| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2019/0706/Э |
| Дугаар | 875 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 875
Ү.Гид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
шүүгдэгч Ү.Гийн өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 715 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908000000710 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
...................................., 1985 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сангийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 10 дугаар баг, Нарангийн 27 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /............................../;
Ү.Г нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 416 дугаар байрны 76 тоотод байрлах иргэн Д.Батчимэгийн гэрт түүний хүү Б.Даваасүрэнгийн хамт архи ууж архидан согтуурсны дараа Д.Батчимэгийн гэрээс булган шуба, 42 инчийн зурагт, савхин куртик зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 852.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ү.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ү.Гийг бусдын 852.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Гийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ү.Гийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ү.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байна. Иймээс эрх зүйн байдлыг минь өөрчилж, миний энэ ялыг хорихоос өөр ял болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Ү.Гийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирогчид хохирол төлбөр төлсөн. Хувийн байдал болон бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилж өгнө үү.” гэв.
Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ү.Г нь хэрэгт авагдсан нотлох баримтаар орон гэргүй, тэнэмэл амьдралтай байдаг. Энэ байдлыг нь анхан шатны шүүх харгалзан үзээд хорих ял оногдуулсан. Нийтэд тустай ажил хийх боломжгүй болох нь тогтоогдсон. Тиймээс анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Гид хорих ялын хамгийн доод хэмжээ болох 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Ү.Г нь А.Отгонзаяа, Х.Цэнгэлмаа нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 416 дугаар байрны 76 тоотод байрлах иргэн Д.Батчимэгийн гэрт түүний хүү Б.Даваасүрэнгийн хамт архи ууж архидан согтуурсны дараа Д.Батчимэгийн гэрээс булган шуба, 42 инчийн зурагт, савхин куртик зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 852.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Батчимэгийн “...2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед гэртээ очиход хүү маань гэртээ ганцаараа архи уугаад тасраад унтчихсан байсан. ...гэрт байсан булган шуба, 42 инчийн зурагт, савхин куртик зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...манай гэрийн бүх зүйлийг уудлаад, талын нэг болгочихсон байсан. ...” /хх 16, 84/,
гэрч Б.Даваасүрэнгийн “...2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Отгонзаяа мөн түүний 2 найзтай хамт гэрт орж архи уусан. Маргааш нь гэрт ээж ирэхэд манай гэрийн эд зүйлс алга болсон байсан. ...” /хх 19/,
яллагдагч А.Отгонзаяагийн “...Даваасүрэнгийн гэрт хоноод гарахдаа Цэнгэлмаа, Гомбодорж нартай хамт эд зүйлийг нь авсанаа сүүлд мэдсэн. Би ямар ч гэсэн савхин куртик өмссөн явж байсан. ...Цэнгэлмаагаас Гомбодоржийг асуухад “Гомбодорж телевизорыг нь тэвэрч гараад зугтаасан” гэсэн бөгөөд түүнийг хайсан боловч олоогүй. ...” /хх 77/,
яллагдагч Х.Цэнгэлмаагийн “...Гомбодорж 42 инчийн зурагт, А.Отгонзаяа өмд хоёр булган шуба, савхин куртик л авсан. ...” /хх 88/ гэх мэдүүлгүүд,
эд зүйлийн үнэлгээ /хх 31-32/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Ү.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ү.Гийг бусадтай бүлэглэн Д.Батчимэгийн гэрээс булган шуба, 42 инчийн зурагт, савхин куртик зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 852.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс Ү.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорихоос өөр ял болгож өгнө үү.” гэсэн шүүгдэгч Ү.Гийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ү.Гийг хулгайлах гэмт хэргийг энэ хэргээс тусгаарлан шийдвэрлэгдсэн Х.Цэнгэлмаа, А.Отгонзаяа нартай бүлэглэн үйлдсэн гэж үндэслэлтэй дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүний бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн шинжийг орхигдуулсан байх тул энэ талаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 715 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ү.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 715 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Шүүгдэгч Ү.Гийг бусдын 852.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Ү.Гийг бүлэглэн бусдын 852.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Гийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Гийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ