Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.З-,

Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.б овогт С-ын Е-, Б овогт Б-ын Б- нарт холбогдох эрүүгийн 2213002720209 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 37 настай эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.б овогт С-ын Е-, регистрийн дугаар БВ................

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 35 настай эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ын Б-, регистрийн дугаар БВ.............

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Е- нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурвалжин” гэх газарт хадлангийн маргаанаас болж хохирогч Х.Ж-ыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Гурвалжин” гэх газарт хадлангийн маргаанаас болж хохирогч Ж.Т-ийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                     

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Я.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг тус тус гаргаж байна” гэв.

1.2. Шүүгдэгч С.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

1.3. Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

1.4. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарын өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзахгүй зүйлгүй, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэв.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213002720209 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Иргэн Х.Ж-аас 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 00 цаг 56 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

2.2. Хохирогч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14, 16 дахь тал/,

2.3. Хохирогч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 25, 28 дахь тал/,

2.4. Гэрч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

2.5. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

2.6. Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 671 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

2.7. Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 670 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

2.8. Шүүгдэгч С.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

2.9. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ зэргийг,

 

2.10. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарын өмгөөлөгч Х.З-аас:

2.10.1. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

2.11. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нараас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Е-, Б.Б- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3.3. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

 4. Хэргийн үйл баримт:

 4.1. Шүүгдэгч С.Е- нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурвалжин” гэх газарт хадлангийн маргаанаас болж хохирогч Х.Ж-ыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Гурвалжин” гэх газарт хадлангийн маргаанаас болж хохирогч Ж.Т-ийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

4.1.1. Иргэн Х.Ж-аас 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 00 цаг 56 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

4.1.2. Хохирогч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...18 цагийн орчимд Алтанцөгц сумын 3 дугаар багт байрлах гэртээ ирсэн. Гэртээ ирэх үед манай гэрт Баяннуур сумын Цагаан арал багийн 6 хүн 2 хүүхдийн хамтаар ирсэн хүлээж байсан. Манай гэрт манай бэр болох Айман хүүхэдтэйгээ хамт байсан. Би машинаас буух үед А.С- гэх хүн над руу чи миний хадлангийн талбайд өөр хүн оруулж өвсийг нь хадуулсан байна гэж хэлээд хэл амаар доромжилж над руу дайрсан. Би тухайн үед Увс аймгийн Ховд сумын байгаль орчны улсын байцаагч Нэргүй гэх хүн ирээд бичиг баримт үзүүлээд хадаад явсан талаар хэлсэн. Тус хадлангийн талбай нь Увс аймгийн Ховд сумын гурвалжин гэх нэртэй газар бөгөөд Нэргүй гэх хүний талбай байсан. Тэгээд над руу дайраад миний нүүрэн тус газар цохиод хөмсгийг сэтлээд унагааж байгаад 2-3 удаа өшиглөсөн. ...Тэр үед миний бага хүү болох Ж.Ж- хониноос ирж таарсан ба ирээд шууд бид нарыг салгасан. Тухайн үед миний хүү болох Ж.Т-ийн нүүр, толгой хэсгээс цус гарч байсан. ...миний бие тухайн өдөр мэдүүлэг өгөхдөө А.С-, Б.Б-, С.Е- нар зодсон гэж мэдүүлсэн. Тухайн зодоон болох үеэр хүмүүс бужигналдаж байсан ба яг тухайн үед намайг С.Е- миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон юм. Тухайн үед бидний хажууд байсан Б.Б-, А.С- нар зодсон байх гэж бодоод тэгж мэдүүлэг өгсөн юм. Сүүлд би хүүхдээсээ асуухад Б.Б-, А.С- нар намайг зодоогүй. Харин Б.Б- миний хүү болох Ж.Т-ийг чулуугаар цохисон байна. ...Миний зүгээс С.Е-т холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. С.Е- бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...С.Е- бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн ба хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон. Тийм учраас миний бие ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, хохирлын талаар маргаангүй, хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14, 16 дахь тал/,

4.1.3. Хохирогч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Е- манай аавын нүүрэн тус газраас гараараа цохиж, газар унах үед дээр нь гарч дарж авсан. Тэгээд миний бие очиж салгах гэтэл Б.Б- хэрүүл маргаан гаргаж бид хоёр хоорондоо маргалдаж байхад Б.Б- газраас нэг чулуу авч тус чулуугаар миний хөмсөг рүү цохиж цээж хэсэгт нэг удаа гараараа цохисон. ...Миний зүгээс Б.Б-т холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Б- бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...тэр үед гэрийн гадна байсан нэг чулуугаар цохиод буцаад шидсэн байна. Ямар чулуу байсныг би сайн анзаарч хараагүй. Тийм учраас уг чулууг олж өгөх боломжгүй байна. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 25, 28 дахь тал/,

4.1.4. Гэрч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...17 цагийн үед цайллага тарж, жолооч С.Е- буцах замд Алтанцөгц сумын 3 дугаар багийн иргэн Х.Ж- гэх хүнд уулзах ажил байна гээд тэр айлд ирж Х.Ж-ыг асуухад гэрт нь байхгүй байсан ба бид нар явах гэж байхад машинаар ирсэн. Тэгээд А.С-, С.Е- хоёр машинаас бууж Х.Ж-тай уулзаж байсан ба улмаар хоорондоо маргалдаж С.Е- Х.Ж-ыг цохиж унагаж дээр нь дарж авсан. Тэр үед Б.Б- гүйж очиж салгах гэтэл Х.Ж-ы хүүхэд нь Ж.Т- ирж Б.Б-тэй маргалдаж нэг нэг рүүгээ дайрч Б.Б- газраас чулуу авч Ж.Т-ийн нүүрэн тус газар чулуугаар цохисон. Би тухайн үед машинаас буугаагүй Б.Б-, С.Е- нарыг А.С- ирж машинд суулгасан. Тэгээд бид нар яваад өгсөн. Х.Ж-, Ж.Т- нарт А.С-ын гар хүрээгүй. Х.Ж-тай С.Е- зодолдсон, харин Ж.Т-тэй Б.Б- зодолдсон. Бүлэглэн зодсон асуудал болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

4.1.5. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид нар явах гэж байхад Х.Ж- болон Ж.Т- нар машинаар ирж ямар ажлаар явж байгаа гэж хэрүүл маргаан гаргаж, хадлангийн талаар ирж байгаа гэхэд хэрүүл маргаан гаргаж миний хүү болох С.Е- рүү дайрах үед С.Е- Х.Ж-ы нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж газар унах үед дарж авсан. Тэр үед Б.Б- бид хоёр салгах гэж очих үед Ж.Т- машинаас бууж ирж Б.Б-тэй маргалдаж зодолдож Б.Б- Ж.Т-ийн нүүрэн тус газар чулуугаар цохисон. Тэгээд бид нар салгаж авч яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

4.1.6. Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “...Х.Ж-ы биед баруун хөмсгөнд зулгаралт, өвчүү, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн 671 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

4.1.7. Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “...Ж.Т-ийн биед зүүн хөмсгөнд шарх, зүүн мөрөнд зулгаралт, зүүн дээд доод зовхи, хэвлийн зүүн талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн 670 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

4.1.8. Шүүгдэгч С.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Тэр үед би уурандаа баруун гараараа Х.Ж-ы нүүрэн тус газраас нэг удаа цохисон үед Х.Ж- газарт унасан. ...Х.Ж-ы гэрт нь очиж түүнтэй хэрүүл маргаан гаргаж, улмаар түүний эрх чөлөөнд халдаж, биед нь гэмтэл учруулсан үйлдэл гаргаснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

4.1.9. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Ж.Т-ийг С.Е- рүү явуулахгүй гэж урьдаас нь очиж улмаар түүнийг айлгах зорилгоор газраас нэг чулуу аваад гараа өргөж цочроох гэж байгаад санаандгүй гарт байгаа чулуугаар Ж.Т-ийн толгой тус газраас нэг удаа цохиж биед нь гэмтэл учруулсан. ...би Ж.Т-ийн толгой тус газраас нэг удаа чулуугаар цохиж гэмтэл учруулсан үйлдэл гаргаснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

     5.3. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

5.4. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нар нь хохирогч нарын дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул тэднийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

5.5. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарын үйлдлийн улмаас хохирогч Х.Ж-, Ж.Т- нарын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5.6. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул тэднийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

5.7. Шүүгдэгч нарын зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

5.8. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, хадлангийн маргаантай асуудал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

6.2. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ж-, Ж.Т- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Е-, Б.Б- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

2.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Е-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

 

2.4. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2.5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг С.Е-, Б.Б- нарт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

 

2.7. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагч нарын хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 550 нэгж нь 550.000 төгрөгтэй тэнцэх юм.

 

2.9. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

2.10. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч С.Е-, Б.Б- нар нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

2.11. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.б овогт С-ын Е-, Б овогт Б-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Е-, Б.Б- нарын тус бүрийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-, Б.Б- нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч С.Е-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК