| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2018/00446/И |
| Дугаар | 00469 |
| Огноо | 2018-08-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 00469
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1985 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд физикийн багш ажилтай, Д овогт Б. Б ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1987 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган сумын хот тохижуулах газарт жолооч ажилтай, , Их хүлэгч овогт Х. С холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00446/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Х.С , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.С тэй 2010 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2013 онд гэр бүл болсон. Энэ хугацаанд 2013 онд 2015 онд 2 охин төрүүлж эрүүл саруул бойжуулж байна. Х.С тэй хамтран амьдрах хугацаанд архи ууж, хэл амаар доромжилж зодох явдал их гардаг байсан. Би засрах болов уу гэж найдаж өдийг хүрсэн. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эвлэрүүлэн зуучлахаар орж эвлэрсэн боловч үүнээс хойш 2 сарын дараагаар Х.С согтуу ирж намайг зодож, толгой чамархай руу байнга цохидог учраас миний нүдний хараа муудаж, тархи толгойдоо доргилт авсан. Мөн шүдэнз асааж толгойтой үсрүү шидэж, тамхины галаа нүүрэнд унтрааж, хэл амаар байнга доромжилдог учир цаашдаа тэвчиж амьдарч чадахгүй. Би 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авна. Бидний гэрлэлтийг цуцалж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хань ижил үр хүүхдүүдийнхээ аав нь байж асран хамгаалж, хайр халамжаар дутаасандаа ихэд ичиж байна. Иймд миний бие хань ижил үр хүүхэдтэйгээ хамт байж элэг бүтэн амьдарч, өөрийн алдаа дутагдлаа ахиж гаргахгүй сайн сайхан амьдарлын төлөө зүтгэж амьдрахаа илэрхийлж байна. Миний хань гаргасан алдаа дутагдлыг минь уучилж, элэг бүтэн амьдрах итгэл найдвар ханьдаа ахин олгооч, хань нь хэлсэн үг хийсэн алдаандаа ихэд гэмшиж байна. Ханьдаа үр хүүхдүүдээ хайртай шүү. Намайг уучлаарай. Би архи уусан үедээ агсам тавьж эхнэр, үр хүүхдээ зоддог нь үнэн гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.С эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Б.Б , Х.С нь 2013 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин С.Б, 2015 оны 04 дугаар сарын 12-ны өдөр охин С.Н нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр Х.С архи уусан үедээ доромжлох, зодох зэргээр байнга дарамталж, гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Эхнэр нь жирэмсэн... ...тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэж заасан хэдий ч хариуцагч Х.С ийн байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл бий болсон, гэрлэгчид зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин С.Б, 2015 оны 04 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин С.Н нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг Х.С ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан Д овогт Б. Б, Их хүлэгч овогт Х. С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин С.Б, 2015 оны 04 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин С.Н нарыг эх Б.Б гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин С.Б 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2015 оны 04 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин С.Н 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Х.С ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Б д даалгасугай.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.С ээс 120209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөг гаргуулж, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д, 50009 /тавин мянга ес/ төгрөгийг Төрийн санд тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ