Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/803

 

 

 

 

 

 

 

 

                

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Ж.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Сүүжийнхэн овогт Жамбалын Батчулуунд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205017552125 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Увс аймаг Зүүнхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймаг Зүүнхангай сум 2 дугаар баг Баянголд оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Сүүжийнхэн овогт Жамбалын Батчулуун. /РД:ОЕ99051230/

 

Шүүгдэгч Ж.Батчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн талын авто замын орчим тээврийн хэрэгслийн зорчих хэсэг рүү чулуу шидсэний улмаас Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж Ш.Батмөнхөд 250,000 төгрөгийн, Toyota Prius 41 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг хонхойлгон гэмтээж М.Шаравжамцад 288,000 төгрөгийн нийт 538,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батчулуун мэдүүлэхдээ: Би 5 дугаар сарын 08-ны өдөр Бөмбөгөр худалдааны төв дээр барилгын туслах хийж байсан юм. Тэр өдөр манай нэг ах караоке оръё гэсэн. Тэгээд архи ууж гарч ирээд 2 автомашины шил хагалсандаа харамсаж байна” гэв.

 

Прокуророос шүүгдэгч Ж.Батчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

Шүүгдэгч Ж.Батчулуун нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн талын авто замын орчим тээврийн хэрэгслийн зорчих хэсэг рүү чулуу шидсэний улмаас Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж Ш.Батмөнхөд 250,000 төгрөгийн, Toyota Prius 41 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг хонхойлгон гэмтээж М.Шаравжамцад 288,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.Шаравжамцын “ ... 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шөнө 01 цагийн орчимд миний бие 80-55 УНҮ улсын дугаартай хар өнгийн Toyota Prius 41 маркийн автомашинаа бариад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ертөнцийн зүгээр зүүн талаар Зурагт руу өгссөн замаар явж байтал автомашины замын баруун талаас ганцаараа явж байсан үл таних согтуу эрэгтэй хүн миний унаж явсан автомашин руу ямар ч шалтгаангүйгээр нэг удаа чулуу шидэж, шидсэн чулуу нь автомашины маань зүүн урд талын хаалгыг онож хонхойлгосон. Мөн тухайн эрэгтэй хүн замаар явж байсан 1, 2 машин руу нь чулуу шидэхэд тухайн автомашины жолооч нар автомашинаасаа буугаад чулуу шидсэн эрэгтэйг барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дэх тал/

Хохирогч Ш.Батмөнхийн “... 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шөнө 01 цагийн орчимд миний бие 54-93 УБҮ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашинтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ертөнцийн зүгээр зүүн талынх нь Гэсэр сүм рүү уруудах автомашины замаар явж байтал замын баруун талд зогсож байсан үл таних согтуу эрэгтэй хүн ямар ч шалтгаангүйгээр миний автомашин руу нэг удаа чулуу шидэхэд автомашины маань салхины шил хагарсан бөгөөд тухайн эрэгтэй хүн эсрэг тал руу явж байсан автомашин руу бас үргэлжлүүлэн чулуу шидэхээр нь би машинаасаа бууж очоод тухайн эрэгтэй хүнийг бариад цагдаад дуудлага өгч, цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/ зэргээр тогтоогдсон бөгөөд хохирогч нарын дээрх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ж.Батчулуун нь согтуурсан үедээ удаа дараагийн үйлдлээр бусдын автомашин руу чулуу шидэж автомашины салхины шил, хаалгыг гэмтээсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинж нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу үйлдэл болгоны хохирол нь бага хэмжээнээс дээш байхаар хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар  зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасны дагуу бага хэмжээнээс дээш хохирол нь 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан байхыг шаардана.

Гэтэл шүүгдэгч Ж.Батчулууны үйлдэл нь үргэлжилсэн шинжтэй бөгөөд хохирогч Ш.Батмөнхөд 250,000 төгрөгийн, М.Шаравжамцад 288,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Тодруулбал, хохирогч М.Шаравжамцад учирсан хохирлыг Хөрөнгө эстимэйт ХХК-ны үнэлгээгээр “ ... шууд хохирол 98,000 төгрөг, шууд зардал 165,000 төгрөг нийт 288,000 төгрөг”-өөр тогтоосон автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 27-28 дахь тал/, хохирогч Ш.Батмөнхөд учирсан хохирлыг Кости эстимэйт ХХК-ны үнэлгээгээр “ ... 250,000 төгрөг”-өөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 31-33 дахь тал/ зэрэг баримтуудаар хохирогч бүрт учирсан хохирол, хор уршгийг тогтоожээ.

 

Дээрх баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Батчулуун үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдэл нь тус бүртээ хохирлын хэмжээ нь бага хэмжээнээс доош байх тул “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Шүүгдэгч Ж.Батчулууны үргэлжилсэн үйлдэл нь тус тусдаа гэмт хэргийн шинжийг хангаж байж гэмт хэрэгт тооцогдох бөгөөд харин үйлдэл тус бүр гэмт хэргийн шинжийг хангаагүй байхад учруулсан хохирлыг нэмж бага хэмжээнээс дээш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд шүүгдэгч Ж.Батчулуунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

          Хэрэгт хохирогч Ш.Баярмөнх, М.Шаравжамц нарын “... Би учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн тул надад цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 45, 47 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Батчулуун баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Сүүжийнхэн овогт Жамбалын Батчулуунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Батчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Батчулуун баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Батчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ