Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/805

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт******* Дэмбэрэлсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205016812138 дугаартай хэргийг 2022 оны 10 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг 16 дугаар хороо******* дугаар гудамж******* оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял биелүүлэх шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 04-ний өрийн 2991 дугаартай тогтоолоор 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 39 хоногийн нэг өдрийг албадан ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлж албадан ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 512 дугаартай магадлалаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчилж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05 -ны өдрийн 7ө дугаартай захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар  эдлээгүй үлдсэн 6 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлж сулласан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ХМШЗ/60 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, Боржигон овогт******* Дэмбэрэлсайхан. /ХД:ХК86101810/

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хос” нэртэй зочид буудлын 24 тоот өрөөгөөр үйлчлүүлэх явцдаа “төлбөр тооцоо нэхсэн” гэсэн шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч*******ыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний эрх чөлөөнд нь халдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч*******ын “... 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед манай зочид буудлаар үйлчүүлсэн 24 тоот өрөөний үйлчлүүлэгч Бааска гэх танил ах дээр үл таних 2 эрэгтэй хүн ирчхээд байж байхад нь би өрөө рүү нь ороод Бааска ахаас та төлбөр тооцоогоо хий, олон хүн битгий цуглуулаад бай гэсэн шаардлага тавьсан.

Энэ үед үл таних 2 эрэгтэй хүний шар царайтай залуу нь /гадаад дүр төрхийг нь хэлж мэдэхгүй/ миний өгзгийг илэхээр нь би уурлаад чи яагаад байгаа юм, энэ таньж мэдэхгүй хүмүүсээ гаргаж гэж хэлэхэд өөдөөс инээгээд байсан. Энэ үед мөн нөгөө залуу нь буюу Дэмбэрэлсайхан гэх /сүүлд нэрийг нь мэдсэн/ залуу нь босож ирээд намайг хэл амаар доромжилж, одоо гарлаа, сүртэй юм гэж хэлээд миний баруун хацрын доод хэсэгт хоёр удаа гараараа хүчтэй цохиод намайг үсдэж унагаасан. Унасан үед бие, гар хэсэгт өшиглөж, гараараа цохиж зодсон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад намайг цагдаагийн байгууллагад дуудлага өгөх хооронд тухайн эрэгтэй гараад явчихсан.

Дэмбэрэлсайхан гэх залууг би өмнө нь харж байгаагүй. Ямар нэгэн хамааралгүй бөгөөд шаардлага тавихад одоо гарлаа, сүртэй юм бэ гэж хэлээд ямар нэгэн шалтгаангүй намайг цохиж зодсон.

Намайг зодуулах үед миний мэдэхээр Бааска ах, түүний найз Аюуш нар байсан. Болсон бүх асуудлыг мэдэж байгаа.

... Гомдолтой байна. Нэхэмжлэх баримтуудаа хавсаргаж өгөх хүсэлттэй байна. Өөр зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дахь тал/

 

Гэрч******* “ ... Тухайн үед буудлын өрөөнд юу болсон талаар мэдэхгүй байна. Сүүлд Дэмбэрэлсайхантай уулзаж буудлын өрөөнд болсон асуудлын талаар асуухад Дэмбэрэлсайхан дэн буудал ажиллуулдаг эмэгтэй өрөөнд орж ирээд буудлын мөнгө нэхээд орилж, хашхираад толгой руу нь цохиод авахаар нь урдаас нь эмэгтэйгийн нүүрэн тус газар нь цохисон гэж надад хэлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дэх тал/

 

Гэрч******* “ ... 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 08 цагийн үед Дэмбэрэлсайхан орж ирээд бид гурав юм яриад байж байхад Аюушбаатар хүрч ирээд байж байгаад гараад таньдаг дэлгүүр ороод архи аваад ирье гэж хэлээд гарч яваад удалгүй 0,5 литрийн архи аваад орж ирсэн. Тэр авчирсан архийг уугаад байж байгаад Аюушбаатар хүнтэй утсаар яриад гараад ирье гэж хэлээд гарч байхад буудал ажиллуулдаг эмэгтэй Тоогий орж ирээд одоо ингээд гарна шүү, төлбөр мөнгөө төл гэхээр нь түр байж байгаарай гэж хэлэхэд хажуунаас Дэмбэрэлсайхан Тоогийтой хэрүүл хийгээд хоёр давхраас доошоо хамт буусан. Удалгүй Тоогий хүрч ирэхэд нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би яасан юм бэ гэж асуухад танай найз Дэмбэрэлсайхан намайг цохичхоод яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд Баасандорж бид хоёр нэг давхарт зогсож байхад Тоогий дэн буудлын хаалгыг цоожилчхоод цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6604 дугаартай:

“1.З. Тогтуурын биед тархи доргилт, доод уруулын нэвт шарх, эрүүний цус хуралт, духны зүүн хэсэг, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун эрхий хурууны зулгаралт, баруун бугалга, бүсэлхий, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 37-38 дахь тал/

 

*******ы яллагдагчаар өгсөн “... Манай найзууд над руу утсаар залгаад хүрээд ирээч гэхээр нь би Модны 2 нэрийг нь сайн мэдэхгүй буудлын өрөөнд ороод найзуудтайгаа юм яриад нэг шил архи уугаад байж байхад гаднаас нэг эмэгтэй орж ирээд өрөөний тооцоо хий гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж л хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд уг эмэгтэй над руу сав шидэхээр нь би эргүүлээд шидсэн. Тэгээд миний толгой руу алгадахаар нь зөрүүлээд нүүр хэсэгт цохисон юм.

... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48-49 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хос нэртэй зочид буудлын 24 тоот өрөөгөөр үйлчлүүлэх явцдаа “төлбөр тооцоо нэхсэн” гэсэн шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэж, улмаар хохирогч*******ыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний эрх чөлөөнд нь халдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ******* нь*******ын Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6604 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Гэхдээ хохирогч******* нь өөрийн биед учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Чинзориг нь шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэжээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Ийнхүү шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл бий болжээ.

Тодруулбал, шүүгдэгч *******ыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ХМШЗ/60 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө сулласан боловч тэрээр хяналтын хугацаа тогтоосон хугацаа дуусаагүй байхдаа буюу 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл болно.

Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт******* Дэмбэрэлсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/602 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ