Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0373

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0373

Улаанбаатар хот

 

 

Иргэн Н.Батзоригийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхболд, хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Н.Батзоригийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Батзориг миний бие Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бие даан нэр дэвших зорилгоор сонгуулийн төв байгууллагаас батлагдсан маягтын дагуу 421 иргэний гарын үсэг цуглуулан холбогдох материалын хамт аймгийн Сонгуулийн хороонд өгсөн. Гэтэл аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д дэх хэсэгт заасан заалтыг баримтлан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Сонгуулийн тухай хуулийн  156  дугаар  зүйлийн 156.2.1 дэх заалтад аймгийн хурлын  сонгуульд  нэр  дэвшигчийн  хувьд  201-ээс  доошгүй  сонгогчдын  гарын  үсгийг зуруулсан байхыг шаардсан уг хуулийн заалтыг би зөрчөөгүй ба Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д-д заасан заалттай хамааралгүй болно. Дорнод аймгийн Сонгуулийн хороо Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Н.Батзоригийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад зааснаар Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигч нь нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө зохион байгуулж, тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалтад заасан 3 хоногийн хугацаанд багтаан нэр дэвшигчдийн баримт бичгийг /Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.1-157.3.6/ хууль, холбогдох журмын дагуу бүрдүүлж тухайн шатны Сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан.

Н.Батзориг нь хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, баримт бичгийг ирүүлсэн бөгөөд аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагт хүлээн авсан. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтад зааснаар бие даагчдын ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан хянаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсны дагуу аймгийн Сонгуулийн хороо нь  2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагт 06 дугаар хуралдааныг 100 хувийн ирцтэй зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам, бие даагчаас ирүүлсэн нэр дэвшигчийн баримт бичгийг шалгаж, бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Н.Батзориг нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу нийт 421 дэмжигч-сонгогчийн гарын үсгийг зуруулсан бөгөөд үүнээс Уранчимэгийн Хонгорзул /ЖЮ99111704/ нь сонгуулийн эрхгүй буюу 18 нас хүрээгүй этгээд байсан тул Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д заалтад заасан /сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/ нөхцөл байдал үүссэн гэж үзэн хуралдаанд оролцсон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн 100 хувийн саналаар бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан. Н.Батзориг нь нэхэмжлэлдээ Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалтад зааснаар 201-ээс дээш гарын үсэг зуруулсан байтал аймгийн Сонгуулийн хороо Монгол улсын Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр гаргалаа гэж дурдсан байна. Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол улсын иргэн нь төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй хэдий ч энэхүү тусгайлан зохицуулсан Сонгуулийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын дүрэм, журмаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд эдэлнэ.

Нэхэмжлэгч Н.Батзориг нь хэдийгээр 421 дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулж Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалтад /201-ээс дээш гарын үсэг зуруулах/ заасан шаардлагыг хангасан боловч сонгуулийн эрхгүй этгээд буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан бол нийт дэмжигч-сонгогч хэд байхаас үл хамааран Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д заалтад /Сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/ заасан татгалзах үндэслэл үүссэн гэж үзэх хуулийн зохицуулалттай. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлийг тус хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмын хүрээнд хэлбэрэлтгүй мөрдөж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар зөвлөмжид тодорхой тусгасан болно.

Иймд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоол нь Сонгуулийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын дүрэм, журам, зөвлөмжийн хүрээнд гаргасан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул Н.Батзоригийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.1, 157 дугаар зүйлийн 157.3, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Батзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Н.Батзоригийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий давж заалдах гомдолдоо: “Дорнод аймгийн Сонгуулийн хороо хариуцагчтай, Н.Батзоригийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр шийдвэртэй танилцаж дараах гомдлыг гаргаж  байна.

Н.Батзориг нь Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу нийт 421 дэмжигч сонгогчийн гарын үсгийг зуруулсан бөгөөд үүнээс 1 иргэн нь сонгуулийн эрхгүй 18 нас хүрээгүй /У.Хонгорзул ЖЮ99111704/ этгээд байсан тул Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-дэх заалт /Сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/-ыг үндэслэн бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор шийдвэрээ баталгаажуулсан.

Дээрх шийдвэрийг Н.Батзориг эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах алдаатай үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангажээ.

1. Шүүх маргаан бүхий асуудалтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтын “...энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэснийг тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуулийн 125.4 дэх заалтыг баримталсан.

Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурал болон Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагааг тус тусад нь бүлэг болгон хуульчилж зохицуулсан бөгөөд Орон нутгийн хурлын сонгуулийн зохион байгуулалт үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Сонгуулийн тухай хуулийн 151-164 дүгээр зүйлээр тусгайлан заасан байтал шүүх шийдвэрийн үндэслэлдээ Сонгуулийн тухай хуулийн 125.4 дэх заалтыг барьж тайлбар хийх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйл нь Улсын Их Хурлын сонгуультай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчлагдсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд шууд хамаарах заалт болно.

2. Мөн Н.Батзоригийг дэмжсэн нийт 421 сонгогчоос сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй 1 иргэнийг хасахад 420 сонгогч үлдэж байхад аймгийн Сонгуулийн хороо Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгох, сонгогдох” эрхийг хэтэрхий хязгаарласан гэж тайлбарласан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дүгээр заалтад Монгол Улсын Иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан хэдий ч энэхүү эрхээ тусгайлан зохицуулсан хууль буюу Сонгуулийн тухай хууль түүнтэй уялдуулан гаргасан эрх бүхий байгууллагын тогтоол, журмаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд эдлэх ёстой билээ.

 Хэдийгээр Н.Батзориг нь 421 дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулж, Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх заалт /201-ээс дээш гарын үсэг зуруулах/-д заасан шаардлагыг хангасан боловч сонгуулийн эрхгүй этгээд буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан бол нийт дэмжигч-сонгогчдын тоо хэд байхаас үл хамааран Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д заалтад /Сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах/ зааснаар татгалзах хуулийн зохицуулалттай.

Мөн сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан тохиолдолд аймгийн Сонгуулийн хороо тухайн иргэний хасаж тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлийг тус хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмын хүрээнд хэлбэрэлтгүй мөрдөж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар зөвлөмжид тодорхой тусгасан болно.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх заалтад зааснаар тухайн бие даан нэр дэвшигчийг дэмжигч сонгогч нь 201-ээс доош байвал Сонгуулийн тухай хуулийн өөр заалтаар бүртгэхээс татгалзахаар хуульчилсан. Гэтэл Н.Батзориг нь сонгуулийн эрхгүй буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулж, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д заасан шууд татгалзах үндэслэл бүхий зөрчлийг гаргасан байтал анхан шатны шүүх дээрх 2 өөр зөрчлийг нэгээс нөгөөд шилжүүлж тайлбарлан хууль буруу хэрэглэн шийдвэр гаргасан.

Иймд Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 14 дүгээр тогтоол нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос батлан гаргасан дүрэм, журам, зөвлөмжүүдийн хүрээнд үндэслэсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Н.Батзориг нь “Дорнод аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Н.Батзоригийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах” гэж нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Н.Батзориг нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан боловч сонгуулийн эрхгүй этгээд буюу 18 насанд хүрээгүй иргэнээр гарын үсэг зуруулсан бол нийт дэмжигч-сонгогч хэд байхаас үл хамааран Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д заалтад заасан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлтэй. Нэр дэвшихээс татгалзах үндэслэлийг мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмын хүрээнд хэлбэрэлтгүй мөрдөж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаар зөвлөмжид тодорхой тусгасан. Хууль зүйн үндэслэлтэй шийдвэр” гэж маргажээ.

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд бие даан нэр дэвшигч Н.Батзориг нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан, хуульд заасан хугацаанд холбогдох баримтаа тус аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн байна.

Нэр дэвшигч Н.Батзориг нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.2.1-д “аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж зааснаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу нийт 421 дэмжигч, сонгогчийн гарын үсэг зуруулснаас Уранчимэгийн Хонгорзул /ЖЮ99111704/-нь 18 насанд хүрээгүй, сонгуулийн эрхгүй этгээд байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.-д бие даан нэр дэвшигч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа “сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан” зөрчлийг гаргасан бол татгалзана гэж заажээ.

Жагсаалт дахь 421 иргэдийн нэрс дунд У.Хонгорзул гэсэн насанд хүрээгүй иргэний гарын үсэг зурагдсан нь бүртгэхээс татгалзах шууд үндэслэл болохгүй байна. Учир нь Дорнод аймгийн сонгуулийн хороо бие даан нэр дэвшигч Н.Батзоригийн жагсаалттай холбоотой үүссэн дээрх асуудлыг нэр дэвшигчийн хүсэлтээр Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-157.9-д заасан үүргийн дагуу нягтлан, 5 хоногийн дотор нэр дэвшигчийн эрхийг хангаж ажиллах боломжтой байсан байхад уг зөрчлийг засах боломж олгоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.1-д заасан 201-ээс доошгүй сонгогчоор гарын үсэг зуруулсан байх шаардлага хангагдсан байхад ялимгүй зөрчлөөр маргаан бүхий актыг гаргасан нь Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй....”, Арванесдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “шударга ёсыг сахих” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Үүнээс дүгнэвэл анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Улсын Их Хурлын сонгуулийн талаар зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4-т заасан тусгай шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                              

                                  ШҮҮГЧ                                          Н.ХОНИНХҮҮ

                                     ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

                                     ШҮҮГЧ                                                   Э.ЗОРИГТБААТАР