Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 125/ШШ2020/0029

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ,

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Ховд аймгийн Цэцэг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Д.З-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Цэцэг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0144490 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн Байгаль орчны газарт буцаалгах”-ыг хүссэн дүгнэлтийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Д.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн цэцэг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.З би цэцэг сумын хэсгийн мөрдөгч Б.Б-с гаргасан “А.Ц нь 2020 оны 10 сарын 23 ны өдөр ховд аймгийн цэцэг сумын Баянгол багаас мал ачиж явах замдаа 5 хонь нядалж зөвшөөрөлгүй цэгт хог хаягдал хаясан байна” гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийн хүлээн авч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн. Д.З би зөрчлийн тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10 -ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх хэсэгт зааснаар хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байхад хүчингүй болсон хуулийн заалтаар шийтгэл оногдуулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг нь Ховд аймгийн Цэцэг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Д.З-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Цэцэг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0144490 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн Байгаль орчны газарт буцаалгах” тухай дүгнэлт гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.З нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүчингүй болсон хуулийн заалтаар шийтгэл оногдуулснаа хүлээн зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бичгээр хариу тайлбараа ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг нь Ховд аймгийн Цэцэг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Д.З-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Цэцэг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0144490 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн Байгаль орчны газарт буцаалгах”-ыг хүссэн дүгнэлттэй захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                  Г.СОНИНБОЛОР