| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00369/И |
| Дугаар | 5 |
| Огноо | 2018-12-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 5
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6-р баг, ..................... оршин суух, ******* овогт Ц.Х /регистрийн дугаар: ..................../
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 7-р баг, ......................... тоотод оршин суух ******* овогт Т.Х /регистрийн дугаар:...................../
Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х , хариуцагч Т.Х , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Х тай 2013 оны 03 сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болцгоосон. 2013 оны 03-р сарын 11-ны өдөр хүү Х.Г төрсөн. Хүү болох Г-ийг Ц.Х миний бие авах хүсэлтэй байгаа. Т.Х нь сүүлийн жилүүдэд ааш зан эвдэрч хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван орчин бүрдэхгүй байгаа тул бидний гэр бүлийн гэрчилгээг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хүүхэдтэйгээ уулзах хүсэлтэй байна. 7 хоногт 1 удаа уулзаж баймаар байна. Гэхдээ би гомдолтой байна. Өмнө хөдөлж байсан хүүхдээ үр хөндүүлсэн. Тэр үед би жоохон хүүхэд байсан ч хариуцагч амьдрал мэддэг л байсан шүү дээ. 9 сар тээж төрүүлсэн хүүхдээ өгнө гэдэг харамсалтай байна. Намайг өмнө нь хүүхэдтэй уулзах гэхээр хүүхдийг хадгаламжиндаа мөнгө хийж байж уулз гэж хэлдэг байсан. Хүүхэдтэйгээ уулзахаар аваад явчихдаг. 1 цаг ч болдоггүй. Манай ээж, аав л хариуцагчтай эргээд нийлчих байх гээд уулзуулдаггүй байсан болохоос биш би хүүхдээ хаяж яваагүй. Миний оронд өөрийгөө тавиад үзээсэй гэв.
Хариуцагч Т.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Х миний бие нэхэмжлэгч Ц.Х гийн гэрлэлт цуцлуулах хүсэлттэй санал нэг байна. Харин өөрийн хүү Х.Г ийг өөр дээрээ авах хүсэлтийг зөвшөөрөхгүй. Учир нь 2014 оны 05 сараас хойш Т.Х миний бие хүү Х.Г ийг өсгөж байгаа. Хүү ээж болох Ц.Х г танихгүй. 2014 оноос 05 сард салснаас хойш хааяа нэг таарснаас өөрөөр хараагүй. Мөн Ц.Х 2014 оны 05 сард салахдаа хүүг чинь хүнд өргүүлнэ гэж байсан. Бас ээж Буд нь хүүгээ аваад яваарай гэж хэлж байсан. Иймд өөрийн хүү Х.Г ийг өөр дээрээ үлдээхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү нэхэмжлэгчийг ээжийгээ гэж мэдэхгүй. Одоо өөр хүнийг ээжийгээ гэж бодож байгаа. Дөнгөж өөр хүнд дасаж байхад нь уулзуулмааргүй байна. Нэхэмжлэгч хөл хүнд болчихсон дээрээс нь гэр бүлийн хүн нь хардаад байдаг Нэхэмжлэгчийн хэлсэн үг худлаа. Би мөнгө төгрөг нэхсэн зүйл байхгүй. Хүүгээ өдийг хүртэл хүнээс гуйгаагүй өсгөсөн. Нэхэмжлэгч мөнгөний талаар сонирхолтой хүн. Хүүхдээ тэврээд Өмнөговь аймгийн Цогт-цэций сумын цагдаагийн тасагт намайг гэрээсээ хулгай хийсэн гээд хэлээд байж байхад урдаас мөнгө яриад бухимдаад байж байсан. Хүүхдээ нэг үнсье гэж хэлээгүй. Үүнийг цагдаагийн газрынхан гэрчлэх байх. Эгчтэйгээ нийлээд намайг хөөж байсан шүү дээ гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Ц.Х гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 134/000756 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, Х.Г ийн төрсний гэрчилгээний хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ТМ2018/00496 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааны баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ц.Х нь Т.Х т холбогдуулан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ц.Х нь Т.Х нар 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж, батлуулсан нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, тэдний дундаас 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүү Х.Г төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2014 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарсан бөгөөд шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь зохигчдын тайлбар болон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчдийн дундаас 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Х.Г нь 2014 оны 05 дугаар сараас хойш эцэг Т.Х тай хамт амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон ба төрүүлсэн эх Ц.Х нь хүүхдийн асрамжийн талаар маргаж, бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, эцэг Т.Х нь хүү Х.Г ийг асрамжиндаа авч, өсгөж хүмүүжүүлэхэд харшлах баримт хэрэгт авагдаагүй тул хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч дассан орчин зэргийг харгалзан 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Х.Г ийг төрсөн эцэг Т.Х ын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж заасны дагуу Ц.Х нь эх хүний үүргээ биелүүлж хүүхэдтэйгээ уулзахад саад учруулахгүй байхыг эцэг Т.Х т даалгаж, нэхэмжлэгчийн хүүхэдтэйгээ уулзах хугацааг тогтоож шүүхийн шийдвэрт тусгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт Ц.Х , Боржигон овогт Т.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Х.Г ийг эцэг Т.Х ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Ц.Х , Т.Х нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мухлайд даалгасугай.
4. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар төрүүлсэн эх Ц.Х г хүү Х.Г этэй гурван долоо хоногт нэг удаа /гурав дахь долоо хоногийн хагассайн өдөр 24 цагаар/, тэмдэглэлт баяр болох /шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр, монгол наадам, төрсөн өдөр/ уулзуулж байхыг, Ц.Х нь эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахыг саад учруулахгүй байхыг хариуцагч Т.Х т даалгасугай.
6. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Х гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х аас 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Х д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР