Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 00440

 

  Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалжхийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага бүхий 132/2018/00375/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд төрсөн, дээд боловсролтой, Хаан банкны хууль, эрх зүйн газрын хуулийн зөвлөх,  Ш овогт С. Г

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1982 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч,  Ш овогт Ч.Д нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч Хаан банкны Булган салбар болон төлбөр төлөгч Ц.Д , Ш.Б нартай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 543 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Д , Ш.Б нараас 38104601 төгрөгийг гаргуулж Хаан банкны Булган салбарт олгож, зээлийн барьцаанд битүүмжлэгдсэн Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн 28 дугаар байрны урд байрлах Ү-0416000121 дугаартай, 40 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-051000017 дугаартай, 40 мкв хэмжээтэй газрыг уг төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн билээ. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээ тогтоолгож төлбөр төлөгчийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Тольдох оюуны өгөөж ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 1/416 дугаар мэдэгдэлд төлбөрт тооцуулахаар дээрх эд хөрөнгө болох Ү-0416000121 дугаартай, 40 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-051000017 дугаартай, 40 мкв хэмжээтэй газрыг нийт 28632583 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хаан банкны Булган салбар хүлээн зөвшөөрөх бодит боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс өндөр, бодит байдалд нийцэхгүй гаргасан гэж үзэж байна. Тус үнэлгээний газрын бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой, уг үнэлгээгээр худалдан борлуулагдах боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 18/123 дугаар шинжээчийн хөрөнгийн үнэлгээг буюу Ү-0416000121 дугаартай, 40 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-051000017 дугаартай, 40 мкв хэмжээтэй газрыг нийт 28632583 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг эд хөрөнгийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад санал зөрсөн. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18/05-04, 18/05-05 дугаар шинжээчийн томилох тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн аудитын байгууллага болох Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээч Д.Отгонцагааныг томилсон. Шинжээч Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн 3-8 тоотод байрлах 48 мкв талбайтай хувийн сууц, 1067 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 10453380 төгрөгөөр, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн 28 дугаар байрны урд байрлах 40 мкв худалдааны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 40 мкв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг 28632583 төгрөгөөр тус тус үнэлсэнийг тус газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр талуудад танилцуулсан. Төлбөр гаргуулахаар хураасан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээг тогтоолгосон бөгөөд үнэлгээний байгууллагын үнэлгээ, дүгнэлтийг тус газраас өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс өндөр, бодит байдалд нийцэхгүй гаргасан гэж тайлбарласан ба харин хариуцагчийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж маргасан байна.

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 543 дугаар захирамжаар Ц.Д , Ш.Б нараас 38104601 төгрөгийг гаргуулж Хаан банкны Булган салбарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ц. Д, Ш.Б нарын өмчлөлийн Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн 28 дугаар байрны урд байрлах Ү-0416000121 дугаартай, 40 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-051000017 дугаартай, 40 мкв хэмжээтэй газрыг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч төлбөрөө төлөөгүйгээс уг эд хөрөнгийг хураан авч дахин төлбөр төлөх хугацаа тогтоосон байна. Тухайн хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч буюу өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад тэд үнийн санал өгөөгүй, үнэлгээчнээр үнэ тогтоолгох санал гаргаснаар шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилжээ.

Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасантай нийцсэн, хуульд заасан журам зөрчөөгүй байна.

Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан журмын дагуу шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байх тул нэхэмжлэгчийн Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс өндөр, бодит байдалд нийцэхгүй гаргасан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь шинжээч үнэлгээ тогтоохдоо зах зээлийн үнэ ханш, байршил зэргийг харгалзан үзээгүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгч Хаан банкны Булган салбариыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлттэй 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр танилцаж, нэхэмжлэлээ 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартхолбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ