Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 496

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3-р баг...................тоотод  оршин суух, Халхандаг овогт Н.А /регистрийн дугаар:..................../

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг ..................... тоотод оршин суух, Мянгантэмээт овогт Э.С /регистрийн дугаар:................../

Хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А , хариуцагч Э.С т, нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.С тэй 2012 оноос танилцаж хамтран амьдарч байгаагүй ба 2015 оны 1 дүгээр сарын 23-нд охин С. С.Н , 2017 оны 4 дүгээр сарын 17-нд хүү С.Ш нар  төрсөн одоо охин С.Н  3 нас 8 сартай, хүү С.Ш 1 нас 5 сартай. Э.С т нь архи их уудаг, шөнө орой согтуу ирж хүүхдүүдээ айлган дарамталж сүрдүүлдэг, амар тайван амьдрах орчин бүрдүүлэхгүй байна. Өмнө нь энэ өргөдлийг өгнө гэхэд хүү, охин  хоёрынхоо аль нэгийг авна гэж айлган сүрдүүлдэг байсан. Иймд хариуцагч Э.С тээс охин С. С.Н , С.Ш нартаа тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Э.С тээр бид хоёрт эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Н.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Хүүхдүүдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна, нэмж хэлэх зүйл байхгүй. 2012 оноос хойш танилцаад хамтран амьдарч байсан гэдэг нь бол худал. Би тэр үед Өмнөговь аймагт ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Одоо амьдарч байгаа байраа 2013 оны 06 дугаар сард Хаанбанкны ажилчдын байрны зээлээр авч байсан, хариуцагч талтай хамт амьдарч байгаагүй. Хариуцагч Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд ажиллаж амьдардаг. Хариуцагч байнгын Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд амьдардаг. Байнгын ажилтай байж хоёр хүүхдээ харж ханддаггүй, цалингаасаа сардаа 20000-30000 төгрөг л өгдөг. Хариуцагч тал надад гэрлэлтээ бүртгүүлэх үү гэж хэлж байгаагүй болохоор би гэрлэлтээ батлуулъя гэж гуйгаагүй гэв.

Хариуцагч Э.С т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.А тай 2012 оноос хойш хамтран амьдраад охин С.С.Н , хүү С.Ш гэсэн 2 хүүхдийн аав ээж болсон. 2 хүүхэдээ өөрөөрөө овоглож Н.А тай Даланзадгад сумын 11-р байрны 4-32 тоотод амьдардаг байсан. Н.А ын ээж бидэнтэй хамт амьдардаг байсан. Тэрээр бидний амьдралд оролцож байнгын хэл ам гаргаж, үргэлж дарамтлах болсон. Хамтдаа амьдралаа болгох гэж миний хувьд их хэчээдэг. Өөрийн амьдарч байсан Бага-Уулын байрандаа засвар хийж эхнэр хүүхдээ авчирч амьдаръяа гэхээр ээж нь зөвшөөрдөггүй. Бидний амьдрал 2 тусдаа байлгах гэж ээж, эгч нар нь Н.А ыг байнга ятгаж салах шалтгаан хайдаг. Миний хувьд цаашид эхнэр, 2 хүүхэдтэйгээ амьдрах чин хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.С т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Н.А ын нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 4601000052 дугаартай С.С.Н ийн төрсний гэрчилгээний хуулбар, 4601000185 дугаартай С.Ш ийн төрсний гэрчилгээний хуулбар, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн С.С.Н , С.Ш нарын эрүүл бойжиж буй тодорхойлолт, Э.С тийн хариу тайлбар, нэхэмжлэгч Н.А ын хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А  нь Э.С тэд холбогдуулан хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Н.А , Э.С т нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй дотно харилцаатай байх үедээ 2015 оны 01 дүгээр сарын 23-ны  өдөр охин С.С.Н , 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү С.Ш нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн С.С.Н , С.Ш нарыг эрүүл бойжиж буй тодорхойлолт, С.С.Н , С.Ш  нарын төрсний гэрчилгээний хуулбар  зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Н.А ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч С.С.Н , С.Ш нар нь эцгийг захиргааны журмаар тогтоож, эцгийн нэрийг авсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Э.С тээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин С.С.Н , хүү С.Ш нарт сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд охин С.С.Н , хүү С.Ш нарын хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Э.С т даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн охин С.С.Н , хүү С.Ш эрүүл бойжиж буй тодорхойлолтоор зохигчдын охин С.С.Н ,  хүү С.Ш нар нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

Нэхэмжлэгч Н.А  нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6-р баг, ........................ тоотод оршин суух, Мянган тэмээт овогт Э.С т /регистрийн дугаар:................./-аас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин С.С.Н , хүү С.Ш нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Э.С тээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар охин С.С.Н , хүү С.Ш нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Э.С тэд , эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх Н.А д тус тус даалгасугай.

4. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С тээс 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Н.А д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР