмэг байсан. Би өөрийн замаараа явж байхад урдаас ирж байсан тээврийн хэрэгсэл зам тавьж өгөөгүйгээс болж зам тээврийн осол гарсан болов уу гэж бодож байна. Манай гэр Бугат сумын төвд байдаг, охин маань Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг, би охиноо сургуульд авч ирж, буцаад авч явах гэж тухайн замаар өдөрт хоёр удаа ирж буцдаг байсан. Тийм болохоор уг замыг сайн мэдэж байгаа. Өнөөдөр ч гэсэн өөрийнхөө замаар буюу замын баруун талын эгнээг барьж явж байсан. ...Би урдаас ирж байсан тээврийн хэрэгслийг харсан, миний урдаас нэлээн их хурдтай ирж байсан юм шиг харагдсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98, 110-111 дэх тал/,

4.1.5. Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие одоогоос хоёр гаруй жилийн өмнө Улаанбаатар хотоос дээрх 51-41 УБЕ улсын дугаартай Хьюндай Верна загварын цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг хотын нэг иргэнээс худалдах, худалдан авах гэрээгээр 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан, Надад одоо гэрээ нь байхгүй. Дараа нь Р.К- 2021 оны 9 дүгээр сарын үеэр өөрийнхөө нэр дээрх 27-33 БӨТ улсын дугаартай, Хьюндай Верна загварын суудлын тээврийн хэрэгслээ надад 500,000 төгрөгөөр үнэлж, сэлбэгт өгсөн бөгөөд, миний 51-41 УБЕ улсын дугаартай Хьюндей Верна загварын цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг 2,5 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би машиныг худалдаж авсан гэрээг иргэн Р.К-т өгөөд үлдэгдэл мөнгө өгсний дараа ирээд нэр дээрээ шилжүүлээд аваарай гэсэн. Р.К- нь надад өгөх ёстой үлдэгдэл 2 сая төгрөгөө өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй байгаа. Р.К-оос хоёр сая төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,

4.1.6. Гэрч А.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие эхнэр хүүхдүүдийн хамт Бугат суманд байдаг аавын гэрт очиж өдрийн 14 цаг 25 минутын үед аймгийн төв рүү буцаж ирсэн. Миний араас аав маань өөрийн машинтай ирж байсан. Би аймгийн төвд ирээд байж байхад аав миний эхнэр рүү утасдаж нэг машинтай мөргөлдсөн талаар хэлсэн байна. Би тэр доор нь буцаж эргээд Бугат сум руу явах замаар яваад очиход Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байдалтай байсан. ...аав ганцаараа явж байсан. Харин нөгөө машинд жолоочоос гадна хоёр том хүн, гурван хүүхэд байсан. Уг тээврийн хэрэгслийг хөгшин хүн жолоодоод явж байсан. Нөгөө машин дотор зорчиж явсан эмэгтэй хүн газарт хэвтэж байсан, харин тэр хүний нөхөр нь гэх эрэгтэй хүний нүүр хэсэг нь цус болсон байсан. Хүүхдүүдийн биед ил харагдах гэмтэл ажиглагдаагүй. ...тухайн нарийн зам дээр хоёр тээврийн хэрэгслийн жолооч нэг нэгэндээ зам тавьж өгөөгүйгээс болж зам тээврийн осол гарсан болов уу гэж бодож байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

4.1.7. Гэрч Х.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эхнэр гурван хүүхдийн хамт Өлгий сумын 4 дүгээр багт байдаг оршуулгын газарт очиж ном уншуулахаар явж байхад өдрийн 14 цаг 30 минутын үед бид нарын сууж явж байсан тээврийн хэрэгсэл Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт засмал зам дагуу явж байгаад урьдаас ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тэр үед би уг тээврийн хэрэгслийн урд суудалд сууж явж байсан. Харин миний эхнэр хүүхдүүд тээврийн хэрэгслийн хойд талын суудалд сууж байсан. Зам тээврийн осол гарсан засмал зам нь маш нарийхан зам байсан ба эсрэг сөрөг урсгалаар явж байсан хоёр тээврийн хэрэгсэл зүүн урд хэсгээрээ мөргөлдсөн. Тухайн үед би толгойгоороо урд салхины шилийг мөргөж хагалснаас болж миний дух хэсэг гэмтсэн байна. Харин жолоочийн хойд талын суудалд сууж явж байсан эхнэр маань ухаан алдсан болохоор тэр доор нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Хүүхдүүд ч гэсэн бага зэрэг гэмтэл авсан байна. ...Бид нарын сууж явсан тээврийн хэрэгсэл ойролцоогоор 50-60 км/цагийн хурдтай явж байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ тодорхой хараагүй. Тухайн зам маш нарийхан зам байсан. Мөн зам тээврийн осол маш хурдан болж өнгөрсөн. Ер нь бид нарын зорчиж явсан тээврийн хэрэгслийг засмал замын захаар биш дундуур явж байсан юм шиг ажиглагдсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

4.1.8. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “...А.Е-ийн биед гавал тархины ил гэмтэл, няцралт, дух ясны үргэлжилсэн хугаралтай, гавал доторх цус хуралт, духны голд шарх, тархины доргилт, 2 нүдний цус хуралт, 2 шүд нь суларсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т, 3.1.1 -т, 3.1.-2-т заасан амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх 291 дугаартай дүгнэлт 1 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/,

4.1.9. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “...Жолооч Р.К- нь Хьюндай Верна загварын 51-41 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 06 дахь тал/,

4.1.10. Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “...Өмнө нь гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтэнд өөрчлөлт орох эсэхэд нэмэлт шинжилгээ хийхэд хэрэгт ач холбогдолтой шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Осол болсон Өлгий-Бугат сум чиглэлийн асфальт болон бетон хучилттай зам нь 2013 онд Япон Улсын ядуурлыг бууруулах “ЖАЙКА” сангийн хөрөнгө оруулалтаар баригдан ашиглалтанд орж, өдийг хүртэл ашиглаж байгаа. Хэрэгт авагдсан зам тээврийн ослын газрыН схем зургаар замын зорчих хэсгийн өргөн нь 5.0 метр, замын хөвөө хоёр талдаа нэг нэг метр, нийт замын өргөн нь 7.0 метр байна. Уг зам нь орон нутгийн чанартай замын стандарт шаардлагыг хангаж байна. Тус замын эхлэл, төгсгөл дээр тэмдгээр зохицуулагдсан байна. Замын нөхцөл байдал нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна. Замын зорчих хэсгийн өргөн 5.0 метр, хоёр талын хөвөөний өргөн тус бүр 1.0 метр, нийт өргөн нь 7.0 метр байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д зааснаар замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэж заасан байна. 17-70 БӨТ улсын дугаартай Тоёота аллион загварын тээврийн хэрэгслийн жолооч М-н А /ПЮ69011310/ нь зам тээврийн осол болох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Осол болсон Өлгий-Бугат сум чиглэлийн асфальтан засмал замаар хоёр тээврийн хэрэгсэл зөрж явах боломжтой байна. Уг зам нь 2013 онд ашиглалтанд орсноос хойш одоо хүртэл жолооч нар зорчиж байгаа болно. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 134 дэх тал/,

4.1.11. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн БӨА-22-0102 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 148-152 дахь тал/,

4.1.12. Шүүгдэгч Р.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4.1.13. Харин иргэний нэхэмжлэгч М.А- нь зам тээврийн осол болох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болох нь шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 134 дэх тал/-ээр тогтоогдож байх тул зам тээврийн осол гарахад түүний буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй байна гэж үзлээ.

 

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.

5.3. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

5.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Р.К- нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.

5.5. Шүүгдэгч Р.К- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн 51-41 УБЕ улсын дугаартай “Verna acccant” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.11.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэснийг тус тус зөрчиж, иргэн М.А-ийн жолоодож явсан 17-70 БӨТ улсын дугаартай, “Toyota allion” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Е-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

5.6. Шүүгдэгч Р.К- нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч А.Е-ийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

5.7. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Е-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 291 дугаар дугаар дүгнэлтээр тогтоогдсон.

5.8. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч Р.К-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.

5.9. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч Р.К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

6.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

6.2. Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Е- нь шүүгдэгч Р.К-оос 3891.900 төгрөг, шүдээ үзүүлэхэд 80.000 төгрөг, нийт 3971.900 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Р.К- нь уг хохирлоос 500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотариатаар батлуулсан баримтаар тогтоогдож байна.

6.3. Харин шүүгдэгч Р.К- нь хохирогч А.Е-ийн эрүүл мэндэд учирсан хохирол гэж нэхэмжилсэн үлдэгдэл 3.471.900 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн мөн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Р.К-оос 3.471.900 төгрөг гаргуулан хохирогч А.Е-д олгох нь зүйтэй.

6.4. Мөн уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч М.А- нь шүүгдэгчээс 4.248.000 төгрөг нэхэмжилснээс 3.748.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Учир нь, уг автотээврийн осол болох үед иргэний нэхэмжлэгч М.А- нь гэм буруугүйгээр хохирогч А.Е-ийн биед хохирол учруулж, өөрөө сайн дурын үндсэн дээр 500.000 төгрөгийг хохирогчид өгснийг шүүгдэгч Р.К-оос гаргуулах боломжгүй байна.  

6.5. Иргэний нэхэмжлэгч Б.А-и нь шүүгдэгч Р.К-оос 2 сая төгрөг нэхэмжилсэн ба 1 дэх хавтаст хэргийн 146-147 дахь талд авагдсан иргэний нэхэмжлэгч Б.А-ийн “Би А энэ хүнээс авах тооцоогоо авсан. Одоо Р.К-оос авах тооцоо байхгүй болно” гэх тодорхойлолтыг үндэслэн шүүгдэгч Р.К-ыг иргэний нэхэмжлэгч Б.А-ид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

6.5. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.К-оос 3.471.900 төгрөг гаргуулан хохирогч А.Е-д, 3.748.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.А-т тус тус олгож, иргэний нэхэмжлэгч М.А-ийн илүү нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

6.6. Хохирогч А.Е- нь сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг болон эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Р.К-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс “Шүүгдэгч Р.К-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа. Иймд эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.

2.3. Хохирогч А.Е-ээс “Ямар нэгэн санал байхгүй” гэх тайлбарыг,

2.4. Хохирогчийн өмгөөлөгч Т.Б-аас: “Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хүсэхгүй байна” гэв.

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Р.К- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.8. Шүүгдэгч Р.К- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

            2.9. Шүүгдэгч Р.К-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.  

            2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.  

            2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.К-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

2.12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.К-т оногдуулсан 1 жилийн  зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

2.13. Шүүгдэгч Р.К- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2.14. Шүүгдэгч Р.К-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Р-ийн К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Р.К-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.К-т оногдуулсан 1 /нэг/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.К-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Р.К- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.К-оос 3.471.900 төгрөг гаргуулан хохирогч А.Е-д, 3.748.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.А-т тус тус олгож, иргэний нэхэмжлэгч М.А-ийн илүү нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч А.Е- нь сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг болон эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.К-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК