Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 541

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Мандал-Овоо сумын Мандал баг, ...................... тоотод оршин суух ******* овогт Э.А /регистрийн дугаар:...................../

            Хариуцагч: Өмнөговь аймаг Булган сум 1-р баг, .................. тоотод оршин суух ******* овогт Н.С /регистрийн дугаар:.................../

            Хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А , хариуцагч Н.С , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.А Н.С той 2009 онд танилцаад гэр бүл болон амьдарч 2011 онд охин С.Гэ, 2016 онд хүү С.Г  нар төрсөн. Хамтран амьдрах хугацаандаа Н.С  нь гэр орондоо байддаггүй, үр хүүхдээ харж ханддаггүй , ажил хөдөлмөр эрхэлж үр хүүхдээ тэжээж байгаагүй, өөр хүүхэнтэй явалдаж муухай үгээр доромжилж сэтгэл санааны гүн дарамтанд оруулдаг зэргээс болж бид үргэлж хэл амтай таарамжгүй амьдарч байлаа. Хамгийн сүүлд Н.С  бид хоёр муудалцаж салснаас хойш буюу 2017 оны 2 сараас хойш огт уулзаагүй, үр хүүхдээ асраагүй. Тиймээс бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул миний хоёр хүүхдэд эцэг Н.С оос тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Н.С  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н овогтой Н.С  нь Өмнөговь аймгийн Булган суманд амьдардаг, Э овогтой Э.А тэй 2009 онд танилцаад 2011 онд том охин Д.С.Гэ төрсөн 2016 онд хүү С.С.Г  төрсөн. Иймд том охин болох С.Гэг өөр дээрээ авах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээж авна уу. Миний бие Э.А тэй гэр бүл болон амьдарч бидний дундаас 2011 онд охин С.Гэ, 2016 онд хүү С.Г  нар төрсөн. Бид 2009 оноос 2017 онуудад хамт амьдарсан бөгөөд хоорондын үл ойлголцол болон зан харьцаа үзэл бодол таарч тохирохгүйн улмаас бие биеээсээ хөндийрч 2017 оны 2 сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Охин С.Гэ, хүү С.Г  нар нь тухайн үед ээж дээрээ үлдсэн юм Гэтэл Э.А  нь саяхан надад том охин болох С.Гэг аав ээждээ өгсөн. Манай аав Д овоглуулсан. Чиний хүүхэд байхаа больсон гэж ярьж байсан юм. Би тухайн үед Э.А г тоглож байна гэж бодоод өнгөрсөн. Ингээд Э.А  нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хүүхдийн төрсний гэрчилгээ хавсаргасан байсан ба төрсний гэрчилгээн дээр охии С.Гэг өөр овгоор овоглон аав ээждээ үрчлүүлсэн болохыг мэдсэн. Одоо миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учраас тусдаа байх хугацаандаа баяр ёслолоор тодорхой хэмжээний мөнгийг нэхэмжлэгч Э.А д шилжүүлж байснаас өдөр тутам харж хандаад наана цаана гэж явж байгаагүй нь үнэн. Миний зүгээс эцэг хүнийхээ үүрэг хариуцлагыг ухамсарлаж байгаа хэдий ч том охин С.Гэг надад мэдэгдэлгүй хүнд үрчлүүлж би хувьдаа аав байхаа больсон юм байна гэж бодож байна. Э.А  ч охины ээж байхаа больсон гэдэг нь харагдаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох тухай заасан байдаг. Энэ нь мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3 дахь хэсэгт “тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн...” бол дээр заасанчлан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болохоор заасан байдаг. Эндээс харахад миний бие энэ үүргийн дагуу охин С.Гэг тэжээн тэтгэх үурэггүй гэж харагдаж байгаа юм. Харин хүү С.Г д тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө хоёр хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөж чадна гэж бодож байгаа. Бид хоёрт асуудал их байсан учраас Н.С ид би гомдсон байсан. Нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагч нь 2 хүүхэддээ тусламж дэмжлэг үзүүлдэг. Би өөрөө 2 хүүхдээ өсгөж чадах болохоор хариуцагчаас мөнгө авах гээд байх шаардлага байхгүй. Би хувийн янз бүрийн асуудлаасаа болоод түүнд нь уурлаж, гомдоод шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэдгээ маш сайн ойлгосон. Уураар энэ асуудалд хандах ёсгүй байсан юм гэв.

Хариуцагч Н.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад санал алга гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А  нь Н.С ид холбогдуулан хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.А  нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Э.А гийн нэхэмжлэлтэй Н.С ид хариуцагдах хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Э.А д буцаан олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР