Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 00321

 

   Б.У-ын нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02665 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох

Зээлийн гэрээий үүрэгт 66 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.У нь Казакстан улсын иргэн Б.Г-тай 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр зээлдэгч Б.Г-д бэлнээр 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүү, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл зээлдэгч нь үндсэн төлбөр 40 000 000 төгрөг дээр сарын 2.5 хувийн хүү, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргээ гүйцэтгээгүй. Зээлийн хүүд 2 000 000 төгрөг төлж үлдэгдэл төлбөр төлөөгүй. Иймд хариуцагч Б.Г-аас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 40 000 000 төгрөг, хүү 6 000 000 төгрөг, алдангид 22 000 000 төгрөг нийт 66 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнээс авлагатай тэр нь бүтэхгүй байна. 2 400 000 төгрөгийг төлсөн. Тэрнээс хойш төлөөгүй. Төлж явах боломж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас нийт 66 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.У-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 487 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Г энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн бичгээр хийсэн гэрээг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг анхаарах ёстой байсан. Нотариат гэрээний үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дуаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг хэрхэн хэрэгжүүлсэн нь юугаар нотлогдож байгаа, хэрэв хууль зөрчсөн үйлдэл хийсэн бол тэр үйлдэл болон гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөлгүй Монгол Улсын иргэд хоорондын гэрээтэй адил үзэж шийдвэр гаргасанд гомдолтой байна

Хэргийн оролцогчдын хувийн байдлыг харах ёстой. Шүүх биеийн байцаалтыг шалгахдаа хариуцагч нь Казакстан Улсын иргэн гэдгийг мэдсэн. Тиймээс шийдвэртээ энэ талаар тусгасан байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр......шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх” эрхийг  хариуцагчид эдүүлэх нь шүүхийн үүрэг байхад хариуцагчийн орчуулагч авах хүсэлтийг "та Монголоор ярьж чадаж л байна" гэх үндэслэлээр хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт үүргээ үл биелүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч  Б.У  хариуцагч  Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна. /хх- 5/

Хариуцагч Б.Г гадаад улсын иргэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “монгол хэл мэдэхгүй” гэх нөхцөл байдлаа өөрөө тайлбарласнаас гадна хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зурсан, шүүхэд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаснаас өөрөөр тайлбар өгч байгаагүй байна. Энэ тохиолдолд хариуцагчийг монгол хэл мэдэж байсан, орчуулагч шаардлагагүй гэж үзэх орчуулагч оролцуулах тухай хүсэлтийг нь хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

Өмгөөлөгч оролцуулах хүсэлтдээ “иргэний хэрэгч”, “өмгөөлөгчөр” гэх зэргээр үг үсгийн илт алдаатай бичсэн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Б.Г монгол хэл мэддэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчгүй оролцох боломжтой байсан гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн байх тул хариуцагчийн “орчуулагч авах хүсэлтийг шүүх хүлээн авалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй. 

Дээрх зөрчлийн улмаас талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх эрхийн үндсэн дээр явагдсан гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                             А.МӨНХЗУЛ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА