Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 502

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Цогтцэций сумын ......................  оршин суух, Жимээ Дорги овогт Д.Б   /регистрийн дугаар:..................../

Хариуцагч: Өмнөговь аймаг Хүрмэн сум 3 баг ...................... оршин суух, Сайны овогт С.Д  /регистрийн дугаар:............................ /

Гэрлэлт  цуцлах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д , хариуцагч С.Д , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Д тай 2006 оны 07 сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 12 сарын 21-нд охин Б.С   төрсөн. Би 2010 оны 01 сард Солонгос улсад ажиллах гэрээгээр гарч 2013 оны 01 сард ирсэн, 2016-2017 онд дахин Солонгос улсад ажиллаад 1 жил болоод ирсэн. Би 2013- 2016 онд  Монгол улсад байх хугацаандаа хамт амьдраагүй ба нэг гэрт амьдарсан хугацаа маш бага. Одоо бид хоёр өөр өөрийн гэр бүлтэй болсон учир гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй тул миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэмж ярих тайлбар байхгүй гэв.

Хариуцагч С.Д  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б бид хоёр нь 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон. 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Б.С   төрсөн. Д.Б нь 2010 оны 01 дүгээр сард Солонгос улсад ажиллаад 2013 оны 01 дүгээр сард ирсэн. 2016-2017 онд дахин Солонгос улсад ажиллаад 1 жил болоод ирсэн. 2013-2016 онд Монгол улсад байх хугацаандаа хамт амьдраагүй ба бид хоёрын нэг гэрт амьдарсан хугацаа маш бага. Одоо бид хоёр өөр өөрийн гэр  бүлтэй болсон учир гэр бүлээ цуцлуулах хүсэлттэй тул миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхэд аавыгаа мэддэг, утасаар байнга холбогддог, сар бүр хүүхэддээ мөнгө өгдөг учир хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Д.Б ын нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д гийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, 0276444 дугаартай охин Б.Б.С  гийн төрсний гэрчилгээний хуулбар, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагч С.Д гийн хариу тайлбар, Б.Б.С  гийн санал зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь С.Д д холбогдуулан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.Б С.Д  нар нь 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Б.С   төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. 

Нэхэмжлэгч Д.Б , С.Д  нар нь 2013 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй гэж үзэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх ба зохигчид удаан хугацаагаар тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа зэргийг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр  тэдний  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж ямар нэг тайлбар гаргаагүй тул гэрлэгчдийн дундаас 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Б.С  г хүүхдийн нас, хүйс, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх С.Д гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч С.Д  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...сар бүр хүүхэддээ мөнгө өгдөг учир хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул нэхэмжлэгч Д.Б нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Б оос тэтгэлэг гаргуулан охин Б.Б.С  г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийн хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх  хэсэгт зааснаар Жимээ Дорги овогт Д.Б , Сайны овогт С.Д  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Б.Б.С  г төрүүлсэн эх С.Д гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймаг Цогтцэций сумын 1 дүгээр баг, Сийрст оршин суух хаягтай, одоо БНЧех улсад суугаа нэхэмжлэгч Жимээ Дорги овогт Д.Б   /регистрийн дугаар:................../-оос 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Б.Б.С  д 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Д.Б оос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Д.Б , С.Д  нарын гэрлэлтийг цуцалж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мухлайд даалгасугай.

             6.Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.

7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д гаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б од олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР