Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/794

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас******* овогт*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203004860447 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймаг Баянлиг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа жолооч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо******* гудамж******* оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* овогт*******. /РД:ВУ89083113/

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шөнө 22 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг 25 дугаар эмийн сангийн зүүн талд байрлах KFC түргэн хоолны газрын урд талын явган хүний гарцан дээр XCMG Q16 C маркийн 81-53 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.4-д заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 8 дугаар зүйлийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” мөн дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарахыг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч******* мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 6-8 дахь тал/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 9-16 дахь тал/

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 18-21 дэх тал/

Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “1. ... хяналтын камерын бичлэгийг CD-нд хуулбарласныг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 28 дахь тал/

Хяналтын камерын бичлэг “... явган зорчигчийн гэрэл асч байна. Автомашины улаан гэрэл ассан боловч нэг том оврын автомашин болон 4 суудлын автомашин гэрэл дохио зөрчин явж байна. 22 цаг 33 минут 40 секундэд зорчих хэсгийн урд талд зогсож байсан явган зорчигч зөвшөөрсөн гэрлэн дохиогоор урдаас хойш чиглэлд гүйж зорчих хэсэг рүү орох үед баруун талаас шар өнгийн кран зогсолгүйгээр явган зорчигчийг мөргөж цааш яваад зогсож байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 29 дэх тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “... Би тухайн осол хэрхэн гарсан, ослын дараа юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Осол гарсан талаар 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн үед Замын цагдаагаас утсаар хэлсэн. Ослын улмаас манай төрсөн охин автомашинд мөргүүлэн нас барсан.

... 25 дугаар эмийн сангийн хойд талд манай ажиллуулдаг хүнсний дэлгүүрийг манай талийгаач охин хаадаг байсан бөгөөд дэлгүүр орж орлогоо авах гээд явж байсан гэж бодож байна.

... Манай төрсөн дүүтэй жолоочийн ах, ээж нар нь уулзаад 1,000,000 төгрөг шар тос, боодол шүдэнз өгсөн байсан. Түүнээс хойш холбоо бариагүй.

Маш их гомдолтой байна. Буяны ажлын зардлыг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33 дахь тал/

 

Гэрч “... Би 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн орой найз охин Одонтуяатай хамт 10 дугаар хороолоос замын урд талаар алхаж яваад 25 дугаар эмийн сангийн зүүн талд байрлах KFC түргэн хоолны газар орох гээд явж байсан. Тухайн үед KFC түргэн хоолны урд талын явган хүний гарцаар гарах гээд ертөнцийн зүгээр урдаас хойшоо гарах гээд явган хүний гарц дээр ирэх үед эхлээд явган хүний улаан гэрэл дохио асаж байсан.

Тэгээд бид хоёр ногоон гэрэл дохио асахыг хүлээгээд зогсож байсан. Тухайн үед бид хоёрын урд талд нэг эмэгтэй хүн зогсож байсан. Тэр эмэгтэй утас руугаа харж байгаад ногоон гэрэл дохио асаад 5-6 орчим секунд болсны дараа урагшаа зам руугаа хараад гүйсэн. Тухайн үед зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нэг машин зогсчихсон байсан. Нөгөө эмэгтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээ рүү орох үед зүүн гар талаас нь нэг том оврын крантай автомашин хурдтай орж ирээд нөгөө гүйгээд зам хөндлөн гарч байсан эмэгтэйг мөргөөд газарт шидэгдээд унахаар нь баруун талын дугуйгаар дээгүүр нь гарч яваад цаанаа очоод нэгдүгээр эгнээнд зогссон. Тухайн том оврын крантай автомашин гэрэл дохио зөрчөөд улаан гэрлээр явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53 дахь тал/

 

Гэрч “... Зам хөндлөн гарах гэхэд явган хүний замын улаан гэрэл асчихсан ногоон гэрэл асахыг хүлээгээд найз залуу бид хоёрыг зогсож байхад бид хоёрын урд талд нэг алхмын зайтай нэг охин мөн гэрэл хүлээгээд утсаараа оролдоод зогсож байсан. Тэгээд хүлээгээд зогсож байтал явган хүний ногоон гэрэл асахаар нь явган хүний гарцаар зам хөндлөн урдаас хойш чиглэлд гарах гэтэл 2, 3 автомашин зам тавьж өгөлгүй явсан.

Тэгээд нэгдүгээр эгнээний машин бид нарт зам тавьж өгөөд зогсоход нь найз залуу бид хоёр гарцаар гарахаар явахад өмнө зогсож байсан охин гарцаар гарахдаа ногоон гэрэл ассан байгааг хараад бид хоёроос түрүүлээд гүйсэн.

Тэгэхэд баруунаас зүүн чиглэлтэй хоёрдугаар эгнээгээр нилээн хурдтай шар өнгийн том оврын крантай машин хурдтай гарч ирээд явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч явсан охиныг замын хоёрдугаар эгнээнд дайраад дээгүүр нь гарсан.

Тэр машин 6 дугуйтай байсан бөгөөд баруун талын бүх дугуйгаар дээгүүр нь гарсан. Яг анх дайруулахдаа гарцан дээр дайруулсан байсан. Машин доор чирэгдээд гарцнаас жоохон зүүн тийш зам дээр хэвтэж байсан.

Тэгэхээр нь би шууд цагдаагийн 102 дугаарт 95131959 дугаараас залгасан. Түргэн дуудах гэж байгаад андуураад сандарсандаа цагдаа руу залгачихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56 дахь тал/

 

Гэрч “...Тэгээд гэнэт түс тас хийх чимээ гараад хүн хашхирахаар нь эргээд харахад шар өнгийн том оврын машин явган хүний гарцаар гарч явсан хүнийг дайраад дээгүүр нь гарч байсан. Намайг харахад машины зүүн гар талын арын 2 дугуйгаар тэр хүний дээгүүр дайраад гарч байхыг хараад тухайн машины араас нь дагаж гүйсэн. Дайрсан машин нэлээн цаашаа яваад замын нэгдүгээр эгнээнд зогсоод жолооч нь буугаад ирсэн.

... 81-53 УАВ улсын дугаартай том оврын крантай шар өнгийн машин байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2158 дугаартай:

1.2.4. Талийгаачийн цогцост гавал тархи, цээж, хэвлий, аарцаг, дээд, доод мөчдийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан ил гэмтэл: дагз ясны шугаман хугарал, хэвлийн хөндийн доод хэсгээр бүрэн бус тасрал, гол судас, улаан хоолой, ходоод, элэг, дэлүү, баруун, зүүн уушгины урагдал, хоёр уушигны уналт, давсаг урагдал, язрал, нарийн, бүдүүн гэдэс, сэмж чацархай, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, уруудах хэсгээр, нарийн гэдэсний цутгалан гэдэс их хэмжээтэй урагдаж, задарсан, гэдэсний агуулагдахуун ил гарч, урссан гарсан, цээжний хэнхэрцэг бүрэн бүтэн байдлаа алдаж, баруун, зүүн талын 1-12-р хавирганы шууд бус хугарал, өвчүү ясны хугарал, сээрний 8,9-р нугалам салсан хугарал, нугас бүрэн тасрал, бүсэлхийн, ууцны бүх нугалмаар бүрэн салж, нугас бүрэн тасарсан, аарцаг ууц ясны баруун, зүүн хажуу хэсэг ба баруун сүүжний дэлбээ үйрч бяцарч хугарал, баруун, зүүн умдаг ба суудал яснууд зөрөөтөй хугарал, бүсэлхий, ууц, аарцаг орчмын булчингууд урагдсан, хугарал орчмын зөөлөн эдийн цус хуралт, зүүн атгаал яс дээд хэсгээр зөрөөтөй хугарал, доод мөчдийн яс: баруун, зүүн дунд чөмөгт яс, баруун, зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан хугарал, шагайн үе бүрэн мултрал, хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, булчин урагдаж няцарсан шарх, цээж, хэвлий, баруун, зүүн гуя, шилбэ, тавхайн цус хуралт шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

3.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй.

5.6. Талийгаачийн цус нь АII бүлгийн харъяалалтай байна.

7.8. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй.

9. Талийгаачийн ходоодонд бага хэмжээний боловсроогүй нэг төрлийн хоолон агууламжтай байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 84-91 дэх тал/

 

Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 999438 дугаартай:

1.XCMG маркийн QY16C загварын 81-53 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.

2.Уг автокраны баруун гар талын их гэрлийн доод хэсгээр бага зэрэг хонхойж нэмэлт гэрэл хагарсан, тоног төхөөрөмжөөр шалгахад 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү нь стандарт шаардлага хангахгүй, баруун гар талын гэрлийн тусгалын хүч. ойр дээрээ 600 cd, хол дээрээ 1200 cd (стандарт 10.000-225.000 cd) байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү нь стандарт шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл болно. Баруун гар талын гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байгаа нь гэмтэл нь ослын үед үүссэн гэмтэл байх магадлалтай.

3.Уг тээврийн хэрэгсэл нь хийн дамжуулалт тоормосны системтэй. Тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү нь стандарт шаардлага хангахгүй байна.

4.Уг нийтийн тээврийн хэрэгсэл нь хийн дамжуулалт тоормосны системтэй. Тоормос гишгэх үед тоормсны мөр зам дээр үлдэнэ.

5.Уг тээврийн хэрэгсэлд шаардлагатай засвар үйлчилгээг нь хийж техникийн хяналтын үзлэгт хамрагдаж замын хөдөлгөөнд оролцох боломжтой. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 97-104 дэх тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 899 дугаартай:

1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл,гэмтэл,техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; "1. Тоормосны систем 1.1 Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;”.8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. болон 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <<Зогс-шугам>> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Хохирогч талийгаач Б.Оюунаа нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 105 дахь тал/

 

Иргэний хариуцагч “... ******* нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагад хандаж 40,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Бид зээлдэгчийн хүсэлтэд үндэслэж 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 36 сарын хугацаатай 2,7% хүүтэй 40,000,000 төгрөгийг ЗГ1007210543 дугаар Зээлийн гэрээг байгуулан зээлүүлсэн.

... Мөн гэрээний 5.1.6-т “Гэрээний 5.1.4-ийг зөрчсөний улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцахыг баталж байна” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан аливаа хохирлыг зээлдэгч бие даан хариуцна. Манайх хариуцахгүй. ... “гэсэн мэдүүлэг. /хэргийн 166 дахь тал/

 

*******гийн яллагдагчаар өгсөн “... Би 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн 22 цагийн орчимд Сонсголонгоос Сансарын Е-март худалдааны төв орж ачаа буулгах зорилгоор XCMJ маркийн 81-53 УАВ дугаарын автокраныг жолоодон Энхтайвны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн тийш чиглэлд яваад 25 дугаар эмийн сангийн зүүн талын KFC түргэн хоолны газрын урд талын явган хүний гарц дээр ирэхэд миний урд талд явж байсан контейнер ачсан шланз гэрлэн дохиогоор зөвшөөрсөн гэрлээр амжаад гарчихсан бөгөөд би араас нь явж байгаад мөн амжаад гарна гэж бодоод хурдаа хасаагүй явж байсан хурдаараа явган хүний гарц руу 2 тал руугаа явган хүн байгаа эсэхийг хараад ортол гэнэт хүмүүс орилолдох чимээ гараад буруу талын урд түг хийх чимээ гараад баруун урд талын дугуйгаар юм дайрах нь мэдэгдсэн. Би хүн дайрчихлаа гэж бодоод тоормос гишгээд зам чөлөөлөөд зогссон. Буугаад иртэл явган хүний гарцаас арай зүүн тийш эмэгтэй хүн газарт хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 152 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шөнө 22 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг 25 дугаар эмийн сангийн зүүн талд байрлах KFC түргэн хоолны газрын урд талын нийтийн хэрэгцээний замд XCMG Q16 C маркийн 81-53 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хориглосон гэрэл дохиогоор зогсолгүй зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан******* мөргөж амь насыг нь хохироосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ******* нь XCMG Q16 C маркийн 81-53 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгсэл болон хөдөлгөөний аюулгүй байдлын замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүйн улмаас явган зорчигч******* мөргөж амь насыг нь хохироосон нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт мөрдөн байцаалтын явцад 1,000,000 төгрөг төлсөн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн /хэргийн 33 дахь тал/, мөн  шүүхийн шатанд Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 24,000,000 төгрөгийг /хэргийн 181 дэх тал/, 80,000,000 төгрөгийг /хэргийн 186 дахь тал/,  Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр 20,000,000 төгрөгийг /хэргийн 187 дахь тал/ нийт 105,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хүсэлтэдээ “ ...*******д холбогдуулан ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болсон бөгөөд оршуулгын зардал болон бусад хохирлоо бүрэн барагдуулж авсан учир *******д оногдуулах ялыг тэнсэж өгнө үү. ... Шүүх хуралдаанд оролцохгүй”  /хэргийн 186-187 дахь тал /гэжээ.

Иймд шүүгдэгч *******гээс гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт нэмж мөнгөн дүнгээр гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардоржоос “Хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг сайн дураараа нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “... *******г тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ******* тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг сануулсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ