Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 14

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, 24-19 тоотод оршин суух Олончууд овогт, Сарааданбазарын Анхбаярын /РД:НФ77051122/ нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Сэлэнгэ, Сайхан сум, 1 дүгээр баг, 1-12 тоотод оршин суух хаягтай Гөрөөчин овогт Цэрэнхүүгийн Батхүүд /РД: ЦВ75040276/ холбогдох гэрлэлт цуцлуулах, 1.300.000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Анхбаяр, хариуцагч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  С.Анхбаяр  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Анхбаяр миний бие 2015 онд Ц.Батхүүтэй танилцан 2016 оны 06-р сарын 17-нд 4331000034 тоот баталгаагаар гэр бүл болсон. Батхүү 3, би 1 хүүхэдтэй. Өмнө нь өөр өөрсдийн амьдралтай байсан. Дундаасаа хүүүхэд байхгүй. Зан харилцаа амьдралын хэвшил нөхцөл байдал таархахгйү улмаас 2018 оны 07-р сарын 09-ны өдрөөс тус тусдаа амьдарсан ба цаашид хамтран амьдарах боломжгүй болсон учраас гэрлэлтийг цуцлаж өгнө үү Минйи бие айлын бэр болж очиж байсан учраас гал тогооны ком тавилга 1200.000 төгрөг, угаалтуурыг нь 100.000 төгрөгөөр авч тавьж байсан. Энэ 1.300.000 төгрөгөө нэхэмжилж байна Өөр бусад маргаан байхгүй гэжээ

 Нэхэмжлэгч С.Анхбаяр шүүх хуралдаан дээр гарсан  тайлбартаа:

 Бид хоёр амьдраад гурван жил болсон. Анх насан туршдаа амьдарна гээд хүүхдээ Батхүүгээр овоглуулсан. Амьдарч байх явцад цаашид амьдрах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн.  Батхүү өөрөө айлын ганц хүүхэд, ямар ч амьдрал мэдэхгүй, хүүхдээрээ хүн. Хүүхдүүд нь ч том болсон хүүхдүүд байдаг. Эднийд байхдаа би ямар ч гэм хийгээгүй мөртлөө гэм хийсэн юм шиг байдалтай байдаг байсан. Хүн хүнтэй суухдаа аз жаргалтай байх гэж суудаг бол би байнга сэтгэлийн дарамттай байдаг байсан. Хүүхдүүд нь манай хүүхдийг ад үзээд байдаг байсан. Батхүү ч гэсэн адил гадуурхдаг байсан. Ээж нь байнга утсаар ярьж чи тэгсэнгүй ингэсэнгүй гэдэг. Би ажлаа хийгээд мөрөөрөө амьдарч байсан. Би байнга сэтгэлийн дарамттай байж эрүүл мэндээрээ хохирч гурван ч удаа эмнэлэгт хэвтсэн. Хотын 3-р эмнэлгийн эмч ямар ч шалтгаангүй стрессээс үүсээн нойргүйдэл байна гэж хэлсэн. Би стрессийн шалтгаан юу гэдгийг мэдэж байсан болохоор Батхүүгээс салахаар шийдсэн. Намайг сар гаруй эмнэлэгт хэвтэж байхад Батхүү нэг ч удаа эргэж ирж утсаар ярьж байгаагүй. Тэгээд сална гэж шийдээд байж байтал ээж нь ирээд өөрийнхөө юмыг аваад яв гэсэн. Тэгээд би явсан. Цаашид Ц.Батхүүтэй амьдрах боломжгүй, Ц.Батхүү 1300.000 төгрөг төлсөн тул одоо нэхэмжлэхгүй  гэв.

 Хариуцагч  Ц.Батхүү шүүхэд гаргасан тайлбартаа:Энэ хүний хэлж ярьж байгаа үнэн. Гэрлэлтээ цуцлуулахыг  хүсч байна. Ээж маань амьдралд оролцдог болохоор хэцүү байдаг. Ээжийн хэлсэн ярьсан юм нь ширүүн байдаг юм шиг байна лээ гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан: гэрлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эвлэрүүлэн зуучлагчийн ганцаарчилсан уулзалт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох  баримтыг уншиж сонсгон, шинжлэн судлав. 

                                                          ҮНДЭСЛЭХ  нь:

 

            Иргэн С.Анхбаяр нь Ц.Батхүүд холбогдуулан  холбогдуулан гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Ц.Батхүү. С.Анхбаяр  нар нь  2016 оны 06-р сарын 17-ний өдөр гэр бүл болж гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 4331000034-рт  бүртгүүлсэн    хууль ёсны гэр бүл байна. /х.х-ийн 2-рт/

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “ гэрлэгсэд эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагч шүүх гэрлэлтийг цуцлана” гэж заасныг үндэслэн гэрлэгчдийн хэн хэн нь гэр бүлээ цаашид үргэлжлүүлэх санаачилгагүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүх  гэрлэлтийг цуцлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

С.Анхбаяр нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундыг өмчнөөс 1.300.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Батхүү төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ц.Батхүү С.Анхбаяр нар нь дундаасаа хүүхэдгүй ба  эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Анхбаярын   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.Батхүүгээс  70.200 төгрөг гаргуулан С. Анхбаярт олгох  үндэслэлтэй байна.                              

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132 дугаар зүйлийн 132.6-д   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  Гөрөөчин овогт Ц-н Б-ү, Олончууд овогт, С-н А-р нарын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагаас 1300.000 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

            .3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.Б--с   улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан С.А-т олгосугай.

4.Ц.Б-ү, С.А-р  нар нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

            5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш Ц.Б-ү, С.А-р нар нь  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            7.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА