Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 497

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ханхонгор сум, Өгөөмөр .................... худаг гэх газар оршин суух, Тайж овогт А.С /регистрийн дугаар:................./

        Хариуцагч: Өмнөговь аймаг Ханхонгор сум, ................... гэх газар оршин суух, Ганзав овогт Э.Ө /регистрийн дугаар:..................../

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С , хариуцагч Э.Ө , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.С  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.Ө той 2012 оноос 2018 оны 07 сар хүртэл хамтран амьдарсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд 2014 оны 03 сарын 17-нд охин Ө.М , 2015 оны 06 сарын 11-нд охин Ө.Мө  нар төрсөн. Одоо охин Ө.М  4 настай, Ө.Мө  3 настай. Э.Ө  нь архи ууж, зодох мөн элдвээр доромжилдог байсан. Тэгээд сүүлдээ гэр бүлтэй болоод явсан тул надад амьдрахад хэцүү болсон. Иймд хариуцагч Э.Ө оос охин Ө.М , Ө.Мө  нартаа тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Э.Ө оос өөрийн хөрөнгийн хагас болох тэмээгээ авах хүсэлтэй байна. Уг тэмээ нь таван ботготой ингэ буюу 10 ширхэг тэмээ болно. Уг тэмээгээ зах зээлийн үнэ 5.000.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Эвлэрэн хэлэлцэх хүсэлт байхгүй. Хамт амьдарч байсан боловч хүүхдээ төрүүлээд тусдаа амьдарсан. Хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бид хоёр 10 ботготой ингэ худалдаж авсан. Дундын эд хөрөнгө болох 5000000 төгрөгийн тэмээгээ авах хүсэлтэй байна. Буцаж нийлээд хамт амьдрах гэсэн боловч салсан байж ичихгүй байна уу гээд ээж, эгч хоёр нь хэл амаар доромжилдог. Хариуцагч хүүхдүүдээ огт харж ханддаггүй. 7 жил хамт амьдрахад надад 1000 төгрөг ч өгч байгаагүй. Төрөөд удаагүй байхад хариуцагчийн ах нь намайг зодоод би борооноор найзындаа очиж хонож байсан. Одоо 3,4 настай 2 хүүхэдтэйгээ уулзах байх гэж бодоод хүүхдүүдээ авч ирсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирсэнгүй байна гэв.

Хариуцагч Э.Ө  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн харъяат Э овогтой Э.Ө  би А.С тай 2012 оноос нэг гэр бүл болж амьдарсан билээ. Бид хоёрыг хамтран амьдарч байх хугацаанд 2 охин төрсөн. Ө.М , Ө.Мө  нар нь миний хүүхдүүд мөн юм. Хамт амьдарах хугацаанд гэрлэлтээ баталгаажуулаагүй байсан. Гэхдээ би гэр бүл батлуулаагүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн шалтгаан гаргаж байсан удаа байхгүй. Харин амьдрал ахуйгаа бодож хань ижил болон хоёр охиноо юугаарч дутаахгүй хүний дайтай явуулахын тулд чадлынхаа хирээр зүтгэж бүхий л зүйлийг энэ гурвынхаа төлөө зориулж ирсэн.

Гэтэл миний гэр бүлийн хүн А.С  нь өөрөө гэр бүл салгах шалтгаан гаргаж 2018 оны 07 дугаар сараас хоёр охин бид гурвыг хаяад хувийн жаргал хөөн өөр хүнтэй эр эмийн харьцаа үүсгэн самуурч явсан хүн билээ. Үүнийг манай нутаг усны олон хүн мэднээ.

Миний хувьд хоёр охиноо амьдын хагцалд оруулж гэр бүлээ өдий зэрэгтэй болгосон амьдралаа юу ч үгүй болгох хүн чанаргүй хатуу сэтгэл амьдралаа бодвол би амьдралаа бодоход татгалзах юм байхгүй. Харин эвлэрэх боломжгүй тэр чигтээ салъя гэвэл би хоёр охиноо өөр дээрээ авах саналтай байна. Энэ хүний хувьд бага насны хоёр охиныг минь хүний дайтай авч яваад хүний зэрэгтэй хүмүүжүүлээд явж чадах хүн биш гэдгийг надаас гадна олон хүн мэдэх учраас хоёр охиноо би ясан ч энэ хүнд үлдээж зүрхлэхгүй байна.

Энэ гэр бүл салах болсон шалтгаан мөн энэ хүн надаас салж явсанаас хойш гаргаж байгаа ааш авир араншинг нь та бүгд мэдвэл сонсвол миний үгийг үнэн юм гэдгийг ойлгох болно. Би амьдарч байх хугацаандаа архи ууж агсан тавьж даралж байсан удаа байхгүй. А.С  нь надаас салж явснаас хойш бидний мал болон хонь, ямаа төлтэйгээ нийлсэн 400 орчим малны малыг нь ялгаж туугаад явсан. Сүүлд нь эзгүй бууцан дээр очоод хоёр пингийн цонхийг нь эвдэлж онгойлгоод дотор нь байсан өнгөтэй өөдтэй бүх юмыг аваад явсан байсан. Үүнд: Мөнгөн аяга, цахилгаан мотоор, DDSH-ийн антен, зуух, бууцны гэрчилгээ гэх мэт эд зүйл бүгдийг нь дурдаад яахав надад нөмөрч унтах хөнжил үлдээгээгүй байсандаа.

Тонож дээрэмдсэн юм шиг л болсон байсандаа. Энэ хүний хувьд анх гэр бүл болохдоо аав ээж хоёр нь гурван ботготой ингэ өгсөн түүнээс 2 ингэ нь удаагүй өсөж үржээгүй цаг үеийн байдал ч нөлөөлсөн л байх өвчин эмгэг туссан ч юм уу хорогдсоныг А.С  болон аав нь сайн мэдэж бйагаадаа. Одоо анх авч ирсэн тэмээнээс нь нэг л ингэ үлдсэн. Харин энэ ингэ бол өсөж үржээд байж байгаа. Тиймээс энэ хүний нэхэмжлэлд дурьдсан 5 ботготой ингэ нь байхгүй. Энэ бол ор үндэслэлгүй зүйл юм.

Мөн А.С  нь надаас салж явснаас хойш өөр хүнтэй эр эмийн харьцаанд орж одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгааг олон хүн мэдэж байгаа. Мөн Надаас мөнгө төгрөг олон удаа нэхсэн бол 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 09 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөгийг энэ хүний өөрийнх нь Хаан банкны дасруу нийт 4.500.000 төгрөг шилжүүлж өгсөн баримтыг хавсаргав гэжээ.

Хариуцагч Э.Ө  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох А.Самбын  нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 4634000019 дугаартай Ө.Ө.М , 4634000015 дугаартай Ө.Ө.Мө  нарын төрсний гэрчилгээний хуулбар, “Ханхонгор сумын” өрхийн эрүүл мэндийн төвийн Ө.Ө.М , Ө.Ө.Мө  нар нь эрүүл бойжиж буй тодорхойлолт, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 316 дугаартай Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолт, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э.Ө ийн хариу тайлбар, нэхэмжлэгч А.Самбын хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.С  нь Э.Ө од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

А.С , Э.Ө  нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй дотно харилцаатай байх үедээ 2014 оны 03 дугаар сарын 17-ны  өдөр охин Э.Ө.М , 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Ө.Ө.Мө  нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Ханхонгор сумын” өрхийн эрүүл мэндийн төвийн Э.Ө.М , Э.Ө.Мө  нар нь эрүүл бойжиж буй тодорхойлолт, Э.Ө.М , Э.Ө.Мө  нарын төрсний гэрчилгээний хуулбар  зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх А.С-ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Э.Ө.М , Э.Ө.Мө  нар нь эцгийг захиргааны журмаар тогтоож, эцгийн нэрийг авсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Э.Ө оос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Ө.Ө.М , Ө.Ө.Мө  нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд охин Ө.М , охин Ө.Мө  нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Э.Ө од даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Ханхонгор сумын” өрхийн эрүүл мэндийн төвийн Э.Ө.М , Э.Ө.Мө  нар нь эрүүл бойжиж буй тодорхойлолтоор зохигчдын охин Э.Ө.М , Э.Ө.Мө  нар нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

Нэхэмжлэгч А.С  нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг ....................... багийн оршин суух, Ганзав овогт Э.Ө /регистрийн дугаар:........./-өөс 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн Ө.Ө.М , 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ө.Ө.Мө  нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Э.Ө оос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Э.Ө.М , Э.Ө.Мө  нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Э.Ө , эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад хийхгүй байхыг эх А.С д тус тус даалгасугай.

4. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.С  нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ө оос 70.200 төгрөгийг нэхэмжлэгч А.С д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР