Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/765

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Их цагаан овогт Туулын*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205028042107 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Баянгол дүүрэг********************* оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20/73 дугаартай тогтоолоор ялыг бүрэн биелүүлсэн, Их цагаан овогт Туулын*******. /РД:УО02252330/

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Laser нэртэй бааранд “найзыг минь түлхлээ” гэсэн шалтгааны улмаас*******н нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  ******* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай найз намайг бааранд дуудахаар нь би очоод бүжиглэж байсан. Улмаар*******тай маргалдсан.******* манай найзыг хойноос нь түлхээд байхаар нь би зайгаа барьчих гэж хэлсэн. Гэтэл******* цаашаа яваад алга болсон. Тэгээд дараа нь гэнэт хажуу талаас орж ирж нүүр рүү 2-3 удаа цохиход нь миний шүд унасан. Баарны хамгаалагч бид нарыг салгасан. Тэгээд манай найз намайг авч гарсан. Цагдаа дуудаад ирэх үед нь******* 2 найзынхаа хамт зугтаасан. Шүднийхээ эмчилгээг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хүний биед үзлэг хийсэн “...******* уруулын зүүн хэсэг язарсан шарх, харагдах байдлаараа урд дээд үүдэн шүднүүд унасан байв. Алтаншагай дээгүүрээ хар өнгийн хантааз хар өнгийн цамц, жинсэн өмд доогуураа шар өнгийн пүүзтэй, хувцсанд урагдал цоорол үгүй байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 10-11 дэх тал/

 

Хохирогч*******гийн “ ... 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөр шилжих шөнө манай найз Хос-Эрдэнэ намайг Laser бааранд дуудсан. Тэгээд би Laser бааранд 01 цагийн үед очоод 1 шил пиво уучхаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай найзыг араас нь шахаад бүжиглүүлэхгүй байсан.

Тэгэхээр нь би тухайн шахаад байсан хүнийг цаашаа түлхээд жаахан зайгаа авчих гэсэн. Тэгээд тэр залуу цаашаа яваад өгсөн. Тэгээд би бүжиглээд байж байхад миний түлхдэг залуу хажуунаас орж ирээд миний нүүрэн тус газар 2 удаа цохисон.

Тэгээд би нүүрээ дараад доошоо болсон. Тэгээд хамгаалагч нь байсан уу үгүй юу мэдэхгүй байна нэг хүн орж ирээд Хос-Эрдэнэ бид хоёрыг баарнаас аваад гарсан. Тэгээд би цагдаад дуудлага өгчхөөд байж байхад намайг цохисон залуу хамт байсан хүнтэйгээ гарч ирэхэд нь би чи байж бай, би цагдаад дуудлага өгсөн байгаа гэхэд тухайн залуу цаашаа зугтаагаад яваад өгсөн.

Миний биед учирсан баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, дээд уруулын язарсан шарх гэмтлийг******* гэх залуу учруулсан. Би тэр хүнийг түлхсэн болохоор цохиулсан байх.

... Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлмээр байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дахь тал/

“... Ер нь бол эмнэлгийн байгууллагаар явж байгаад эмчилгээний холбогдолтой материалаа шүүх хуралд оролцохдоо авч очно гэж бодож байна. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдвэрлүүлмээр байна. Сайн дурын үндсэн дээр харилцсан тохиролцсон талаар хүсэлт гаргаж өгсөн байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дахь тал/

 

Гэрч Т.Ганзамын “ ... Бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад бүжгийн талбай дээр байсан хар хувцастай залуутай******* маргалдаад тэгээд шууд цохилцоод унасан.

Би дундуур нь ороод салгасан. Тэгсэн*******тай маргалдаад байсан залуу баарнаас гарсан. Би Энхбилгүүнтэй гарч тамхилж байгаад дэлгүүр рүү ундаанд яваад Энхбилгүүн буцаад баар луу орсон. Тэр хооронд******* байхгүй байсан. Цагдаа ирээд намайг бариад явсан.

Яагаад маргалдах болсон талаар хэлж мэдэхгүй байна. Бүжгийн талбай дээр маргалдаад цохисон. Их дуу чимээтэй байсан. Би хажуу талд нь бүжиглэж байсан болохоор сайн мэдэхгүй байна.

Шинэбаяр хар хувцастай залууг 2 удаа цохисон. Нөгөө хар хувцастай залуу*******ын урдаас цохилцож байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11387 дугаартай:

“1.*******н биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, дээд уруулын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 29-30 дахь тал/

 

*******ын яллагдагчаар өгсөн “ ... Миний хувьд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Одоо ажил төрөл хийж байгаа бөгөөд хохирогчийнхоо шүдийг нь хийлгэж өгнө гэж бодож байгаа. Одоогоор ямар нэгэн бололцоо надад байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж*******н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч*******н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11387 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хохирогч******* шүүх хуралдаанд эмчилгээний зардал 3,000,000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримт байхгүй, хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “ ... эмнэлгийн байгууллагаар явж байгаад эмчилгээний холбогдолтой материалаа шүүх хуралд оролцохдоо авч очно гэж бодож байна ...” гэж мэдүүлсэн /хэргийн 20 дахь тал/ боловч шүүх хуралдаанд хохирол, хор уршгийн талаар гаргаж өгөх баримт байхгүй гэж мэдүүлэв.

Иймд шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй бөгөөд харин хохирогч******* нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их цагаан овогт Туулын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Алтаншагай нь өөрт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ

 

 

 

 

 

 

11