| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2018/00435/И |
| Дугаар | 505 |
| Огноо | 2018-11-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 505
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 4-р баг, ..................... тоотод оршин суух, ******* овогт Г.О /регистрийн дугаар:.................
Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 12 хороо, Чулуут амины орон сууцны.................тоотод оршин суух. ******* овогт Ц.Н /регистрийн дугаар:................../
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад авч, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Н , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н тэй 2012 оноос 2015 он хүртэл хамтран амьдарч байсан. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2013 оны 11дүгээр сарын 29-нд охин Н.Ц төрсөн. Ц.Н өөр хүүхэнтэй харьцаж гэр орондоо ирэх нь цөөрч хэл амаар доромжилж тайван амьдрах нөхцөл бүрдэлгүй байгаад салсан. Иймд Ц.Н эр охин Цахирмаад тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Ц.Н бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 30 минутад шүүх хуралтай байсан боловч тус өдрийн 10 цагт Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэг дээр аав маань бөөрний хагалгаанд орж байгаа тул миний бие шүүх хуралд оролцож чадахгүй тул миний эзгүйд шүүх хурлыг нааштайгаар шийдэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ц.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймаг Даланзадгад сумын харъяат Г.О ийн гаргасан нэхэмжлэлийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны ................тоот РД:.................... миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа мэдэгдэж байна. Хариуцагч Ц.Н миний бие охин Цахирмаадаа тэтгэлэг гаргуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүүхэдтэйгээ сард нэг удаа ч юм уу, ажлынхаа заваар уулзаж байх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Г.О ийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 4601000879 дугаартай Н.Ц гийн төрсний гэрчилгээний хуулбар, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ц.Н ий хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.О нь Ц.Н д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.О , Ц.Н нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй дотно харилцаатай байх үедээ 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Н.Ц г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн Н.Ц нь эрүүл бойжиж буй тодорхойлолт, Н.Ц гийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Г.О ийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Н.Ц гийн эцгийг захиргааны журмаар тогтоож, эцгийн нэрийг авсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Ц.Н эс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Н.Ц д сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд охин Н.Ц г хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Ц.Н д даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын охин Н.Ц нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.
Нэхэмжлэгч Г.О нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.О д шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх тухай хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, ******* тоотод оршин суух, ******* овогт Ц.Н эс /регистрийн дугаар:..................../-ээс 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Н.Ц г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Ц.Н эс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар охин Н.Ц г хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Ц.Н д, эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх Г.О д тус тус даалгасугай.
4. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.О ийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н эс 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Г.О д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР