Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 181/2019/01189/И |
Дугаар | 001/ХТ2021/00209 |
Огноо | 2021-03-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/00209
Б.Цэндмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01448 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1602 дугаар магадлалтай,
Б.Цэндмаагийн нэхэмжлэлтэй,
Голомт банк ХХК-д холбогдох
Барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэндмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие 2015 онд өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол 24 байр, 1 тоот байрыг Б.Заяатад итгэмжлэл хийж өгсөн. Зэт хорин дөрөв ХХК-ийн захирал Б.Заяат нь тухайн үед Голомт банканд баталгаанд тавьсан уг баталгааны хугацаа дууссан боловч барьцаа хөрөнгөө Голомт банкнаас чөлөөлүүлэхээр удаа дараа хандсан боловч ямар ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн юм. Зэт хорин дөрөв ХХК-ийн 2017 оны 12 сарын 25-ны өдөр хийсэн 499/DBG/17/4629 тоот гэрээ 2018 оны 12 сарын 24-ний өдөр дуусгавар болж Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо /1АТА/-Д гаргасан 190DOUPY150045 тоот банкны баталгаа нь 2018 оны 12 сарын 28-ны өдөр дуусгавар болж цуцлагдсан. Иймээс Голомт банканд албан тоот хүргүүлсэн боловч Голомт банк шийдвэрлэж өгөхгүй байгааг тус компаниас надад мэдэгдсэн. Би Голомт банктай өөрийн үл хөдлөх орон сууцтай холбогдуулан гэрээ хийж эрх зүйн харилцаанд оролцоогүй, ямар үндэслэлээр миний үл хөдлөх хөрөнгө барьцаалсан талаар мэдээллийг өгөх боломжгүй гэснийг мэдэхгүй. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Зэт хорин дөрөв ХХК нь ямар хугацаатай ямар үүргийн барьцаанд миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан талаар ямар ч мэдээлэл байхгүй болно. Иймд арга буюу лавлагаа авахад Голомт банканд барьцаалсан талаар лавлагаа гарсан. Уг хөрөнгийн барьцааг чөлөөлүүлж өөрийн хөрөнгийг захиран зарцуулах хүсэлтэй байна. Зэт хорин дөрөв ХХК-д энэ талаар хандсан боловч Голомт банканд явуулсан албан бичгээс өөр баримт гаргаж өгөөгүй юм. Иймээс нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. Тухайн орон сууцыг барьцааны эд зүйлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бөгөөд Иргэний хуулийн 160.1.1-160.1.6 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болох тухай заасан байдаг боловч эдгээр үндэслэлийн алийг нь ч дурдсан зүйл байдаггүй. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа эсэх нь тодорхойгүй учраас маргахад хүндрэлтэй байна. Зэт 24 ХХК нь нэхэмжлэгч Б.Цэндмаагийн ах болох Б.Заяат гэж хүний компани юм. Энэ компани нь IATA буюу ОУ-ын нисэх байгууллагын өмнө банкны баталгаа гаргаж өгдөг компани байдаг. Монголын МИАТ, Айрмаркет, Айрлинк зэрэг компаниудын нислэгийн билетийг IATA-c худалдан авдаг. Билетээ мөнгийг нь төлөхгүйгээр аваад банкны баталгаанаас шилжүүлэн авч болдог. Энэ баталгаа нь 2015 оноос хойш 100,000 ам доллараас эхлээд одоогийн байдлаар 40,000 ам долларын үлдэгдэлтэй байгаа. 2018 оны 12 сарын 27-ны өдөр гэрээ нь хийгдсэн байгаа. Үндсэн гэрээ дуусгавар болоогүй байгаа учраас бид өөр хүнээс гаргуулан барьцааны гэрээг дуусгавар болгуулах үндэслэл байхгүй. 2 барьцаа байдаг бөгөөд банк өөрийн эрсдэлийг тооцоолоход Б.Цэндмаагийн орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа. Тийм учраас барьцааны эрх дуусгавар болоогүй учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01448 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Голомт банк ХХК-иас Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, 24 байр, 01 тоот орон сууцыг барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч Б.Цэндмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэндмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1602 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.06.27-ны өдөр миний үйлчлүүлэгч Б.Цэндмаагийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 181/ШШ2019/01448 тоот шийдвэр гаргасныг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 120-р зүйлийн 120.2 дахь зүйл хэсгийг удирдлага болгон Давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.09.02-ны өдөр хуралдаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 1602 тоот магадлал гаргасныг эс зөвшөөрч өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу ИХХШТХуулийн 172.2.1 дэх заалтыг удирдлага болгон шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны шүүхэд доорх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.
1. Б.Цэндмаа нь 2015 онд өөрийн үл хөдлөх хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг 3-р хороо 5-р хороолол 24-р байр 1 тоот байрыг Б.Заяатад итгэмжлэлээр шилжүүлсэн байдаг. Энэхүү итгэмжлэл нь дахин шинэчлэгдэхгүй бол 3 жил болоод цуцлагддаг билээ. Зэт 24 ХХК-ийн захирал Б.Заяат тухайн үед Голомт банкны барьцааны хөрөнгөөр баталгаанд 2017.12.25-ны өдөр гэрээ байгуулж тавьсан ба уг барьцааны хугацаа 2018.12.28-ны өдөр дуусгавар болж уг барьцаа хөрөнгөө Голомт банкнаас чөлөөлүүлэхээр удаа дараа албан бичгээр хүсэлт гаргасан боловч чөлөөлсөн асуудал байдаггүй. Зэт 24 ХХК-ийн захирал Б.Заяаттай 2017.12.25-ны өдөр хийгдсэн 499\Е)ВО\17\4629 тоот гэрээ 2018.12.24-ний өдөр дуусгавар болж Олон Улсын агаарын тээврийн холбоонд гаргасан 19DOUPY150045 тоот банкны барьцаа хөрөнгийн баталгаа нь 2018.12.28-ны өдөр дуусгавар болж цуцлагдсан нь хөрөнгийн баталгааны барьцааг чөлөөлөх хууль зүйн үндэслэл болж байна.
2. Б.Цэндмаа нь Голомт банкнаас барьцаа хөрөнгө чөлөөлөхгүй байгаа асуудлыг мэдээд Сүхбаатар дүүрэг 3-р хороо 5-р хороолол 24-р байр 1 тоот байрны барьцааны гэрээтэй холбоотой асуудлаар Голомт банкнаас мэдээллийг гаргуулахаар шаардахад уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хийж эрх зүйн харилцаанд оролцоогүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Хууль зүйн үүднээс харахад Зэт 24 ХХК-ийн захирал Б.Заяат нь ямар хугацаатай, ямар үүрэг хүлээж Үл хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ хийсэн хийх гэж байгаа талаар барьцаалж байгаа болон барьцаанд авах гэж байгаа талууд үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэн болох Б.Цэндмаад албан ёсоор мэдэгдэж зөвшөөрөл авах байсан ба мэдэгдэхгүй барьцааны гэрээ хийсэн нь Голомт банкнаас хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх бүрэн үндэстэй байна.
3. Б.Цэндмаагийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 3-р хороо 5-р хороолол 24-р байр 1 тоот байрыг Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ үйлдсэн хуулийн этгээдүүд үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзний зөвшөөрөлгүй барьцаа болгон ашигласан байна. Энэ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь зүйл хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл байх тул хууль зөрчиж хийгдсэн "Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын гэрээ байна гэж үзэхээс аргагүй байна.
4. Анхан шатны шүүхээс Айр Бүүк ХХК нь өөрийн нэрийг Зэт 24 ХХК болгон өөрчилсөн байна гэх боловч хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газраас энэ талаар лавлагаа гаргуулан авч нотлох баримтын хэмжээнд хэрэгт хавсаргаагүй байдаг. Тодруулж хэлбэл Айр Бүүк ХХК-ийг өөрчилсөн, хуваасан, нэгтгэсэн эсэх нь огт тодорхойгүй буюу Айр Бүүк гэдэг хуулийн этгээдийн бүрэн эрх бүхлээрээ Зэт 24 ХХК олгогдсон гэх үйл баримт тогтоогдохгүй байхад Голомт банктай байгуулсан гэрээгээр тогтоогдож байна гэж үзэн шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Голомт банктай байгуулсан гэрээгээр хуулийн этгээдийн нэрийг өөрчилсөн нь тогтоох боломжгүй гэж бид үзэж байна.
5. 2018.12.27-ны өдрийн Голомт банк, Зэт 24 ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Б.Цэндмаагийн СБД 3-р хороо , 5-р хороолол 24-р байр 01 тоот байрыг барьцаа хөрөнгөөс хасч гэрээ байгуулсан байхад шүүх түүнийг хэрхэн үнэлж дүгнэхгүй байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Голомт банк, Зэт 24 ХХК нь 2015.08.28-ны өдрийн ББГ14Ю05220\ВОҮБТ тоот банкны баталгааны гэрээний хугацааг 2016.12.27-ноос 2017.12.27-ны өдөр хүртэл, 2018.12.27-ноос 2019.12.28-ны өдрийг хүртэл сунгасан болох нь 2016.12.27-ны өдрийн Банкны баталгааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон 2018.12.27-ны өдрийн Банкны баталгааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна гэжээ. Гэтэл шүүх үнэлж буй 2018.12.27-ны өдрийн Банкны баталгааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд Б.Цэндмаагийн үл хөдлөх хөрөнгө болох СБД 3-р хороо , 5-р хороолол 24-р байр 01 тоот байрны асуудал шийдэгдсэн байхад шүүх үүнийг үнэлж дүгнэхгүй шийдвэрлээд байгаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Голомт банкнаас гэрээний хугацаа дуусаагүй байна гэдэг шалтгаанаар Б.Цэндмаагийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байгаа нь барьцаалсан хөрөнгийн хүүг өсгөх гэсэн далд санаа нуугдаж байна гэж үзэж байна. Иймд дээр дурдагдаад байгаа хууль зөрчсөн асуудлуудыг шийдвэрлэх үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Цэндмаа хариуцагч Голомт банк ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, III хороо, V хороолол, 24 байрны 01 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барьцааны эрх дуусгавар болоогүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх Б.Цэндмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
1. Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд хэргийн баримтад заагдсан гэрээнүүд хуулийн шаардлага хангасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь барьцааны зүйлийн өмчлөгч мөн бөгөөд тэрээр 2015 оны 6 сарын 04-нд Айр бүүк ХХК-д 01 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалах итгэмжлэлийг олгосноор Айр бүүк ХХК нь Голомт банк ХХК-тай 2015 оны 8 сарын 28-ны өдөр Банкны баталгааны гэрээ байгуулж, хариуцагч Голомт банк ХХК нь Олон Улсын агаарын тээврийн холбооны бичгээр тавьсан шаардлагаар Айр бүүк ХХК-ийн өмнөөс мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн, үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.
Түүнчлэн Айр бүүк ХХК-ийн нэр Зэт хорин дөрөв гэж өөрчлөгдсөн, 2017 оны 6 сарын 30-ны өдөр дээрх баталгааны гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон байна.
Нэхэмжлэгчийн олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Зэт хорин дөрөв ХХК болон хариуцагч Голомт банк ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан баталгааны болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.
2. Хоёр шатны шүүх Банкны баталгааны гэрээний хугацааны талаар дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд 2015 оны 8 сарын 28-ны өдрийн Банкны баталгааны гэрээг 2019 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл сунгасан байхад барьцаагаар хангагдах үндсэн үүргийг дуусгавар болсон гэж үзэх нь хуульд нийцэхгүй тул барьцааны эрх дуусгавар болоогүй гэсэн үндэслэлээр шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэгч Б.Цэндмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон учраас барьцаа хөрөнгийг чөлөөлөх ёстой гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзнэ.
4. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил агуулгаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01448 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1602 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН