Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 503

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Баруунсайханы 1-р багийн ........................оршин суух, Тойн овогт Д.М /регистрийн дугаар: ...................../

        Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, Баруун сайхны 1-р багийн ........................ оршин суух Бэйс овогт П.М /регистрийн дугаар:......................../

Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М , хариуцагч П.М , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: П.М тай 2000 онд танилцаж 2001 оны 06 сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. 2003 онд том хүү М.У , 2010 онд М.Б төрсөн. П.М  нь сүүлийн жилүүдэд архи ууж агсан тавьж гар хүрч бие болон сэтгэл санаанд хохирол учруулдаг болсон. Ийм учраас тусдаа амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч одоог хүртэл согтуу ирж агсан согтуу тавьж мөнгө төгрөг нэхэн дарамталж, хэрүүл маргаан үүсгэсээр байна. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. П.М  бид хоёрт эд хөрөнгийн маргаангүй тул 2001 оны 06 сарын 25-ны өдрийн 196 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хоёр хүүхэд маань ээж эсвэл аавынхаа хэн дээр байх саналтайг нь асууж байж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох эсэх талаар шийднэ. Хүүхдүүд маань ээжтэйгээ хамт амьдарна гэвэл хүүхдийн тэтгэлэг авна, аавтайгаа хамт амьдарна гэвэл тэтгэлэг авахгүй. Бид тусдаа амьдраад 2 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хариуцагч архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Засраад, сайхан амьдралтай болно гэж итгэж байсан.  Гэвч миний хувьд маш хэцүү байсан. Миний том хүү энэ талаар сайн мэдэж байгаа. Бага хүүгээ төрөөд ирэхэд миний хүүхэд биш гэсэн. Сүүлд сарлагын баяраар намайг авч шидээд би ухаан алдаж байхад манай том хүү гарч ирж болиулсан. Хадмынхаа хашаанд байхад намайг зодоход нь хадам ээждээ хэлэхэд одоо яахав дээ гэж хэлж байсан. /уйлав/ Хардаад л зоддог байсан. П.М  нь тогтмол ажил хийдэг. Ажлын бус цагаар архи уудаг байсан. Гарт таарсан төмөр сандал, халбага гээд бүх юмаараа цохиж зоддог. Одоо миний толгой өвддөг. Би том хүүхэдтэйгээ ярилцсан. Том хүү маань жоохон дураараа зан ааштай болсон байсан. Хүүхдүүдээ өөр дээрээ л авах саналтай байна. Ээж дээрээ байх гээд байдаг боловч аав ярьсан гээд тогтворгүй байдаг гэв.

                Хариуцагч П.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.М миний бие Даланзадгад сумын Далангийн 1-р баг .................. оршин суудаг. Ам бүл 2-уул, хүү М.У ын хамт амьдардаг. Эхнэр Д.М  нь гэрээсээ яваад 2 жил орчим болж байгаа хүнтэй суусан хүүхэд гаргасан тул гэрлэлтээ цуцлуулах саналд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч П.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн асрамжийн тал дээр хүүхдүүдийнхээ саналаар шийднэ. Өмчлөгч нь Д.М , би өөрөө хамтран эзэмшигчээр явдаг хашаа, газар, байшин байгаа. Түүнийгээ хүүхдүүддээ үлдээх бодолтой байгаа.  Би байнга биш хааяа архи уудаг. Д.М нь гэртээ ирдэггүй, оройн цагаар гараад явдаг, өглөө 7 цагт гэртээ ирдэг. Би хүүхдүүддээ хоол, цай хийж, хувцас угааж, усанд оруулж, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгдөг байсан. Би энэ асуудал дээр өөрийгөө гэрийн эзэгтэй шиг байх юм гээд жоохон бухимдалтай байдаг байсан. Ойлголцоод ярилцъя гэхээр ярилцахгүй, оройн цагаар бүжиг гээд яваад өгдөг байсан. Хүүхдийн асрамжийн тал дээр маргахгүй байгаа. Гэвч том хүү маань удахгүй оюутан болох гэж байгаа учраас том хүүгээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Бага хүү маань хэлэхдээ ээжийн хамт амьдарч байгаа хүн нь надаар хог асгуулдаг, ганц дуудахад ирж бай битгий олон дахин дуудуулаад бай гэдэг гэж хэлж байсан. Энэ нь надад таалагдаагүй. Том хүү маань Өмнөговь аймгийн 7 дугаар сургуульд сураар хичээллэдэг. 2 жил гаруйн хугацаанд сураар хичээллэж байгаа гэхэд улс болон аймгийн хэмжээний 10 гаруй медальтай. Би багш нартай нь байнгын холбоотой байж сураар хичээллэхэд нь шаардлагатай бүхнийг бэлдэж өгдөг  гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Д.М ын нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0000553763 дугаартай хүү М.Буяндэлгэр, 130 дугаартай хүү М.У  нарын төрсний гэрчилгээний хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагч П.М ын хариу тайлбар, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, М.У , М.Б нараас авсан санал зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М  нь П.М т холбогдуулан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.М  П.М  нар нь 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн  Даланзадгад сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, тэдний дундаас 2003 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүү М.У , 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү М.Б нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. 

Нэхэмжлэгч Д.М , П.М  нар нь 2016 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй, гэж үзэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байх ба зохигчид удаан хугацаагаар тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа зэргийг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч Д.М  хүү М.У , М.Б нарыг асрамжиндаа авч, өсгөж хүмүүжүүлэхэд харшлах баримт хэрэгт авагдаагүй тул гэрлэгчдийн дундаас 2003 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн М.У , 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн М.Б нарын хүүхдийн нас, хүйс, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх М.Мөнх-Ургамалын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч П.М  нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч П.М аас  тэтгэлэг гаргуулан хүү М.У , М.Б нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.М  нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийн хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэгийг тогтоож шийдвэрлэсэн учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх  хэсэгт зааснаар Бэйс овогт П.М, Тойн овогт Д.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн М.У , 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн М.Б нарыг төрүүлсэн эх Д.М ын асрамжинд үлдээсүгэй.

        3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг Даланзадгад сум, Баруун сайхны 1-р багийн ..................... оршин суух Бэйс овогт П.М /регистрийн дугаар:..................аас 2003 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн М.У , 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн М.Б нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. П.М аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Д.М , П.М  нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мухлайд даалгасугай.

            6.Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.М аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М д, 70.200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР