Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2021/0003/3 |
Дугаар | 221/МА2022/0385 |
Огноо | 2022-06-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2022/0385
Ж.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э
Нэхэмжлэгч: Ж.Б
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Б-д олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах”;
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд тухайн нэгж талбар бүхий газрыг Б.Д-гийн нэр дээр бүртгэл оруулахыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2022/0242 дугаар шийдвэртэй
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Номин
Хэргийн индекс: 128/2021/0003/3
ТОДОРХОЙЛОХ нь:
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2022/0242 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Б-д олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд тухайн нэгж талбар бүхий газрыг Б.Д-ийн нэр дээр бүртгэл оруулахыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж” шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо:
4.1. Иргэн Ж.Б-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 300 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, "С "-д 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу кадастрын зураг хийлгэж, гэрээ байгуулагдсан мэдээллийн санд баталгаажсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба захирамжийн дагуу гэрчилгээ олгохгүй иргэн намайг хохироосоор өнөөдрийг хүрсэн. Газар зохион байгуулалтын мэдээллийн санд иргэн Ж.Б-ын нэрээр баталгаажсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлд "мэдээллийн сан архивын зурган мэдээлэлд эзэмшигчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн нь хэний газар гэдгийг нь шүүхээс тогтоох боломжгүй" гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан энэ нь иргэн Б.Д-д газар эзэмших эрх олгож байгаа захирамж нь Сүхбаатар дүүргийн *** дугаар хороонд гэж заасан, мөн өөрөө өргөдлөө С амралтын урд гэж бичсэн байхад шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хамаарахгүй өөрийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамждаа “иргэн Б.Дгийн эзэмшлийн газрын хороог буруу бичжээ” гэж дүгнэж байгаагаас харагдана.
4.2. 2021 онд Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт байгааг анхаарч үзээгүй, Дүүргийн Засаг даргын захирамжид заасан хороо байршилд л газар олгох ёстой. Газар зохион байгуулалтын алба дүүргийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Иргэн Ж.Б-ын нэр дээр эрх зүйн харилцаа үүсч гэрээ, кадастрын зураг нь баталгаажсан байхад өөр хороо, өөр байршилд газар эзэмших эрх хүссэн Б.Дгийн шаардлагыг хүлээн авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хороо байршил өөрчилсөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Мөн шүүх иргэн Б.Д-д гэрчилгээ олгосон байна гэж үзэж байна. Уг олгосон гээд байгаа гэрчилгээ нь нэгж талбарын дугааргүй, хаана ямар газар гэдэг нь ойлгомжгүй байхад хууль зүйн дүгнэлт өгч хууль ёсны дагуу эзэмшиж байсан нь баримтаар нотлогдоно.
4.3. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба иргэн учир нь газрын мэдээллийн санд иргэн Ж.Б-ын мэдээлэл бүртгэгдэж баталгаажсан зүйн газрын албан бичиг нотлох баримтаар авагдсан байгаа. Иргэн Б.Д-ийн кадастрын зураг мэдээллийн санд баталгаажаагүй, газар зохион байгуулагчийн зөвшөөрөл олгосноор кадастрын зураг хийлгэх ёстой ийм баримт байхгүй байхад бүрдэл хангасан мэтээр кадастрын зурагтай байна гэж дүгнэж байгаа нь буруу байна. Хувийн компанийн кадастрын зургийг хаана ч хэзээ ч хийлгэж болно.
Б.Дгийн захирамжийн өргөдлийн дугаар нь 839 байхад Ч-ийн Б гэдэг хүний өргөдлийн дугаар 839 гэж давхардуулан бичсэнийг шалгаагүй, 2007 оны архивын мэдээллийн сангаас ирсэн явсан бичигт иргэн Ж.Б-ын 2007 онд хийгдсэн кадастрын зураг байгаа эсэхийг шүүж үзээгүй. Мөн газрын гэрчилгээ олгосон бүртгэлийн дэвтрийг шалгаагүй, кадастрын зураг баталгаажаагүйг тодруулаагүй, тухайн үед газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Ц.Т-г гэрчээр оролцуулаагүй, мөн анхан шатны бүртгэл болох Б.Д-д гэрчилгээ олгосон бүртгэлийг шалгаж тодруулаагүй, уг захирамжийн хавсралтад олгосон 15 дугаар хороонд Б.Дгийн нэр дээр өөр газар байгаа эсэхийг тодруулаагүй. Үүнийг анхаарч үзсэнгүй, иргэн Б.Д нь иргэн Ж.Б-ад гэрчилгээ олгуулахгүй байх бүх талын хаалтыг танил талаараа дамжуулж хийлгэсэн, өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хэн алиных нь зөвшөөрдөггүй маргадаг байснаа 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид Б.Д-гийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь шүүх нэхэмжлэл хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд иргэн Ж.Б-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Ж.Б-аас Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Б-ад олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар:
3.1.1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тусгасан ба үүний дотор 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зохицуулжээ.
3.1.2. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн **** дугаар хороо, С д зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд Б.Дгийн Засаг даргад хандан гаргасан 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтийн дагуу Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар олгосон, 0066749 дүгээр газар эзэмших гэрчилгээ бүхий тус хаягт байрлах газартай давхцаж олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон учир дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
3.1.3. Тодруулбал, гуравдагч этгээд Б.Д нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө Засаг даргад хүргүүлж, газар эзэмших эрх хууль ёсоор бий болсон, хүсэлт гаргах үед хийлгэж байсан 709 м2 талбай бүхий газрын кадастрын зургийн солбицол нь *********** нэгж талбарын дугаартайгаар ЙК62060603 регистрийн дугаартай иргэн Б.Дгийн нэр дээр 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мэдээллийн санд байршиж байсан, мөн нэгж талбарын ******** дугаар бүхий 708 м2 талбайтай газар нь ЧИ******** регистрийн дугаар бүхий иргэн Ж.Б-ын нэр дээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдээллийн санд өөрчлөгдөн орсон болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба тухайн тохиолдолд хариуцагчийг буруутгах, захирамжийн дагуу нэхэмжлэгчид газар эзэмших гэрчилгээ олгохыг даалгах боломжгүй болно.
3.1.4. Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор 15,16 дугаар хороодын нутаг дэвсгэрийг хуваан 15,16,17,**** дугаар хороодын хил хязгаарыг шинэчлэн тогтоосноор гуравдагч этгээд Б.Дгийн эзэмших эрх бүхий газрын байрлал нь газар эзэмшүүлэх захирамж, гэрчилгээ гарах үед 15 дугаар хороонд харьяалагдаж байсан нь одоогийн байдлаар С зуслангийн хэсгийн нутаг дэвсгэр болох **** дугаар хороонд хамаарагдаж байгаа ба энэ талаар хариуцагчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй.
3.1.5. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гуравдагч этгээдээс гаргасан хувийн компанийн кадастрын зургийг нотлох баримтаар үнэлсэн нь буруу..., ...Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба захирамжийн дагуу гэрчилгээ олгохгүй иргэн намайг хохироосоор өнөөдрийг хүрсэн. Газар зохион байгуулалтын мэдээллийн санд иргэн Ж.Б-ын нэрээр баталгаажсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон, ...маргаан бүхий актан дээр “иргэн Б.Дгийн эзэмшлийн газрын хороог буруу бичжээ” гэж дүгнэсэн нь буруу...” гэх давж заалдах гомдол нь дээр дурьдсан байдлаар үгүйсгэгдэж байх тул хүлээн авч, хангах хууль зүйн үндэслэлгүй.
3.2. Мөн гуравдагч этгээд Б.Дгаас Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Ж.Б-ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд тухайн нэгж талбар бүхий газрыг Б.Дгийн нэр дээр бүртгэл оруулахыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий байна.
3.2.1. Нэгэнт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гуравдагч этгээд Б.Д нь маргаан бүхий газрыг эзэмших эрх хууль ёсоор эхэлж үүссэн, газрын кадастрын мэдээллийн санд түүний хийлгэсэн нэгж талбарын дугаар бүхий солбицол орсон байсныг өөрчилсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
3.2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, харин “...иргэн Б.Д нь иргэн Ж.Б-ад гэрчилгээ олгуулахгүй байх бүх талын хаалтыг танил талаараа дамжуулж хийлгэсэн...” гэх гомдол нь тус дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчид 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байхад түүний дагуу гэрчилгээ гаргуулах, гэрээ хийх эрхээ тухайн үед хэрэгжүүлээгүй, газрын төлбөрийг мөн үеэс эхлэн төлөөгүй атлаа 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь уг газрыг тухайн үед эзэмших зайлшгүй шаардлага байгаагүй гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА