| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00331/и |
| Дугаар | 00439 |
| Огноо | 2018-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 00439
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалжхийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий132/2018/00331/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд төрсөн, дээд боловсролтой, Хаан банкны хууль, эрх зүйн газрын хуулийн зөвлөх, Ш овогт С.Г
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1989 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Шийдвэр гүйцэтгэхийн байр-нд оршин суух, Э овогт Б.А нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч Хаан банкны Булган салбар болон төлбөр төлөгч Л.Д тай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэж байгаа Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Л.Д 147126250 төгрөгийг гаргуулж Хаан банкны Булган салбарт олгож, уг хэрэгт битүүмжлэгдсэн Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Өгөөмөр гудамжны 2-44 тоотод байрлах 154 мкв талбай бүхий сууц, 491 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, 53 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 1578 кмв газрыг уг төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн билээ. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээ тогтоолгож төлбөр төлөгчийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Тольдох оюуны өгөөж ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн 1/395 дугаар мэдэгдэлд төлбөрт тооцуулахаар дээрх эд хөрөнгө болох 154 мкв талбай бүхий хувийн сууц, Г-0406000013 дугаартай 491 мкв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 122729807 төгрөгөөр, Ү-0406000007 дугаартай 53 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-000429615 дугаартай 1578 мкв талбай бүхий газрын хамт 18165089 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч Хаан банкны Булган салбар хүлээн зөвшөөрөх бодит боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс өндөр, бодит байдалд нийцэхгүй гаргасан гэж үзэж байна. Тус үнэлгээний газрын бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой, уг үнэлгээгээр худалдан борлуулагдах боломжгүй байна. Уг эд хөрөнгүүдийг эрүүгийн хэрэг шалгагдаж байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаагийн хөрөнгийн үнэлгээ хийлгэж Бизнес хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний Голд стандарт эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 53710260 төгрөгөөр үнэлэгдсэн байхад Тольдох оюуны өгөөж ХХК нь 122729807 төгрөг, 18165089 төгрөгөөр тус тус үнэлсэн нь илтэд үндэслэлгүй үнэлгээ хийгдсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 18/103, 18/105 тоот шинжээчийн хөрөнгийн үнэлгээг буюу 154 мкв талбай бүхий хувийн сууц, Г-040600013 дугаартай 491 мкв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 122729807 төгрөгөөр, Ү-0406000007 дугаартай 53 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-000429615 дугаартай 1578 мкв талбай бүхий газрын хамт 18165089 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг эд хөрөнгийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад санал зөрсөн. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18040176/05, 18040176/06 дугаар шинжээчийн томилох тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн аудитын байгууллага болох Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээч Д.Отгонцагааныг томилсон. Шинжээч Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн Өгөөмөрийн 2-44 тоотод байрлах 491 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 154 мкв талбай бүхий хувийн сууцыг 122729807 төгрөгөөр, Булган аймгийн Гурванбулаг сумын хуучин нэгдлийн зочид буудлын хажуу талд байрлах 53 мкв талбайтай хувийн сууц, 1578 мкв талбайтай газрыг 18165089 төгрөгөөр тус тус үнэлсэнийг тус газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдөр талуудад танилцуулсан. Төлбөр гаргуулахаар хураасан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээг тогтоолгосон бөгөөд үнэлгээний байгууллагын үнэлгээ, дүгнэлтийг тус газраас өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 147126250 төгрөг гаргуулж Хаан банкны Булган салбарт олгож, Л.Д ын эзэмшлийн 154 мкв талбай бүхий хувийн сууц, Г-0406000013 дугаартай 491 мкв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 122729807 төгрөгөөр, Ү-0406000007 дугаартай 53 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-000429615 дугаартай 1578 мкв талбай бүхий газрыг тус тус төлбөрт тооцуулахаар шийдвэрлэж, тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18040176/01, 18040176/03 тоот Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, мөн өдрийн 18040176/02 тоот Эд хөрөнгийг хураасан тогтоол, тэмдэглэлээр тус тус Л.Д ын эзэмшлийн 154 мкв талбай бүхий хувийн сууц, Г-0406000013 дугаартай 491 мкв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 122729807 төгрөгөөр, Ү-0406000007 дугаартай 53 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьект, Г-000429615 дугаартай 1578 мкв талбай бүхий газрыг тус тус битүүмжилж, хураажээ.
Төлбөр төлөгч битүүмжилсэн хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөнсанал өгсөн, төлбөр авагч үнийн саналыг зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргаж, хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 18040176/05, 18040176/06 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор Тольдох оюуны өгөөж ХХК-ийг томилж, шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Ш/18/103 тоот дүгнэлтээр Л.Д ын эзэмшлийн 154 мкв талбай бүхий хувийн сууц, Г-0406000013 дугаартай 491 мкв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлэхдээ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зардлын аргаар тооцоход хэрэглэх 1 мкв талбайн жишиг нормативийг холимог бүтэцтэй гэж үзээд 1290600 төгрөг, түүнд хэрэглэх байгалийн зарим хүчин зүйлийн нөлөөллийг 1.18, тээврийн зардлын итгэцүүрийг 1.01 зэргийг хуульд хуульд заасан нормативын дагуу үндэслэн тооцооллыг гаргасан болно гээд 514мкв*1290600*1.18*0.75*0.95*1.01=15527032381 төгрөг болсноос элэгдэл нь барьу байгуулсан, худалдаж авснаас хойшихыг тооцож 34504516 элэгдсэн гэж үзээд 120765807 төгрөгийн үлдэх өртгийн зах зээлийн үнэтэй гэж үнэлжээ. /хх-67-79/ Шинжээч нь 154 мкв талбай бүхий хувийн сууцны зах зээлийн үнэлгээг тогтоох байтал тогтоолд дурьдагдаагүй 514 мкв бүхий хувийн сууцны зах зээлийн үнэлгээ тогтоосноор шинжилгээний овъектын талбайн хэмжээнд 360 мкв-ийн зөрүү үүсгэсэн, хэрэгт авагдсан шинжээчийн 2018оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Ш/18/103 тоот дүгнэлт хуудсаар 1-20 дугаарт дугаарлагдсан байхаар байтал 12-18 дугаар хуудас байхгүй, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Ш/18/105 тоот дүгнэлтхуудсаар 1-17 дугаарт дугаарлагдсан байхаар байтал 4-5, 11-15 дугаар хуудас байхгүй /хх-68-89/ байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах тодорхой ажиллагааг явуулах, энэ ажиллагаатай холбоотой хийгддэг бусад ажиллагааг /албадан дуудлага худалдааны үнэ, дэнчингийн хэмжээг тодорхойлох г.м/ хийх боломжгүйд хүргэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барилга, газрыг хурааж улмаар төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар барагдуулаагүй тохиолдолд дээр дурдсан хөрөнгийг албадан дуудлага хуралдаанд оруулах нь шийдвэр гүйцэтгэх үндсэн ажиллагааны нэг юм.
Гэтэл Л.Д ын эзэмшлийн 154 мкв талбай бүхий хувийн сууц, Г-0406000013 дугаартай 491 мкв бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээг тогтоохдоо хувийн сууцны мкв-ийн хэмжээ 154 мкв талбай бүхий байхад 514 мкв талбайгаар тооцож үнэлсэн нь илтэд алдаатай болжээ.
Шүүхийн шийдвэр гүйцтэгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээч хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлэн явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй тул Тольдох оюуны өгөөж ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн байдлаар явуулах боломжгүй байна.
Иймд Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг, Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Ш/18/103 тоот үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг,Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ш/18/103 тоот үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ