| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00405/И |
| Дугаар | 532 |
| Огноо | 2018-11-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 532
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг, ..................... оршин суух, Халзанбаяр овогт М.Н /регистрийн дугаар:................../
Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ......................... оршин суух, Түлээч овогт Х.Х /регистрийн дугаар:......................./
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н , хариуцагч Х.Х , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х.Х той би 2006 онд танилцаж үерхээд 2008 оны 11 сарын 06-нд охин Х.Н төрсөн. Бид үерхэж байх хугацаандаа гэрлэж гэрлэлтээ батлуулаагүй. Одоо охин Х.Н маань 10 настай. Бид хоёрыг үерхэж байх хугацаанд Х.Х ийн ээж, эгч хоёр нь ирж хамт амьдруулахгүй гэж маш их дарамталдаг байснаар бид 2 салсан. Иймд хариуцагч Х.Х оос охин Х.Н тээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Х.Х бид хоёр эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Нэхэмжлэгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Охиндоо тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна, нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Хариуцагч Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Н ийн охин болох Х.Н охиныг өөрийн төрсөн охин гэдэгт эргэлзэж байгаа тул эцэг тогтоолгох шинжилгээ өгөх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо ажилгүй байгаа учраас охиноо оюутан болсон дараа нь 2 жилийн сургалтын төлбөрийг төлөх боломжтой. Ингэж эвлэрэх саналтай байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох М.Н ийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Х.Н ийн төрсний гэрчилгээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 153 дугаартай Өмнөговь аймгийн 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 444 дугаартай Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан тоот, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвийн Н.Х.Н ийг эрүүл бойжиж байгаа тодорхойлолт, нэхэмжлэгч М.Н ийн гаргасан хүсэлт, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 160 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын албан тоот, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Х.Х ийн шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлт, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10896 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь Х.Х т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
М.Н , Х.Х нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй дотно харилцаатай байх үедээ 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Н.Х.Н ийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, өрхийн эрүүл мэндийн төвийн Н.Х.Н нь эрүүл бойжиж буй тодорхойлолт, Н.Х.Н ийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх М.Н ийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Х.Х оос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Н.Х.Н т сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд охин Н.Х.Н ийг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Х.Х т даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын охин Н.Х.Н нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.
Нэхэмжлэгч М.Н нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1-р баг .................тоотод оршин суух, Түлээч овогт Х.Х /регистрийн дугаар:....................../-оос 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Н.Х.Н ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Х.Х оос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Н.Х.Н ийг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Х.Х т, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх М.Н т тус тус даалгасугай.
4. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Н нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Х оос 70.200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР