Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/630

 

 

 

 

 

 

 

 

  2022           9            16                                    2022/ШЦТ/630

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Энхбат /томилолтоор/,

шүүгдэгч А.Ганбаяр, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Анхбаярын Ганбаярт холбогдох эрүүгийн 2202002990221 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Билэг” их дэлгүүрт лангуу түрээслэн ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны 29 тоотод оршин суудаг, /Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 20 гудамж, 318 тоотод оршин суух бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсэн, Боржигон овогт Анхбаярын Ганбаяр (РД:........................)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Ганбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 11 дүгээр байрны 29 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй, 4,0032 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг холбогджээ.

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч А.Ганбаяр: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэцгээв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны 29 тоотод 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэгжлэг хийсэн тухай: “...оролцогч том өрөөний ертөнцийн зүгээр баруун тийш харсан модон рамтай цагаан цонхны тавцан дээр цагаан өнгийн вааран савтай ногоон таримал байх ба түүний хөрсөн дээрээс оролцогч Ганбаярын бөөрөнхийлж хуйлсан 4 ширхэг бор шавар мэт зүйл, бөөрөнхий хэлбэртэй шавар мэт зүйл, бохирлогдсон гялгар цаас зэрэг зүйл гаргаж өгснийг зиплок уутанд хийж 1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр тавихад 5,1 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Бадрал, Баянмөнх хоёр Баянмөнхийн хар өнгийн, маркийг нь мэдэхгүй машинтай зогсож байсан. Тэгээд машиных нь хойд талын суудал дээр суугаад гурвуулаа Туулын голын бургас орсон. Туулын гол дээр очоод өвс ороож татсан ...миний яриад байгаа Тэмүүлэн гэх залуу мөн байна. 2020 оны 05 дугаар сарын 17-ны орой Туул голын эрэг рүү явж байх үед Бадрал Баянмөнх бид 3 тай хамт өвс хэрэглэсэн. Гэхдээ тэр өвсийг Б.Тэмүүлэн гаргаж ирээгүй Бадрал цүнхнээсээ гаргаж ирсэн...” гэсэн дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 4-10 дахь тал),

 

Тээврийн хэрэгсэлд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэгжлэг хийсэн тухай “...А.Ганбаяр нь тээврийн хэрэгслийн багаж хэсгийг онгойлгон хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, тарианы усны амсар хэсгийг авсан шил 1 ширхгийг гаргаж ирснийг 1 гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтас хэргийн 11-16 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2593 дугаартай дүгнэлт: “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны 29 тоотод хийсэн нэгжлэгээр хураан авсан “шавар” мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут болон “шавар” мэт зүйлээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон (хавтаст хэргийн 55-59 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2594 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны 29 тоотод хийсэн нэгжлэгээр хураан авсан “шавар” мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут болон “шавар” мэт зүйлээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон...” гэхсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63-65 дахь тал),

 

Шүүгдэгч А.Ганбаярын биологийн дээж болох шээснээс ТНС буюу марихуан илэрсэн болохыг тогтоосон хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 537 дугаартай дүгнэлт: “...А.Ганбаяр нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон. (хавтас хэргийн 49-51 дэх тал)

 

Яллагдагч А.Ганбаяр мөрдөн байцаах шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Лакс” баарны гадаа байж байтал нэг залуу тааралдаад өөрийгөө Батмөнх гэж танилцуулсан. Тэгээд зогсож байгаа “тамхи байна уу?” гэж асуусан чинь хураагдсан шаврыг гаргаж өгсөн. Тэгээд тэр залуу “баар руу орж хувцсаа аваад гараад ирье” гэхээр нь тэр шаврыг нь аваад яваад өгсөн. Түүнээс хойш тэр залуутай тааралдаагүй. Би тэр Батмөнх гэж залууг өмнө нь харж байгаагүй. Одоо харвал танихгүй...Би уг шаврыг гэртээ авч очоод ганцаараа нойлынхоо өрөөнд хэрэглэж үзсэн. Тэгтэл хаймар амтагдаж байсан. Би шууд гэртээ унтаж амарсан. (хавтаст хэргийн 79-80 дахь тал)

 

Шүүгдэгч А.Ганбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 86-94, 114 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 101-113 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж А.Ганбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч А.Ганбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 11 дүгээр байрны 29 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй, 4,0032 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь мөрдөн байцаалтын шатанд

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны 29 тоотод 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэгжлэг хийсэн тухай: тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 хуудас/,

            А.Ганбаярын биологийн дээж болох шээснээс ТНС буюу марихуан илэрсэн болохыг тогтоосон хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 17-19 хуудас/,

            А.Ганбаяр нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 537 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-51 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 13- ны өдрийн 2593 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-59 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 2594 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-65 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Ганбаяр мэдүүлэхдээ: “...Баянмөнх гэх хүнээс “шавар” гэх зүйлийг авсан... талаар мэдүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байр зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх тул буруутгах үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилсан.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг тусгайлан хуульчилж, олон улсын гэрээ, конвенцод заасан.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.

 

Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлэгт авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм. 

 

Дээрх хууль зүйн ойлголт зэргээс үзэхэд Нийслэлийн прокурорын газраас Боржигон овогт Анхбаярын Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч  А.Ганбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч: “...шүүгдэгч А.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч А.Ганбаяр урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан, тэр дундаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 зааснаар ял шийтгэгдэж байсан, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлс нь Цагдаагийн ерөнхий хар тамхитай тэмцэх хэлтэст хадгалагдаж байгаа ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100 төгрөгийн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэх, 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах саналтай байна гэв. Энэ бодисыг эмчийн заавраар хэрэглэхээс бусад тохиолдолд хэрэглэхийг хориглосон. Ганбаярын үйлдэлд худалдсан шинж тогтоогдоогүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хадгалсан үйлдэлд нь гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна.. гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...А.Ганбаяр мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж ирсэн. Тиймээс гэм буруутайд тооцох нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын хувьд хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан өөрийгөө илчилсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан. Тухайн шавар гэх нэршилтэй бодис байгаа зүйлийг цагдаагийн алба хаагчид зааж өгсөн. Машинд байгаа эд зүйлсийг мөн зааж өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Үйлчлүүлэгч урьд ял шийтгэгдэж байсан боловч ялтай байдал арилсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хуулийн зорилго оршдог. Ар гэрийн нөхцөл байдал хэцүү, тодорхой хэмжээний ажил эрхэлж байгааг харгалзаж нэг удаа уучилж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. гэж тус тус мэтгэлцэв.

 

          2. Шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурорын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч А.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч А.Ганбаярын эдлэх 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.Ганбаярт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эд мөрийн баримтаар хураагдсан 3,9745 грамм жинтэй “Шавар” мэт сэтгэцэд нөлөөт бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100 төгрөгийн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэх, 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Анхбаярын Ганбаярыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар     шүүгдэгч А.Ганбаярыг 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эд мөрийн баримтаар хураагдсан 3,9745 грамм жинтэй “Шавар” мэт сэтгэцэд нөлөөт бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100 төгрөгийн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэх, 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ