Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Д.Аянагүл, 

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******,*******т төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-ийн захирал, , , , тоотод ганцаараа оршин суудаг, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт амарч байхдаа урьд үүссэн харилцааны улмаас хохирогч Г.тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Г.ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж хэлэх зүйл байхгүй. Өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв юм. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Г.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч Г.ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 01 дэх тал),
  2. Хохирогч Г.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 04-05 дахь тал),
  3. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08/шэ/387 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
  4. Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч Г.******* нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт амарч байхдаа урьд үүссэн харилцааны улмаас хохирогч Г.тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Г.ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай найз залуу Г.******* манай гэрт ирээд надаас уучлалт гуйгаад бид хоёр нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн зуслангийн газар руу явсан. ...маргааш нь бид хоёр бага зэрэг маргалдсан тэгэх үед явуулахгүй гээд миний гар утас болон цүнх авчхаад өгөхгүй байж байгаад гэнэт Г.******* баруун гараараа миний нүүр, нүд хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэх үед ард байсан орон дээр унасан. Тэгээд би босож ирээд явлаа гэх үед явуулахгүй гээд миний утас болон цүнх өгөхгүй байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. Тэгээд би өглөө нь ах болох г дуудаж цагдаагийн байгууллагад хүргүүлж ирсэн. Би гомдолтой байна. Би эмчилгээний бүх зардлыг нэхэмжилж авах болно. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 04-05 дахь тал),

 

  • Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08/шэ/387 дугаар “Г.ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

  • Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би уурлаад “чи өөр хүмүүстэй харьцсан байсан биз дээ” гэх үед Г. “би явлаа хотоос манай найз залуу ирж авна” гэхээр нь би “юун хүн юм чамтай ямар хамааралтай юм” гэж асуухад “Би унтдаг юм, бид хоёрын унтдаг бичлэгийг харах уу” гэж хэлэхээр нь миний уур хүрээд баруун гараараа зүүн хацар хэсэгт нь нэг удаа алгадчихсан. Тэгээд миний уур гараад шөнөжингөө уучлалт гуйж хоносон. Дээрх гэмтлийг баруун гараараа зүүн хацар хэсэг рүү нэг удаа алгадаж учруулсан. Би Г.ийн эмчилгээний зардлыг төлж барагдуулж байгаа. Одоогоор 1.700.000 төгрөг өгсөн. Цаашид нүдний мэс засалд орох талаар ярьсан, би бүх эмчилгээний зардлыг даах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал) шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

                                                                                                                                           

Шүүгдэгч Г.******* нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Г.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* хохирогч Г.тэй хардалтын улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г. нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь “Г.*******аас хохиролд 5.000.000 төгрөгийг өөрийн хаан банкны тоот дансаар авсан нь үнэн болно. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр (1 нэгж=1.000 төгрөг) торгох ял оногдуулж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ